Энхийг сахиулагчид эх орноосоо мордлоо
Энхийг сахиулах үйл ажиллагаанд эх орны даалгавар өвөрлөн мордож буй цэргийн багийнхан Жанжин туг, Бүх цэргийн Их хар сүлдэндээ хүндэтгэл үзүүлж, эр цэргийн хийморио сэргээж, зам мөрөө тэгшитгэдэг уламжлалтай.
Энэ уламжлалаар Афганистан улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хамгаалалтын ротын I ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн өнөөдөр Жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ. Энэхүү арга хэмжээнд ЗХЖШ-ын БСТГ-ын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар, БХЯ-ны СБТГ-ын дарга, хурандаа Г.Сайханбаяр, болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, цэргийн багийн бие бүрэлдэхүүн оролцов.
ө
НАТО болон Эвслийн цэргийн хүчний явуулж буй Афганистан Улс дахь аюулгүй байдлыг хангах, тогтворжуулах цэргийн ажиллагааны I дүгээр шат буюу “Аюулгүй байдалд дэмжлэг үзүүлэх олон улсын хүчний ажиллагаа” 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болж II дугаар шат буюу “Шийдвэртэй дэмжлэг ажиллагаа”-г 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлэх бэлтгэл ажил хангагдаж байгаа юм.
ө
НАТО-гийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг ажиллагаа”-ны үндсэн зорилго нь Афганистаны үндэсний аюулгүй байдлыг хангах хүчний үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх, сургах, дадлагажуулах, дэмжлэг үзүүлэхэд тус тус оршиж байгаа ба энэхүү ажиллагаанд НАТО-гийн гишүүн болон түнш орнуудын 12000 орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэнэ.
а
Афганистан Улсад явагдаж буй Эвслийн цэргийн хүчний “Аюулгүй байдалд дэмжлэг үзүүлэх олон улсын хүчин”-ий ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 2800 гаруй цэргийн алба хаагч аюулгүй байдлыг хангах үүргээ амжилттай биелүүлсэн бөгөөд олон үндэстний Мармал баазын аюулгүй байдлыг хангах үүргийг бусад орны цэргийн алба хаагчдын хамт гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хамгаалалтын ротын I ээлжийн бие бүрэлдэхүүн ажиллагааны өмнөх сургалт, бэлтгэлээ хангаж ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэхээр мордож байна.
ө
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ