Б.Тэрбиш: Үндэснийхээ бичгийг л шавь нартаа өвлүүлэхсэн

img

Архангай аймгийн Хайрхан сумын бүрэн дунд сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Ардын боловсролын тэргүүний ажилтан, аймгийн аварга Б.Тэрбиш багштай ярилцлаа. Түмэн шавиараа хүрээлүүлсэн багш маань эгэлээс эгэл нэгэн. Энгэрт гялалзах одон цөөхөн ч сэтгэлд нь дурсагдаж , урам зориг өгдөг шавь олон. Ардын уран зохиол Ш.Сүрэнжавын хэлснээр

“Ус  мөрнийг далайд үдээд байрандаа үлддэг уул

Тус бүтээж даяныг тэтгээд хариу нэхдэггүй өглөгч билээ. Ачит багшийг Улаанбаатар хотод ирээд байхад нь цөөн хором хөөрөлдлөө.

s

-Багш болох анхынхаа гарааг хаанаас хэрхэн эхэлж байв?

-Архангай аймгийн Өлзийт сумын бүрэн дунд сургуулиас ажлын анхны гараагаа эхэлж байлаа. Тэр цагаас хойш монгол хэл, уран зохиолын багшаар тасралтгүй 28 дахь жилдээ ажиллаж байна. Багшлах хугацаандаа монгол хэлний багшийг улс орондоо бэлтгэж өглөө. Бэлтгэсэн монгол хэлний багш нар маань эх орныхоо өнцөг булан бүрт амжилттай сайн ажиллаж байгаа. Уламжлалт олимпиад, улсын уралдаанд үе үеийнхээ шавь нартайгаа шалгарч, улсын уралдаанд оролцож байлаа. Тухайлбал Архангай аймгийн Хүмүүн -1-р сургуулийн монгол хэлний багш М.Эрдэнэцэцэг, 11-р ангийн сурагч З.Бямбасүрэн нартайгаа хамт улсын олимпиадад оролцож байсан.  Миний шавь Өлзийт сумаас төрөн гарсан монгол хэлний багш Д.Өлзийжаргал Улаанбаатар хотын дүүргийн  залуу аварга багшаар тодорч байсан гээд яривал амжилт олон.

s

-Төрөлх хэлний багш байна гэдэг маш хариуцлагатай алба. Энэ сайхан мэргэжлийнхээ онцлогоос сонирхуулаач?

-Яруу найрагч Зундуйн Доржийн хэлсэнчлэн “Хил, хэл, мал гуравтайгаа байхад хэн баян бэ? Монгол баян. Энэ үгнээс л монгол хүний бахархал, монгол үндэсний соёл, зан заншил, өвөг дээдсийн баатарлаг дайчин хүнлэг ёс суртахуун, монгол хүн байхын учир эх хэлтэй салшгүй холбоотой болох нь тодорхой. Монгол хэлний багшийн мэргэжлийн онцлог гэвэл монгол үндэстэн оршин тогтнохын үндэс суурийг тавьж өгдөгт байгаа юм. Өнөөдөр монгол хүн төрөлх хэлээрээ яруу сайхан ярьж  монгол сэтгэхүйгээ хөгжүүлж байж харийн хэлнийг сурах ёстой болов уу гэж боддог. Үндэсний төрөлх хэл маань үнэ цэнээ алдаж байна уу даа? Жишээлбэл, улсын нийслэлд яваад очиход мэдэх мэдэхгүй хэлээр бичсэн хаяг их байх юм. Зүй нь төрөлх хэлээрээ бичсэн хаягаа эрхэмлэн залаад доор нь харийн хэлээр бичсэн хаягжуулалт байх ёстой.  Төрөлх хэлээрээ яруу сайхан ярьж, үгийн утга учрыг ойлгож чадахгүй байж харийн хэлээр чамирхах явдал элбэгшиж байгаад сэтгэл дундуур явдаг. Тийм ч учраас үндэснийхээ бичгийг шавь нартаа өвлүүлэхсэн гэж зүтгэж явна. Үүний үр дүнд уламжлал олимпиад уралдаан тэмцээнүүдэд монгол хэл, монгол бичгийн хичээлээр аймгийн олон удаагийн аварга төрүүлсэн.

s

Монгол хэлний улсын 39-р олимпиадад шавь Ж.Чанцалдулам улсад 5-р байр, “Бичиг соёлын өдөр”-ийг тохиолдуулан явагддаг улсын уншлагын уралдаанд үе, үеийн шавь нар минь улсад амжилттай оролцдог. Тухайлбал сурагч Э.Түвшинжаргал , Ж.Чанцалдулам, Ж.Бямбасүрэн, П.Батболор нар нь улсын монгол бичгийн тэргүүний уншигч болж байлаа. Архангай аймагт зохион явагдсан “Өдтэй бичиг” монгол бичгийн олимпиадад сурагч Э.Түвшинжаргал, Ц.Болорцэцэг 1-р байр, сурагч Л.Халиунаа 2-р байр  эзэлж байлаа. Мөн Хэл шинжлэлийн ухааны доктор Чой. Лувсанжавын нэрэмжит Хэл иргэншил дээд сургууль дээр уламжлал болон зохион явагддаг доктор Дашийн нэрэмжит монгол бичгийн зөв бичгийн улсын уралдаанд бэлтгэсэн шавь Ч.Доржпагма 1-р байр, шавь Н.Оюундэлгэр тусгай байр эзэлсэн.

]

-Та үндэснийхээ бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм байна.  Монголчууд  “зулын гэрэл тосноосоо шавийн эрдэм багшаасаа” гэдэг. Бахархалтай сайхан санагдаж байна?

-Баярлалаа.  Эрдэмтэн багш нараасаа сурсан өвчүүхэн мэдлэгээ бяцхан шавь нартаа түгээн дэлгэрүүлж яваадаа баярладаг. Шавь бүхний минь заяа өөдрөг байж, саруул эрдмийн гэгээ та бүхнийг мөнхөд ивээж байх болтугай.

s

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

архангай:
архангайгаас өөр аймаг, ажилсаг сайн хүмүүс монголд өөр байхгүй юмаа даа сайд дарга багш бүгд архангай ямар бодлого яваад байнаа улс орноо талцуулах гээд байга юм уу
2014-11-19
anhaa:
bagshdaa amjilt husie
2014-11-19