“Хамтарч ажилласан иргэдийг урамшуулна”
Хууль зүйн салбарын шинэтгэлийн хүрээнд цагдаагийн байгууллага иргэдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны төв өнгөрөгч хоёрдугаар сард ЦЕГ-ын тушаалаар байгуулагдсан. Тус төв нь иргэн, цагдаагийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, гэмт хэрэг, зөрчлийг бууруулахад иргэдийн оролцоо, сайн дурын бүлгийг нэмэгдүүлэх, идэвхжүүлэх, иргэдийн санал хүсэлт, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны төвийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Гончигсайханаас дараах зүйлийг тодрууллаа.
б
-Танай төвөөс Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны өдрийг зохион байгуулж байна. Энэ үйл ажиллагааны зорилго нь юу вэ?
-Бид анх удаа өөрийн байранд “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны өдөр”-ийг зохион байгуулж, үйл ажиллагаагаа сурталчилан, тэдний санал хүсэлтийг сонсож байна. Энэхүү ажлаараа Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажлыг тайлагнана. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвх санаачлагатай хамтран ажиллаж байгаа иргэн байгууллагыг урамшуулж, олон нийтэд сурталчилах, гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, идэвхжүүлэх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой юм.
б
-Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны төв байгуулагдаад багагүй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд ямар ажил хийв.
-Бид цагдаагийн байгууллагын үндсэн үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ иргэд, төрийн болон ТББ-уудтай хамтарч ажиллаж байна. Иргэдэд эрх зүйн мэдлэг олгох, ялангуяа дунд сургуулийн сурагчдад багаас нь эрх зүйн мэдлэг олгохоор сургалт, уралдаан тэмцээн зохион байгуулаа. Мөн иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх ажлыг хийж байна.
б
-Олон нийт цагдаагийн ажиллагааг өргөжүүлэхэд, бэхжүүлэхэд иргэдийн оролцоо маш чухал. Ер нь сайн дураар цагдаагийн ажилд тусалсан иргэдэд урамшуулал олгох зохицуулалт байдаг юм уу?
-Тиймээ. Энэ ажиллагааг өргөжүүлэх, сайжруулахын тулд иргэдийг идэвхжүүлэх хэрэгтэй. Одоогоор бол урамшуулал олгох зохицуулалт байхгүй. Гэхдээ 2011 оны Засгийн газрын 58 дугаар тогтоолоор батлагдсан одоо хэрэгжиж буй Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг бид уг хөтөлбөрийг бүр боловсронгуй болгож байгаа. Ингэхдээ иргэний үүргээ биелүүлээд сайн дураараа цагдаагийн байгууллагатай хамтарч ажилласан иргэнд мөнгөн урамшуулал олгох саналыг оруулсан байгаа. Энэ санад дэмжигдвэл урамшуулалтай болох юм. Ер нь тодорхой хэмжээний урамшуулал байх ёстой. Энэ нь иргэдийг идэвхжүүлэх нэг хэлбэр болно.
б
-Өнөөдөр цагдаагийн байгууллагатай сайн дураар хамтран ажилладаг зарим байгууллага, иргэнд урамшуулал олгох юм байна.
-Цагдаагийн албан хаагчийн үйл ажиллагаанд сайн дураараа тусалж, Да хүрээ зах дээр ажиллаж, тэр хавийн автомашины хөдөлгөөнийг зохицуулдаг иргэн н.Чулуунбаатарыг урамшуулна. Түүнийг тэнд ажиллаж, амьдардаг хүмүүс бүгд андахгүй мэддэг. Мөн ЦЕГ-ын МШУТ-д гэмт хэргийн талаар мэдээлэл өгсөн нэгэн иргэн болон Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, “Дреам бокс” телевизийн хамт олныг урамшуулж, урам өгөх юм.
б
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ