Су.Батболд:Хамтрах тухай ярихад эрт байна
УИХ дахь намуудтай Засгийн газарт
хамтрах зөвшилцөл явагдаж байна. МАН-ын бүлгийн ажлын хэсэг өнөөдөр зөвшилцөл
хийсэн. Үргэлжлээд 17.00 цагт дахин зөвшилцөхөөр болжээ. Үүнтэй
холбогдуулан УИХ-ын гишүүн, МАН-ын
бүлгийн ажлын хэсгийн ахлагч Су.Батболдаас зарим зүйлийг тодрууллаа.
-Зөвшилцлөөр ямар асуудал яригдсан бол?
-МАН-ын даргад хандаж, Засаглалын шатанд хамтарч ажиллах саналыг ирүүлсэн. АН-ын ажлын хэсэгтэй анхны санал солилцох уулзалтаа хийлээ. Монгол Улсад эдийн засгийн хямрал тодорхой хэмжээнд нүүрлэсэн, хямралыг даван туулах талаар ямар санал, нөхцөл тавьж байгаа юм бэ, гэдгийг сонслоо. Эдийн засгийн хямралыг хэрхэн яаж даван туулах вэ, ямар хэмжээнд шийдвэрлэх юм бэ, УИХ болоод Засгийн газрын төвшинд хэлэлцлээ.
Манай ажлын хэсгийн үүрэг бол баасан гаригт хуралдах МАН-ын бага хуралд АН-аас ийм нөхцөл шаардлага тавилаа. 17 цагт дахин зөвшилцсөний дараа зөвшилцлийн баримт бичгүүдэд гарын үсэг зурах шаардлага гарч байгаа. Бид олон удаа зөвшилцөл хийж байсан. Энэ удаагийн зөвшилцлийн ажлын хэсэг сонгуулийн дараах улс төрийн нөхцөл байдалтай холбоотой хүндрэлтэй асуудлаар хэлэлцээрт суугаагүй. Зөвхөн өнөөдрийн Засгийн газар байгуулах асуудлаар зөвшилцөж байна.
-Зөвшилцлийн явцаас хоёр нам хамтрах нь гэж ойлгож болох уу?
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн ажлын хэсгийн ахлагч Су.Батболд:
-Бид хоёр жилийн хугацаанд ширээний хоёр талд суусан. Тиймээс тодорхой ярилцах асуудал байгаа. Эцсийн шийдвэрийг манай намын бага хурал гаргана. Тиймээс өнөөдөр хамтрах тухай ярихад эрт байна.
-Зөвшилцлийн дуусах хугацаа хэзээ бол?
-Монгол Улсын Ерөнхий сайд 12 дугаар сарын таван гэхэд танхимаа УИХ-д өргөн барьсан байх шаардлагатай. Тэр хугацаанд зөвшилцөл үргэлжлэх байх. Бидний ярилцах сэдэв өргөн хүрээнд байна. Аль нам нь орох, орохгүй гэдэг талаар ярихад эрт байна. Улс орны эрх ашиг, бий болсон нөхцөл байдлыг улс төрийн намууд ойлгох байх. Өнөөдөр АН, МАН-ын хоорондох зөвшилцлийг хоёр намын гэхээсээ улс орны ирээдүйд чиглэсэн асуудалд хоёр том хүчин хэрхэн ойлголцох вэ гэдэг нь чухал.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ