Ерөнхий шүүгч Ц.Зориг ОУЭШ-д айлчлал хийв
Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг тэргүүтэй төлөөлөгчид Олон улсын Эрүүгийн шүүхийн Ерөнхийлөгч бөгөөд шүүгч ноён Сон Сан-Хюны урилгаар энэ сарын 12-17 өдрүүдэд Нидерландын Гаага хотноо албан ёсны айлчлал хийлээ.
s
Олон улсын Эрүүгийн шүүхийн Ерөнхийлөгч бөгөөд шүүгч ноён Сон Сан-Хюн нь Ерөнхий шүүгч Ц.Зориг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна. Уулзалтын үеэр хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага судлах, ОУЭШ-ийн шүүгчийг сонгон шалгаруулах журам, шүүгчид тавигдах шаардлага зэрэг асуудлуудыг хөндөн ярилцжээ.
s
Айлчлалын үеэр ОУЭШ-ийн Прокурорын ажлын албаны удирдах албан тушаалтнуудтай уулзалт хийхээс гадна шүүн таслах ажиллагааны болон тамгын газрын өдөр тутмын үйл ажиллагаатай танилцсан байна.
s
Дашрамд дуулгахад, Олон улсын Эрүүгийн шүүхийн үйл ажиллагааны үндсэн гол баримт бичиг болох Олон Улсын Эрүүгийн Шүүхийн Ромын Дүрмийг 1998 онд баталж байжээ. Манай улс 2002 онд соёрхон баталсан ба 2011 оны 7 дугаар сард Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ерөнхийлөгч, ноён Сон Сан-Хюн манай улсад анх удаа албан ёсны айлчлал хийж байсан гэнэ.
s
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ