Амиа золиослогч 50 хүний аминд хүрчээ
Афганистаны Пактик мужид уламжлал болгон зохион байгуулагддаг волейболын тэмцээний үеэр амиа золиослогч этгээд халдлага үйлджээ. Тэрээр амиа алдахаасаа өмнө “Бурхан та нарыг шийтгэх болтугай” хэмээгээд гартаа байсан бөмбөгөө дэлбэлсэн байна. Дэлбэрэлтийн үеэр 50 хүн амиа алдаж, 100 гаруй хүн гэмтжээ. Амиа алдсан хүмүүсийн дунд тус тэмцээний зохион байгуулагчид болон хэд хэдэн тоглогч байгаа аж. Энэхүү волейболын тэмцээнд Пактик мужийн багууд оролцож, шилдгээ шалгаруулдаг юм. Тус тэмцээнд ялалт байгуулсан эрэгтэй, эмэгтэй шигшээ баг ирэх сарын 22-нд нийслэл Кабул хотноо зохион байгуулагдах волейболын улсын аваргад мужаа төлөөлөн оролцох байжээ. Мужийн захирагч хэлэхдээ “Амиа золиослогч этгээд тэмцээн үзэхээр ирсэн хүмүүсийн хамт мэдэгдэлгүй нэвтрэн ороод тэсрэх бодис дэлбэлсэн” гэжээ. Энэ оны эцсээр АНУ болон Британийн явган цэргүүдийн сүүлийн цуваа тус улсыг орхин гарахтай холбоотойгоор “Талибан” бүлэглэл Афганистанд эрхээ тогтоохыг санаархаж сүүлийн үед халдлага байнга үйлдэх болсон юм. Өнгөрсөн долоо хоногт хэт даврагчид гурван удаа халдлага үйлдэж, 74 хүний аминд хүрчээ.
г
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ