Г.Баярсайхан: Сайд ялаад ард түмэн ялагдана гэж байхгүй
Монгол Улсын
Ерөнхий сайдын томилгооны асуудлаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж
байна. Хуралдаанаар гишүүд нэр дэвшигч
Ч.Сайханбилэгт асуулт тавьж, байр сууриа хэлж байна.
ё
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Эдийн засгийн амаргүй үед энэ Засгийн газар ажиллах нь. Иргэдийн амьдрал хүнд байна. Хөрөнгө оруулалтыг хэрхэн татах вэ? Хөрөнгө оруулагчид татарлаа. Хөдөө орон нутагт ямар ажлууд хийгдэх бол? Манай Баянхонгор аймгийн хоёр сумд дулааны станц хэрэгтэй байна. Үүнийг хэрхэн шийдэх вэ?
-Бид хөрөнгө оруулагчийн итгэлийг алдсан. Бидэн сайн хууль байгаа ч гадныхан итгэхгүй байна. Итгэлийг нь олох бодлого шийднэ. Бүх зүйлийг нээлттэй шийднэ. Хөшигний ард ямар нэг зүйлийг хийхгүй. Монгол Улс зөвхөн уул уурхайгаас хамааралгүй, эдийн засгийн хувьд солонгорсон бодлого явуулна. Баянхонгор аймгийн хувьд 2 сум цахилгаанд холбогдоогүй. Үлдсэн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлнэ.
ё
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан:
-Монгол Улсын Ерөнхий сайд ялаад, ард түмэн ялагдана гэсэн ойлголт байхгүй. Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа Ч.Сайханбилэгээс сонсъё гэсэн үгээ сонсож байгаа. Бүгдэд таалагдах албагүй. Шинэчлэлийн Засгийн газрын ямар ажлуудыг цаашид хэрэгжүүлээд явах вэ? Монгол Улсад төрийн өмч их байна. Төрийн өмч байгаа газруудад мөнгө угаах бодлого их явж байна. Төрийн өмчийн хувьчлалын асуудлыг яаралтай хийх хэрэгтэй байна. Эрүүл мэндийн салбарт реформ хийх хэрэгтэй.
-Шинэчлэлийн Засгийн газрын шийдлийг хадгалж ажиллахаас өөр аргагүй. Эрүүл мэнд, боловсролын шинэчлэлийн бодлогыг үргэлжлүүлнэ. Үнэ тогтворжуулах бодлогыг хэрэгжүүлснээр үр дүнгээ өгсөн. Үнэ тогтворжуулахад төр, Монгол банкны оролцоог байхгүй болгоно. Нийгмийн салбар дахь хувьчлал, тэр дундаа эмнэлэг, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шийднэ. Зөв өрийн удирдлагын тогтолцооны шинэ хуулийг УИХ-д өргөн барьж бодлогоо тодорхойлно.
ё
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
-Яамдууд аж ахуйн ажил хийсээр хоёр жил өнгөрлөө. Бодлогын ямар ч асуудлыг шийдсэнгүй. Иргэд хямралаас гаргаж чадах эсэхийг л хүлээж байна. Бид эдийн засгийн онц байдлыг яаралтай тогтоох ёстой. 2015 оны төсөв хямралаас гарахгүй. Соёлын төв сумдад барих нь хямралын үеийн төсөв. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлээ өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хаясан. Энэ салбарыг бүгдийг нь хувьчилж болохгүй. Засаглалыг нь сайжруулах ёстой, хагас бие даасан байх ёстой. Уул уурхайн салбарыг нээлттэй болгох асуудлыг шийдэх үү?
-Сэхээнд орсон эдийн засагт авах арга хэмжээг яаралтай хийж ажиллана. 2015 онд орлого бүрдэхгүй бол царцаахаас өөр аргагүй болно. Эрүүл мэндийн шинэчлэлээр эмнэлгийн салбарт ажиллаж байгаа хүмүүстэй хамтарч, бодлого боловсруулж ажиллана. Шинээр томилогдох эрүүл мэндийн сайд шинэчлэлийг зоригтой хэрэгжүүлж ажиллана. Бид баялгийн сангаа байгуулах замаар эдийн засгийн сууриа тавина.
Ийнхүү гишүүд асуулт асууж дууслаа. Одоо гишүүд үг хэлж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ