
Нийслэлд төдийгүй хөдөө орон нутгийн хэмжээнд ч хамгийн ихээр хөндөгдөж бас шүүмжлүүлж байгаа асуудал бол замын хөдөлгөөний аюулгүй байдал. Гэсэн ч хамгийн ихээр яригддаг хэр нь эл сэдэв мөддөө шийдэгдэхгүй байсаар Монголчуудын “мөнхийн сэдэв” болж магадгүй нь. Учир нь ногоон “халаадтай” хэдэн цагдаа нүүрнийхээ булчин шөрмөсийг сунатал шүгэлдээд ч, торгоод ч “дэггүй” жолооч нарыг дүрэмжүүлж чадахгүй байгаа юм. Хамгийн сүүлд дүрэм зөрчсөн этгээдийг баримтжуулж бас татвар энэ тэр дээр нь торгуулийн мөнгө нэмж тооцно хэмээн камержуулаад ч тусыг эс олов. Алба, аминыхаа ажлын төлөө шар бүү хэл улаан гэрэл, хальтиргаа гулгаатай замыг ч тоохоо болж нисэх мэт давхидаг нөхдүүд бахь байдгаараа.
Нийслэл болон орон нутгийн замд гарч байгаа осол аваарын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь гээндээ ч бий, гоондоо ч бий гэгчээр жолооч нарт ч бий, бас “замд” ч бий. Тодруулбал, орон нутийн хатуу хучилттай замын энд тэнд байх цоорхой энэ асуудалд ихээхэн “нөлөө үзүүлдэг” ч ихэнхдээ жолооч хурд хэтрүүлсэн гэх шалтгаанаар асуудал цэглэдэг байна.
Харин нийслэлийн тухайд жилээс жилд нэмэгдэж байгаа автомашины тоо, жил ирэх тусам ачаалал нь ихсэж байгаа хотын зам зэргээс шалтгаалан осол аваар гарах болсон.
Тоо баримт дурьдвал 2006 онд улсын хэмжээнд 177.300 тээврийн хэрэгсэл, нийслэл хотод 82.100 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байсан бол 2010 онд улсын хэмжээнд 296.800, нийслэлд 168.800 болж, 2.0-2,5 дахин өсч, замын хөдөлгөөний нягтрал ихэссэн нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослын гаралтад нөлөөлсөн байна.
Өнгөрсөн баасан гарагт хуралдсан УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Г. Баярсайхан нараас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар Засгийн газраас хэрэгжүүлж байгаа болон төлөвлөж байгаа ажлын талаарх асуулга”-ын хариуг сонссон юм.

2006-2010 онд нийслэл хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 3.187 үйлдэгдэж, 547 хүн нас барж, 2.723 хүн гэмтсэнийг өмнөх 5 жилтэй харьцуулахад гэмт хэрэг 11.2 хувиар өсч, нас барсан хүний тоо 19.0, гэмтсэн хүний тоо 29.9 хувиар тус тус буурчээ. Зам тээврийн осол, хэргийн 78,3 хувь нь жолоочийн буруугаас / 11.1 хувь нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, 8.1 хувь нь анхаарал болгоомжгүй, 7.6 хувь нь уулзвар, гарц нэвтрэх дүрэм зөрчсөн, 7,1 хувь нь аюул тулгарах үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй, 6,8 хувь нь хэтрүүлсэн, 1.6 хувь нь хүн ба ачаа тээвэрлэх дүрэм зөрчсөн/ үйлдэгджээ.
“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр”-ийг 2007-2010 онд 2 үе шаттай хэрэгжүүлсэн бөгөөд улсын хэмжээнд үйлдвэгдсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг хэрэг, осол, түүний улмаас үүссэн хохирлыг 2003-2006 оныхтой харьцуулахад осол 43,5 хувиар, хэрэг 14.1 хувиар өсч, нас барсан, гэмтсэн хүний тоо 14.2-21.1 хувиар буурчээ.
Монгол Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоолд заасан шинээр батлах хуулийн жагсаалтад “Хот суурины төлөвлөлтийн тухай”,” Хотыг дахин хөгжүүлэх /төлөвлөх/ тухай”,”Газар зохион байгуулалтыг шинэчлэх тухай”,”Хурдны замын тухай”, “Авто зогсоолын тухай” хуулиудын төслийг боловсруулж батлуулах, шинэчлэн найруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн жагсаалтад “Хот байгуулалтын тухай”,” Авто тээврийн тухай”, “Газрын төлбөрийн тухай” хуулиудыг оруулж, дээрх хуулиудын төслийг боловсруулж байна.

Түүнчлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулан ажиллуулж байгаа талаар танилцуулгад дурьдагдсан юм.
Улсын хэмжээнд жилдээ 2 тэрбум төгрөгийн зам тээврийн ослын хохирол гардаг байна. Үүнээс нийслэлд 1,6 тэрбум төгрөгийн хохирол гарчээ. Өнөөдөр нийслэлд 220 орчим мянган автомашин явж байгаа бөгөөд жил бүр машины тоо ихэсч байгаагийн зэрэгцээ энэ бүхнийг цагдаагийн хүчээр зохицуулж байгаа аж.
Мөн хууль зүйн сайд “Нийтийн тээврийн хэрэгслийн үйлчилгээ муудсан нь үнэн. Баазын удирдлагууд машинаа ч, жолоочоо ч үзлэгт оруулдаггүй гэлээ. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж замын цагдаагийн орон тооны асуудал хүндхэн байгааг дуулгаад, хотын гудамжнуудын зай талбай хэвээр байгаад байдаг. Гэтэл жилээс жилд шинээр орж ирж байгаа машины тоо эрс ихэсч байна. Иймд Улаанбаатар хотын төлөвлөлтийг шинэчилж замын асуудлыг шийдэхгүй бол цаашид явахгүй гэлээ. Гишүүд осол аваарыг илрүүлэх үүрэгтэй замын уулзваруудад тавигдаж буй камеруудыг чанаржуулах, буруу рультэй автомашинуудыг цэгцлэх, торгуулийг нэмэгдүүлэх, автомашиныг чипжүүлэх, жолооч нарыг чадваржуулах, давтан сургалтад хамруулах болон хотын түгжрээний асуудлыг цэгцлэх, журамлах цаг нь болсон гэдгийг хэлж байлаа. Харин З.Энхболд гишүүн хэлэхдээ, Улаанбаатар хотын хэт төвлөрөл хамгийн их саад болж байна. Иймд эдгээр асуудлыг шийдэх хамгийн зөв гарц нь нийслэл хотын дагуул жижиг, жижиг хот байгуулах явдал. Ингэхгүйгээр цагдаагийн орон тоог нэмээд, ухаалаг камер тавиад, автомашиныг чипжүүлээд ч энэ асуудал шийдэгдэхгүй” гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ