Ж.Мөнхбат: Бид Засагт орох гэж улайраагүй
МАН-ын бага хурал
өнөөдөр хуралдах товтой байсан боловч хойшиллоо. МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр
хуралдаж, Засгийн газарт зөвшилцөх ажлын хэсгийн мэдээллийг сонссон байна. Засгийн газарт зөвшилцөх ажлын хэсгийг Су.Батболд гишүүн ахалж байгаа билээ.
Ажлын хэсгийн мэдээллээр зөвшилцөл бага хурал хуралдуулах хэмжээнд хүрээгүй
байна хэмээн үзжээ. Тиймээс МАН-ын
хоёрдугаар бага хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсныг МАН-ын Ерөнхий
нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат мэдээллээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа
сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
-МАН ямар асуудал дээр зөвшилцөж чадахгүй байна вэ? Засгийн газрын бүтэц үү, яамдын асуудал дээр үү.
-Өнгөрсөн даваа гаригт МАН-ын зөвшилцөх ажлын хэсэг байгуулагдсан. Үүнээс хойш хоёр өдөр буюу 48 цагийн хугацаанд МАН-ын зөвшилцөх ажлын хэсэг хүлээлтийн байдалтай байсан. АН-ын ажлын хэсэг уулзалтын асуудлыг яаравчлаагүй гэж хэлж болно. Уулзалт гурав дөрвөн удаа болсон. Уулзалтын үеэр сайдын ч юм уу, сандал ширээний асуудал огт яригдаагүй. Эдийн засгийн хямралаас яаж гарах вэ, улс төрийн хямралыг цааш үргэлжлүүлэхгүйгээр явах байр суурийг МАН барьж байгаа. Бидний зүгээс Засгийн газрыг гацаах гэсэн асуудал байхгүй.
-Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болох үед МАН дэмжээгүй, зөвшилцөх саналын хариуг удаашруулж байгаа нь ямар учиртай вэ?
-Ч.Сайханбилэг Ерөнхий сайдыг дэмжихгүй гэдэг Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу МАН-ын бүлэг чуулганы хуралдаанд оролцоогүй. Зөвшилцөх асуудлыг МАН-аас тавиагүй. Нэгэнт зөвшилцөх бичиг ирсэн учраас бид бүхэн улс төрийн ёс суртахууны үүднээс хандаж байна. Түүнээс бус МАН Засаг орох гэж улайрч зүтгээд байгаа зүйл огт байхгүй. Намын дүрмийн дагуу зөвшилцөх албан бичиг ирсэн тохиолдолд МАН-ын бага хурал шийдвэр гардаг.
-Бага хурал хэдийд хуралдах бол?
-Тодорхойгүй хугацаагаар хойшилсон.
Б.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ