Хайр, харуусал
Монгол Улсын 27 дэх Ерөнхий сайдыг хамгийн удаан ажилласан гэсэн гуншинтайгаар суудлаас нь буулгаснаас хойш 10-аад хоногийн хугацаа өнгөрч байна. Н.Алтанхуягийг МАН-ынхан биш АН-ынхан өөрсдөө унагаасан гэдгийг дахин давтах нь улиг ч ул болоогүй асуудал. АН-ынхан хэрхэн түгжилддэгийг бодитоор нь харуулсан шигээ матрын нулимсыг яаж унагахаа ч мэддэг аж. Өнгөрсөн баасан гаригт болсон ҮЗХ-ны хурлын үеэр Н.Алтанхуяг намын даргын албан үүргээ өгч байгаагаа мэдэгдсэнээр АН-ынхан түүнд хайр, харууслаа зэрэг илэрхийлэв. АН-ын ялалтыг үргэлжлүүлж, эв нэгдлийг сахих үүрэг авсан З.Энхболд тамгаа гардан авсныхаа дараа "Алтанхуягийг АН-ын хамгийн хамгийнаар" өргөмжлөв. Ерөнхий сайдаас суудлаас буухад нь бодит хувь нэмрээ оруулсан тэрбээр намын даргын албан тушаалаа өгөхөд нь баярласандаа бархирах шахсан байх. Тэгээд бүр өөрт нь намын тамгаа өгсөнд нь талархаад бараагүй биз. Тиймдээ ч Н.Алтанхуягийг амаа олохгүй магтсан хэрэг. “Н.Алтанхуяг бол хамгийн хамгийн гэсэн тодорхойлолттой хүн. Н.Алтанхуяг гэдэг улстөрч АН-д хамгийн олон жил намын дарга хийсэн. Бас ардчилсан намын түүхэнд хамгийн олон ялалтыг авчирсан. Үүнээс гадна хамгийн сайн эв нэгдлийг сахигч улстөрч гэж би боддог. Тиймдээ ч намынхаа эв нэгдлийг сахиулахын тулд өнөөдөр намын даргын албаа өглөө. Таны хийж хэрэгжүүлж байсан бүхнийг үргэлжлүүлж, эв эеийг сахин, ялалтын тань буухиаг үргэлжлүүлнэ гэдгээ хэлье" хэмээн бялууруулсан. Дээр нь ҮЗХ-ны хуралд суусан нөхөд Н.Алтанхуягт Чингисийн одон өгөх ёстой хэмээн баяр дээр баяр нэмэв. Тэд Н.Алтанхуягийг "сайн зохион байгуулагч төдийгүй, сайн удирдан манлайлагч байсан ч улс төрийн шахалт хавчилт, хор найруулсан “жүжиг”-ийн золиос болж ажлаа өглөө" хэмээн харууслаа илэрхийлээд авсан. Ямархан их хайр, яасан их харуусал вэ. АН-ын даргаар зургаан жил, Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр жил ажиллахдаа тэр ийм их хайрыг амсаагүй гэдэгт итгэлтэй байна. Ингэж их хайрлуулахыг мэдсэн бол эртхэн ажлаа өгөх минь яав гэж Н.Алтанхуягийн өмнөөс харамсмаар.
б
Н.Алтанхуягт "хайртай"-даа энэ бүхнийг дурдсангүй. Зөвхөн АН-д итгэж, Монгол гэх тусгаар улсын төрийг бариулж байгаадаа энгийн сонгогч нь харамссан хэрэг. Энэ намд тулах цэг байдаггүйг ганцхан сандал, ширээний асуудал харуулж байна. Хэдхэн хоногийн өмнө УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, Р.Амаржаргалыг олонхын саналаар дэмжсэн. Гэтэл өчигдөрхөн Ч.Сайханбилэгийг мөн л олноороо дэмжив. Толгойгоо хаана гээчихсэн юм бэ. Уг нь АН гэгч нэг л бүхэл субект. Дотроо "Алтангадас" нь гялалзана уу, "Шонхор" нь дэвнэ үү нийгэмд падгүй. Эцсийн шийдвэр АН-ынх л гэж гарна. Гэтэл нэг асуудлаар хэдэн өөр шийдвэр гаргаж, арван таван толгойтой мангас шиг аашлахын хэрэг байна уу.
х
АН-ын тамын тогоонд буцалж, арай гэж гарсан шийдвэрийг нь одоо МАН-ынхан гацааж магадгүй нь. МАН-ынхан Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаахыг зорьсон, хүссэндээ ч хүрсэн. Гэтэл унагаасан багийн нэг баагий дараагийн ээлжинд зогсчихсон, дэмжлэг авахаар горилж байгааг хэрхэн хүлээж авахаа МАН-ынхан мэдэхгүй байна. Ч.Сайханбилэгийг хичнээн савандаж вокдсон ч тэр Н.Алтанхуягийн баг. Эндээс нь харвал Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болж чадахгүй. МАН-ын 26, өөрийнх эсэргүү нартай нийлэхэд түүнийг дөмөгхөн түлхээд унагаана. Харин МАН-ынхан анхны зорилгоо хойш тавьж, төрийн ажлыг гацаасан гэх муу нэрнээс зугтахыг хүсвэл Ч.Сайханбилэгийг дэмжихээс өөр аргагүй. Энэ мэтээр өлгөөд авчих дорвитой гарцгүй цааш үргэлжлэх тамын тогооны эхлэлийг АН-ынхан тавьсан. Өөрсдөө ч тэндээсээ гарч чадахгүй живэхдээ тулаад байна.
б
В.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ