МАН үнэд орох цагаар...
Засаглал өөрөө тэнцвэрээ алдсан энэ цаг үеийн аль ч Засгийн газар туйлын
хэврэг байх юм. Намдаа дургүй хүрсэн хэн нэг нь “Элсний 13”-ын фракц бий
болгоод хүссэнээрээ улс төрийн тоглолт хийх боломжтой. Гэтэл шинээр эмхэлэгдэн байгуулагдах
Засгийн газар эрс шийдэмгий алхам хийх шаардлагатай тулгарна. Төрийн гурван
өндөрлөгийг атгасан АН өнгөрсөн хугацаанд бүхнийг тулгаж МАН-аас хариугаа авч
чадаж байлаа. Орон нутагт ч тэдний хаанчлал бараг төгс гэмээр бүтэцтэй байлаа.
Н.Алтанхуягийн Засгийн газраа өөрийн гараар үгүй хийснээс хойш МАН-ын нэр хүнд
огцом өслөө. Н.Энхбаяртай хийсэн гэрээгээ хүчингүй гэж зарласнаас хойш “Шударга
ёс” эвслийнхэн сөрөг хүчний байр сууринаас асуудалд хандах болсон. Хүчний
харьцаа тэнцвэргүй дээр нь бие даагчид сөрөг хүчний байр суурь баримтална
гэдгээ зарлачихсан. АН өөрөө эрх баригч шиг байж, дотооддоо эв түнжинтэй байсан
бол өөртөө ашиггүй ийм байдал үүсэхгүй байлаа.
Эсрэг талынхаа хүчийг буруу үнэлсэн нь ч их бага хэмжээгээр нөлөөлсөн. Өнөөдөр засаглалыг эрх баригч нам нь бус нам доторх фракцууд удирдаж байна. Засгийн газрын сайдууд нь Ерөнхий сайдынхаа удирдлага дор бус фракцуудынхаа ашиг сонирхлыг илэрхийлээд эхлэхээр ажил яаж ч явах билээ дээ. Эсрэг кноп дараад төлөвлөсөн ажлууд хэрэгжүүлэхэд эсрэг үйлдэл хийгээд ирэхээр Засгийн танхим яаж эв нэгдэлтэй байх билээ. Олон ч ажил ийм шалтгаанаас болж цалгардсан. Хөрөнгө мөнгө байгаагүйдээ биш хэрэгжүүлэхдээ гар татацгаасан. Төлөвлөсөн хөрөнгө оруулалтын ажлын 20 гаруйхан хувь нь биелэгдсэн жишээнээс Засгийн газар энэ хоёр жилд чухам юу хийсэн бэ гэдгийг төвөггүй дүгнэж болно. Өнгөрсөн явдал гээд орхиж болох ч өмнөхөөс ч илүү эмзэг энэ нөхцөл дэх нийгэм эдийн засгаа яавал хөмрөөд хаячихгүй өнөөгөөс дордуулчихгүй 2016 он хүргэх вэ гэдгийг тунгаахад энэ хэрэг явдал тун чиг гашуун сургамж болж үлдэх учиртай. Хий хоосон улс төржилт засаглалын хямралын үед улс гэрийг яаж ч ганхуулж болдогийг харлаа.
Нөхцөл байдлын ээдрээг тайлахад АН-д хүссэн хүсээгүй МАН-ын туслалцаа хэрэгтэй. Өнгөрсөн хоёр жилд хуримтлагдсан гадуурхалтын өс хонзонгоо тайлах гэж эрхэмлэвэл нийгэм эдийн засгийн байдал хэзээ ч дээрдэхгүй. Харин засагт орж хамтраад ажиллах сонирхол төрвөл ололт болно. Засагт орж ажиллахгүй гэсэн байр суурийг олон гишүүн илэрхийлж байснаас харахад нэг их төвдөхгүй л болов уу. МАН шантаажилсаар байх болно гэдгээ ч сүүлийн өдрүүдийн гишүүдийнх нь ярилцлага, санаа бодлоос харагдаж байгаа. Өнөөдөр МАН-ын бүлэг хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг дэвшүүлсэн АН-ын саналыг хэлэлцэж байна. МАН-ын лидерүүд “хэзээ байтлаа АН Ерөнхий сайдад нэр дэвшигчээ бидэнтэй зөвшилцөж байлаа” гэсэн утгатай мессеж твиттертээ жиргэж байгаагаас харахад асуудал ихээхэн хүнд байгаа нь ойлгомжтой. МАН хамтарч засаг барьж сайдуудыг өөрөөсөө бүрдүүлэхийг нэг их чармайхгүй байгаа бололтой. Засгийг эзэнгүй байлгаж болохгүй гэдэг дээр санал нийлбэл танхимын цөөнгүй суудлыг эзлэж таарна. Шударга ёс эвслийн бүлэг гомдвол бие даагчидтайгаа нийлээд идэвхтэй сөрөг хүчин болно. Хүчтэй бус ч гэлээ АН-ын фракцуудын нөлөөллийг өөртөө татаж чадвал тунчиг хүчтэй бүлэг үүсч болохоо тэд тооцож суугаа.
Юутай шинээр байгуулагдах Засгийн газар золиосных байна. Халаасаа бүрэн шавхсан, өр нь тааз шүргэчихсэн хүнд үед мөнгө шиг хэрэгтэй зүйл үгүй. Энэ мөнгийг хаанаас босгох вэ. Баялгаа барьцаалж энэ хүндрэлээс гарах ёстой. Популизм, хийрхэлд автсан парламентаар зөвшөөрүүлнэ гэдэг хатуухан л боорцог. Гээд яах вэ хүссэн эс хүссэн хамаагүй ийм алхам хийх учиртай. Хөрөнгө оруулалтын хууль эрхзүйн орчноо боловсронгуй болгож байгаа ч хөрөнгө оруулагч нарт итгэл төрөхгүй байгаагийн учир шалтгаанаа олох учиртай.
Өдөртөө хэдэн арваараа хаалгаа хааж байгаа компаниудаа татварын бодлогоор бизнесийг нь дэмжиж гэмээн баялаг бүрэлдэнэ. Хөдөлмөрийн бүтээмж өндөрсч ажилгүйдэл багассанаар улсын төсөв бэлжинэ. Төсвөөс хамгийн их мөнгө тоншдог боловсрол, эрүүл мэндийн тогтолцоог нэн яаралтай шинэчилж зах зээлийн горимд оруулах нь чухал байна. Тавантолгой, Оюутолгойг яавал үр ашигтай байх талаар нэгдсэн бодлоготой болох учиртай. Тэгж гэмээн эдийн засгийн суурь бааз найдвартай болно. Энэ бүх амаргүй алхмыг хийхийн тулд МАН-тай хамтрах учиртай. Тэрнээс нэг нь зугтаж давхиад нөгөө нь эвлэрэх гэж элдэж хөөсөөр байвал энэ бүх хүндрэлээс гарч чадахгүй. Байдал улам эмзэг болохоос өөр хожих хожоо байхгүй.
Н.Бадамжав
СЭТГЭГДЭЛ БИЧИХ