М.Батчимэг:Улс орны эрх ашгийн үүднээс зөвшилцөж байгаа

-Зөвшилцөл ямар явцтай үргэлжилж байна вэ?
-АН-ын бүлгийн
ажлын хэсгийн ахлагч М.Батчимэг:
-Өглөөнөөс эхлээд УИХ дахь нам, эвслийн бүлэгтэй уулзалт
хийж эхлээд байна. ИЗНН, Шударга ёс эвсэлтэй уулзалт хийсэн, 2012 онд хамтран
ажиллах гэрээ байгуулсан, түүнийгээ үргэлжлүүлэх хүсэлтэй байна гэдгээ
илэрхийлсэн байна. Улстөрийн тогтвортой
байдлыг хангах, засаглалын хүндрэлийг даван туулах, эдийн засгийн тулгамдсан
асуудлыг шийдэх, ард түмний амьдралыг өөд нь татах, хувийн хэвшлээ хөгжүүлэхийн
тулд бид ямар бодлого дээр асуудлаар хамтрах шаардлага байгаа вэ гэдгээ
ярилцлаа. Гэхдээ тодорхой асуудлыг
тодруулах шаардлагатай болсон учраас намын удирдлагуудтайгаа ярилцаж, эргэн
17.00 цагт уулзахаар боллоо.
-Ямар зүйлийг эргэж ярилцахаар болсон
бэ? Баримт бичиг ямар зүйл тусгагдах бол?
-Засаглалыг тогтвортой
үргэлжлүүлэхийн тулд УИХ-д суудалтай намууд юун дээр хамтарч ажиллах ёстой вэ
гэдэг дээр анхаарлаа хандуулж байна. Монгол Улсад ардчилал хөгжсөнөөс хойшхи 15
дахь Ерөнхий сайд томилогдлоо. Үндсэн хуулийн хүрээнд ч засаглалын тогтвортой
байдлыг хангах чиглэлээр анхаарч байна. Засаглалаа тогтворжуулахдаа ямар
өөрчлөлтүүд хийх ёстой вэ, УИХ-ын сонгуулийн тогтолцоо холимог болсонтой
холбоотой парламентад суудалтай намуудын хооронд тогтвортой ойлголцол хэрэгтэй
болдог. Тиймээс парламентад суудалтай намуудын хооронд тогтвортой ойлголцол бий
болгож ажиллахын тулд ямар зүйл дээр хамтарч ажиллах ёстой вэ гэдэг дээр
саналаа боловсруулах шаардлагатай гэж үзлээ. Мөн эдийн засгийн хямралыг даван
туулах хүрээнд ямар ажлууд хийх вэ гэдэг тодорхой санал гаргаж, эргэн уулзалдъя
гэж ярилцлаа.
-“Шударга ёс” эвслийн зүгээс МАН-тай
хамтарвал Засагт хамтрах боломжгүй гэж
хэвлэлээр мэдэгдэж байна. Энэ талаар?
-АН-ын бүлэг өнөөдөр өглөө “Шударга
ёс” эвслийн бүлгийн ажлын хэсгийнхэнтэй уулзсан. Зарим нэг хувь хүмүүс байр
сууриа хэлж байгааг үгүйсгэхгүй. Бүлгүүдийн ажлын хэсгийнхний зүгээс ийм яриа
гараагүй.
-АН-ын ажлын хэсэг ИЗНН зэрэг
холбогдох ажлын хэсгийнхэнтэй уулзалдаад тодорхой асуудлаар зөвшилцөлд хүрсэн
үү?
- Бид ИЗНН, “Шударга ёс” эвсэлтэй
уулзалт хийсэн. Уулзалтаар 2012 оны сонгуулийн дараах гэрээгээ үргэлжлүүлнэ.
Гэхдээ гэрээнийхээ агуулгад өөрчлөлт хийж болно. Улс төрийн нам эвслийн эрх
ашгийн үүднээс гэхээсээ илүү улс орны эрх ашгийг бодолцож энэ хэлэлцээрийг хийж
байгаа гэдгийг онцолъё.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ