Л.Эрдэнэчимэг: Тусгай зөвшөөрөл ялгамжтай байна
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өнөөдөр 12 цагт УИХ-ын дарга З.Энхболдод Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг өргөн барилаа. Уг хуулийн төсөлд тусгасан зарим мэдээллийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцууллаа.
s
Тэрбээр хэлэхдээ, өнөөдрийн байдлаар манай улсад согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий спиртийн 7, архины 57, шар айрагны 19, дарсны 10, нийт 93 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн тоо дэндүү олон байгаагаас зах зээл дэх архины нийлүүлэлт, далд сурталчилгаа ихэсч, хүн амын архины хэрэглээг нэмэгдүүлэх, чанарын шаардлага хангахгүй архи үйлдвэрлэх үндэс болж байна. Согтууруурах ундаа худалдах тусгай зөвшөөрөл бүхий 7100, үйлчлэх 3000 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.
a
2013 оны байдлаар 1.9 сая литр спирт, 24.7 сая литр архи, 64 сая литр шар айраг үйлдвэрлэсэн нь 21 наснаас дээш насны хүн амд 51 литр оногдож байна. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс хүн амьдралынхаа 29 жилийг дунджаар алддаг ба эдийн засгийн хор хохирол нь ДНБ-ний 1-5 хувьтай тэнцдэг. 2013 онд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 26 хувь, захиргааны зөрчлийн 7 хувь нь согтуугаар үйлдэгджээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 13000 зөрчил илрүүлсэн. Улсын хэмжээнд 123000 хүн эрүүлжүүлэгдсэнээс 6600 эмэгтэй, 830 хүххэд, 1400 гаруй оюутан, 1800 төрийн албан хаагч байна. Хүн амын өвчлөлийн нэгдүгээрт элэгний хорт хавдар, зүрх судасны өвчин эзэлж байгаа нь архины хор уршигтай шууд холбоотой, нас баралтын шалтгааны 5-рт гэмтэл, хордлогын шалтгаан орж байна.
a
Хуулийн төсөлд согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, үйлчлэхэд тавих хяналттай холбогдсон харилцааг зохицуулахаар заасан бөгөөд согтууруулах ундааны спиртийн агууламжийн хэмжээг харгалзан ялгамжтайгаар тогтооно. Өндөр агууламжтай согтууруулах ундаанд 18 хувиас дээш спирт агуулсан, спиртийн сул агууламжтайд 18 хувиас доош спирт агуулсан согтууруулах ундааг хамааруулах ба худалдаалах, үйлчлэх тусгай зөвшөөрөл нь ялгамжтай байна. Үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрлийг Засгийн газар, худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрлийг сум, дүүргийн Засаг дарга олгохоор тусгав.
a
Өндөр агууламжтай согтууруулах ундааг зөвхөн дагнасан цэгээр худалдаална. Тухайн цэгт тавигдах шаардлагыг өндөрсгөж, цагийн хязгаарлалт тогтооно. 2000 хүн ам тутамд нэгээс ихгүй, 2000 хүн амаас доош хүн амтай суманд хоёроос дээшгүй байхаар тооцов. Худалдах тусгай зөвшөөрлийг орчны бүсэд оршин суугч иргэдийн 50-аас доошгүй хувийн саналыг үндэслэн хүчингүй болгоно. Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг орчны бүсэд оршин суугч иргэдийн 90 хувиас доошгүй дэмжсэн саналыг үндэслэн олгохоор тусгав.
s
21 насанд хүрээгүй, жирэмсэн эх, албан үүргээ гүйцэтгэж яваа төрийн албан хаагч этгээд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно. Тусгай зөвшөөрлийг олгох тэмдэгтийн хураамжийг нэмэгдүүлсэнээр төсвийн орлого нэмэгдэнэ хэмээн товч танилцууллаа.
s
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ