Намуудын араншинд “засварлагдсан” Үндсэн хууль
Шинэ Ерөнхий сайдын нэр АН-ын
бүлгийн гарт арваад хоносны эцэст ҮЗХ –ны хурлынх нь гарт шилжиж байлаа. Эндээс
эргээд бүлгээ шахаанд хийснээр Ерөнхий сайдын нэрийг чуулганаар оруулж фракцуудын
сунжирсан яриа тохироо нэг тийш болсон. Эндээс залгуулаад шинэ Засгийн газрын
хувь заяа эргээд МАН-ын бага хурлын гарт орчихлоо. Засагт орохгүй гэж
шийдвэртэй дуугарч байсан МАН-ын бүлэг дотроо санал хуваагдаад ирэхээр Намын
бага хурал шийднэ гэж мэдэгдээд яриа тохироо хийж цаг хожихоор шийдсэн
бололтой. Товчхондоо үндсэн хуулинд
оруулсан өөрчлөлтийн үр дагавараар ТӨР намуудын гарт нэг мөр орчихжээ гэж
болохоор байна.
Манай улс 1992 оны 1 дүгээр сарын 13-нд ардчилсан Үндсэн хуулиа баталснаас хойш зөвхөн нэг удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан нь өнөөдрийг хүртэл маргаан зөрчилтэй үр дагавар бий болгосоор байгааг учир мэдэх хүмүүс хэлдэг. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд дордуулсан гэх долоон өөрчлөлтийг авч үзэн алийг нь үлдээх, алийг нь хүчингүй болгож хуучнаар нь сэргээх вэ гэдэг асуудал зайлшгүй болсныг энэ намрын намуудын араншин харууллаа. Үүнд холбогдуулж одоо үүсээд буй нөхцөл байдлыг тодорхойлж болох Үндсэн хуулийн өөрчлөлтийг авч үзье.
Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1.2-ыг “УИХ-д олонх суудал авсан намтай, аль ч нам олонхийн суудал аваагүй бол УИХ-д суудал авсан намуудтай зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох санал, түүнчлэн Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д оруулах” гэснийг “ УИХ-д олонх суудал авсан нам эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг, аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж нэр дэвшүүлсэн хүнийг, хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол УИХ-д суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор УИХ-д оруулах” гэж өөрчлөн найруулсан байдаг. Энэ найруулгын цаана цухуйх зэсийг Гавьяат хууль Б.Чимид агсан дараах байдлаар хэлсэн байдаг. “...Субъект эсрэгээр солигдсон. Энэ асуудлаар Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасаж нам эдлэх болсон. Ерөнхийлөгч хийдэг зарим ажил, шийддэг асуудлыг намтай урьдчилан зөвшилцөх эрхийг хасаж зарчмыг гуйвуулсан. Тэрээр зөвхөн намуудын хүсэл зоригт захирагдах болгосноор, болзошгүй хуйвалдаан гарч, бүлгийн сонирхлыг Төрийн тэргүүнд тулгах боломжтой болсон. “Гэнэтийн энэ өөрчлөлтөө “төрийг гацаанаас гарсан” мэргэн арга мэтээр тайлбарлацгаадаг. Үнэндээ бол Үндсэн хууль гацаасан биш, ард түмэн шаардсан, “захиалсан” ч биш, төрийн томчуудын үзэл бодол, арга ухаан нь гацаасан хэрэг. Тэд огцорсон Ерөнхий сайдын оронд нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхийлөгч зөвшөөрсөнгүй, тийм байтал Улсын Их Хурал дахь олонх суудалтай нам (эвсэл) өөр хүнийг биш өмнөхөө л дахин дахин дэвшүүлэн, буцааснаас огцорсон ...”.
Энд 1996-2000 оны АН-ын засаг барих үед гарсан Ерөнхий сайдыг томилоход бий болсон “гацаа” нь үндсэн хуулийн гацаа бус тухайн үеийн олонх намын өөрсдийнх нь бий болгосон гацаа байсныг Б.Чимид гуай хэлсэн байна. Дээр дурдсан Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бий болсон бүлгийн сонирхлыг Ерөнхийлөгчид, цаашлаад УИХ-д тулгах боломжоо намууд хэрхэн 100 хувь ашиглаж чадаж байгаагийн бодитой жишээг бид энэ намрын чуулганаар дахин харлаа. 1998 онд олонх байсан АН нэр нь унасан сайдаа дахин дахин оруулж / Д.Ганболдыг 7 удаа гэдэг / ирсээр төрийг гацаанд оруулж байсан. Үүнтэй тун төстэй үйл явдлын угтал одоо тавигдаад байгааг доор товч өгүүлье.
Өнөөдрийн нөхцөл байдал ямар байна. Олонх Н.Алтанхуяг даргыгаа эдийн засаг хямраасан гэж сөрөг хүчинтэй хавсарч өөрсдөө кнопдож байгаад унагаасан. Зөрүүлээд хямралыг авчирсан Засгийн багт ойр шадар ажиллаж байсан хүнийг гаргаж ирээд Ерөнхий сайд болгоно гэж оруулж ирсэн. Үнэндээ бол АН зүгээс Р. Амаржаргалыг Ч.Сайханбилэгээр солих нь тодорхой “бүлгийн” сонирхлыг өөрийн намын бүлэгтээ болоод бусад парламентад суудалтай намуудад тулгасан хэрэг.
Нэгэнт хуулинд байгаа гарцаар олонхоор дэмжигдээд гараад ирсэн Ерөнхий сайдыг дэмжихгүй гэсэн сөрөг хүчин одоо засаг бүрдэх үйл явцыг зөрүүлээд гацаачихаад байна. МАН ч , өөр улс төрийн аль хүчин ийм нөхцөл байдалд өөрийн эрхгүй “гацаа” үүсгэнэ. Анхнаасаа хуучин хүн байна, дэмжихгүй гээд байхад нь олонхоороо батлаад “одоо хамтрах уу, хагарах уу ?” гээд тулгаад ирэхээр нь МАН-ыхан Бага хурлынхаа нэрийг бариад цаг хожиж байна. Энэ алхам нь төрийн ажилд гацаа үүсгэж байгааг ойлгож байгаа ч тэд улс төрөө л хийж байгаа хэрэг. АН-ын зүгээс хуучин танхимаас оруулж ирсэн шинэ Ерөнхий сайд толгойлсон шинэ засгийг бүрдүүлэхийн төлөө МАН-тай эвсэж, сайдын суудал, яамдуудаар наймаалцах хүсэлтэй байгаагаа ил шулуун мэдэгдэж байна. Хэрвээ МАН засагт орвол Засгийн бүтцийг өөрөөр харна. Орохгүй бол бараг хуучнаараа л явчихна гэсэн утгатай болзлыг бүлгийн дарга нь хэвлэлийн хурлаар МАН-д хэлүүлж байна. Хэрвээ МАН хамтарвал тэдэнд зориулсан яамдуудыг бий болгоно гэсэн үг. Үүгээр харвал төрийн толгой дахиад дэнхийж төсөвт дарамт учруулах давхардсан яамдууд бий болно. Бид бүсээ чангалж, намууд бялуугаа хувааж цаашид хэдэн толгойг хэрхэх тохироондоо шуударна гэсэн үг. Ингэж шинэ яамдууд бий болох боломжгүй гэж бие даагчид мэдэгдлээ. Төсвөө баталчихсан. Он гараад шинэ яамд бий болбол, тэдэнд хуваарилсан мөнгө төсөвт байхгүй. Тэгэхээр АН, МАН хамтран яамдаар тохироо хийх боломжгүй гэж Ц.Даваасүрэн гишүүн мэдэгдлээ. Бие даагчид сөрөг хүчний суудалд хэдийн гараад суучихсан байна.
Энэ бүхэн бол Засаг бүрдэхгүй удаашрах их гацаа эхлэхийн дохио. Мөн Үндсэн хуулийг дордуулсан долоон засварыг яаралтай эргэн харахыг улстөрчдөд хэлсэн хамгийн том сануулга.
Пүрэвжавын Баярхүү / тоймч/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ