Иргэдийн нийтийн хурал хууль бус болдог талаар гомдоллов
МАН-ын Удирдах зөвлөл болон УИХ дахь МАН-ын бүлгээс санаачлан ард иргэдийнхээ санал сэтгэгдлийг сонсох, ахуй амьдралтай танилцах, улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар бодитой мэдээлэлээр хангах, тэдний санал бодлыг сонсч үйл ажиллагаандаа тусгах зорилго бүхий “Иргэдийн цаг” хэмээх аяныг эхлүүлсэн билээ. Аяны үйл ажиллагаа энэ сарын 13-наас Дорноговь, Говьсүмбэр, Сүхбаатар аймгаас эхэлсэн. Харин нийслэлд Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн иргэд болон худалдаа эрхлэгчидтэйгээ уулзсан. Харин өнөөдөр уг аян Баянгол дүүрэгт үргэлжиллээ. Д.Дэмбэрэл гишүүнээр ахлуулсан багийнхан Баянгол дүүргийн есдүгээр хорооны үйл ажиллагаатай танилцсанаар ажлаа эхэллээ. Тус хорооны хамгийн тулгамдсан асуудал бол гэр хорооллын усан сангийн барилга бариулах ажил гэнэ. Гэвч усан сан, худаг барих нь өндөрлөг газар болон хөрсний бохирдлоос үүдээд шинээр барихад хүндрэл гарч байгаа аж. Түүнчлэн тус хороонд сургууль байхгүй, ганцхан цэцэрлэгтэй байгаа нь асуудал болж байгаа юм байна. Тиймээс ч иргэд иймэрхүү тулгамдсан асуудлыг хурдан шийдэж өгөөч гэсэн хүсэлтийг тавьдаг хэмээн хорооны Засаг дарга ярьж байлаа.
б
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлийг туршлагатай улстөрч, парламентын дарга байсан хүний хувьд түүнд зовлон жаргалаа ярьж, хов зөөхөөр олон хүн цугласан байлаа. Тэд баг бол төрийн үйлчилгээний хамгийн анхдагч нэгж. Гэтэл төрийн үйлчилгээ иргэдэд төдийлөн хүрэхгүй байна. Хамгийн наад захын жишээ гэхэд багийн иргэдийн нийтийн хурал хуралдахаа болиод удаж байна. Иргэдийн нийтийн хурлыг хууль бусаар явагдаж байна гээд шүүхийн шийдвэр гарсан. Гэвч одоог хүртэл зүй зохисдоо орохгүй байна. Иргэдийн нийтийн хурал ердөө аравхан минут болдог. Тэгсэн хэрнээ иргэдээ намчирхаж ялгаж үздэг гэж байлаа.
б
Тус хорооны Иргэдийн нийтийн хурлын болон хорооны Засаг даргаар ажиллаж байсан Н.Гомбосүрэн гуай “Иргэдийн нийтийн хурлын дарга гэх н.Мөнхбат гэдэг хүнийг нэг ч удаа хараагүй. Мөн тус хороонд хэрэггүй орон тоо их байна. Хорооны зарим ажилтан хүмүүстээ үйлчилж чаддаггүй. Түүнчлэн тус хорооны иргэдийг С.Эрдэнэ гишүүний хэмээх “Гурван тамир” амралтын газар амраадаг. Гэвч иргэдийн дунд амралтын зардлыг С.Эрдэнэ гишүүн гаргадаг гэсэн буруу ойлголт байдаг. Угаасаа хуулиар ахмад настныг улсын амралт сувиллын газарт амраавал 50 хувийг нь улс даадаг. “Гурван тамир” амралтын газар тав хоног үнэгүй амраадаг” хэмээн гомдоллож байв. Энэ бүх мэдээллийг сонссоны дараа Д.Дэмбэрэл гишүүн энэ амралтын газрын талаарх ард иргэдийн ойлголтыг цэгцлээрэй гэв. Мөн 2015 оны төсөв батлах үеэр зарим орон тоог цомхотгох талаар шийдсэн. Тиймээс хороон дээр ажиллаж байгаа давхардсан орон тоог багасгах хэрэгтэйг зөвлөв. Түүнчлэн Иргэдийн нийтийн хурлыг цаг тухайд нь хуралдуулж, иргэдийнхээ шийдвэрийг сонсож ажил хэрэгтээ тусгах талаар хэлсэн юм.
б
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ