Дорноговьд 1.3 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлнэ
“АРЕВА Монгол” ХХК, “Кожеговь” ХХК-ийн Ерөнхий захирал Тьерри Плэзант, “Монголын нэгдсэн хувийн мал эмнэлгүүдийн дундын хоршоо”-ны дэд захирал Ц.Эрдэнэбаатар нар “Мал эмнэлгийн үйлчилгээ, малчдын хамтын санаачилгыг дэмжих” гэрээнд Дорноговь аймгийн Сайншанд сумын төвд 2014 оны 11 сарын 26-нд гарын үсэг зурлаа.
1
Дорноговь аймгийн Улаанбадрах сум, Сайншанд сумын Зүүнбаян багт 2 жилийн хугацаатай хэрэгжүүлэх, 1.3 тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй малын эрүүл мэндийг сайжруулах төслийг “АРЕВА Монгол” компани бүрэн санхүүжүүлэх юм.
1
“АРЕВА Монгол” компаний үйл ажиллагаагаа явуулж байгаа орон нутгийн малын эрүүл мэндийн асуудлыг мэдэж, хянах нь нутгийн малчид болон компаний хувьд аль алинд нь нэн чухал юм. Тиймээс, нэг франц, хоёр монгол малын эмчтэй “Мал эмнэлгийн оролцооны нэгж” (МЭОН) Улаанбадрах сум, Сайншанд сумын Зүүнбаян багт 2 жилийн хугацаатай ажиллана. Тэд мал эмнэлгийн шууд тусламжийг малчдад үнэгүй үзүүлж, малын өвчнийг оношилж, шинжилнэ. Энэхүү хяналтын ажлын үр дүнг улирал тутам орон нутгийн сонирхогч талуудад танилцуулах юм. Мөн малын эрүүл мэнд, мал аж ахуйн талаархи сургалт малчдын бүлгүүдэд явуулж, орон нутгийн мал эмнэлгүүдийн мэдлэг, чадавхийг сайжруулах зорилгоор тэдэнд дэмжлэг үзүүлж байх юм.
1
Энэхүү өргөн цар хүрээтэй төслийг 120 хувийн мал эмнэлгүүдийг эгнээндээ гишүүнээр нэгтгэсэн “Монголын нэгдсэн хувийн мал эмнэлгүүдийн дундын хоршоо” (МНХМЭДХ) хэрэгжүүлэх юм. Төслийг хэрэгжүүлэхдээ түншээрээ мал эмнэлэг, мал аж ахуйн чиглэлээр Монгол Улсад 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа Францын олон улсын эв нэгдлийн байгууллага “Хил хязгааргүй агрономич, малын эмч нар” (ХХАМЭ) нийгэмлэгийг МНХМЭДХ сонгосон байна.
1
Ноён Т.Плэзант: “Хоёр жил хэрэгжих энэ төсөл малчдын амьжиргаанд хувь нэмрээ урт хугацаанд оруулсаар байхыг АРЕВА Монгол компаний зүгээс хүсч байна” гэв.
Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Ганбаатар, Сайншанд сумын Засаг дарга У.Батбаяр, сумын ИТХ-ын дарга Т.Ганбаатар, Улаанбадрах сумын Засаг дарга Г.Ганзориг, тус сумын ИТХ-ын дарга Ц.Эрхэмболд тэргүүтэй орон нутгийн удирдлага, малчид, Цөмийн Энергийн газар, “Мон-Атом” ХХК, АРЕВА группийн төлөөлөгчид гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцлоо.
1
“АРЕВА Монгол” ХХК-ний охин компани болох “Кожеговь” компани нь Монгол Улсад 1997 оноос хойш ажиллаж байна. Тус компани Дорноговь, Сүхбаатар аймгийн нутагт ураны хайгуул хийж байгаа билээ. “Кожеговь” компани нь дэлхийн хамгийн том ураны ордуудын нэг болох Зөөвч Овоо (54640 тонн ураны нөөцтэй) болон Дулаан Уул (6260 тонн ураны нөөцтэй) ордуудыг Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутгаас илрүүлсэн. Тус компани нь Дорноговь аймгийн Улаанбадрах сум, Сайншанд сумын Зүүнбаян багийг дамнасан Сайншандын хотгорт хайгуулын үйл ажиллагаагаа голчлон явуулж байна.
1
“АРЕВА Монгол” ХХК –ний толгой компани болох “АРЕВА” групп нь цөмийн эрчим хүчний чиглэлээр дэлхийд тэргүүлэгч компани юм. Тус групп нь ураны хайгуул, олборлолтоос эхлээд цөмийн түлшний циклийн бүх шатны тоног төхөөрөмж, үйлчилгээ, цөмийн реакторын загвар, реактор барих, ажиллуулах үйлчилгээг санал болгож байна. Мөн тус групп нь сэргээгдэх эрчим хүчний салбарт өндөр технологийн шийдлийг түншлэлийн замаар гарган авахаар хөрөнгө оруулдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ