МАН Засгийн газарт орох эсэхээ хэлэлцэж байна
Шинээр томилогдсон Ерөнхий сайдаас тавьсан хамтарч Засгийн газар байгуулах саналыг хэлэлцэн шийдвэр гаргах МАН Бага хурлын II хуралдаан Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Бага хурлын эхэнд МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд улс төрийн илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Дөрвөн бүлэг бүхий уг илтгэлд улс орны улс төр, нийгэм, эдийн засгийн байдал ямар байгаа талаар онцолж, XXVII Их хурлаас хойш намаас авч хэрэгжүүлсэн ажил, цаашдын зорилт, УИХ дахь МАН-ын бүлгийн үйл ажиллагааны талаар танилцуулав. Мөн тэрээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс ирүүлсэн засагт хамтран ажиллах санал, ажлын хэсгүүдийн зөвшилцөл, судалгааны байгууллага, мэргэжлийн хүмүүс, орон нутгийн намын хороод, ард иргэдийн саналыг багцлан Бага хурлын гишүүдэд мэдээлсэн юм. Уг илтгэлээс товчлон хүргэе.
a
Эдийн засгийн хямрал засаглалын хямралтай хавсарлаа
a
Монгол үндэстэн ХХI зуунд хурдтай хөгжиж, сэргэн мандах дүр зураг илт мэдрэгдсэн улс орныг манай нам 2012 онд эрх баригчдад хүлээлгэн өгсөн. Харин хоёр жил гаруйн дараа улс оронд эдийн засгийн болон засаглалын хямрал нүүрлэлээ. Ардчилсан нам, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн Засгийн газар байгуулагдсан цагаасаа зөвхөн нам, эвсэл, бүлэг фракцийнхаа эрх ашгийг урьтал болгон, аливаа асуудлыг олонхиороо хүч түрэн шийдэж ирсэн. Төрийн хууль тогтоомжийг уландаа гишгэн, олон мянган мэргэшсэн төрийн албан хаагчдыг намын угшил, үзэл бодлоор нь хоморголон халж, төрийн албыг “төрлийн алба” болголоо. Шинэчлэлийн Засгийн газрын буруу бодлого, үйл ажиллагааны улмаас улс орон өр зээлийн дарамтад орж, ард иргэдийн амьдрал улам дордсоор байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн 2 жилийн хугацаанд Ардчилсан нам засаглах чадваргүй гэдгээ харууллаа.
a
Шинэчлэлийн гэх Засгийн газрын алдаатай бодлого, тооцоо судалгаагүй зарцуулсан их хэмжээний хөрөнгө мөнгө хоёрхон жилийн өмнө дэлхийд гайхагдаж байсан Монгол Улсын 17.5 хувийн эдийн засгийн өсөлтийг 2.7 дахин багасгаж эдийн засгийг хямралд хүргэлээ. Тухайлбал, энэ оны эхний 10 сарын нэгдсэн төсвийн гүйцэтгэлээс харахад татварын орлого 914.1 тэрбум төгрөгөөр, төсвийн орлого 797.6 тэрбум төгрөгөөр тасарлаа. Төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 47 хувьтай байна. Инфляцийн түвшин 2 оронтой тоонд өслөө. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хэрэглээний үнийн индекс 12.1 хувьтай байна. 2014 онд төрөөс баримтлах мөнгөний бодлогод тусгасан инфляцийн түвшинг 8 хувьд барих зорилт хэрэгжсэнгүй.
a
Монгол Улс гадаадад их хэмжээний өртэй төдийгүй иргэд, аж ахуйн нэгж, байгууллага нь дотооддоо өр зээлийн сүлжээнд орлоо. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2014 оны 10 сарын эцсийн байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 2,3 их наяд төгрөг буюу 22,4 хувиар, хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеийнхээс 2,7 дахин өслөө. Ийнхүү иргэдийн дийлэнх нь тэтгэвэр, цалингийн зээлтэй, амьдралаа тарчигхан залгуулж байна. Энэ оны эхний 9 сарын байдлаар 196,0 мянган тэтгэвэр авагч ахмадууд 351,3 тэрбум төгрөгийн тэтгэврийн, 259,7 мянган ажиллагсад 1,4 их наяд төгрөгийн цалингийн зээлтэй байна. Улс орны улс төр, эдийн засгийн нөхцөл байдал болон ард иргэдийн аж амьдрал цөхрөнги байдалд хүрээд байна” гэв.
a
52.6 хувь нь МАН Засгийн газарт орж, хамтран ажиллах зөв зүйтэй гэжээ
a
МАН Засагт хамтрах эсэх асуудлаар орон нутгийн намын хороод, ард иргэдийн саналыг сонссон аж. Засагт хамтрах эсэх асуудлаар намын даргын дэргэдэх Зөвлөхүүдийн танхим байр сууриа илэрхийлж, аймаг, орон нутгийн намын хороодоос санал авч, энэ асуудалд ард иргэд ямар байр суурьтай байгааг судалсан. Мөн аймаг, нийслэл, дүүргийн намын хорооны тэргүүлэгчдийн байр суурийг тодруулсны үндсэн дээр дээрх асуудлыг намын Бага хуралд хэлэлцүүлэхээр оруулж ирснээ МАН-ын дарга М.Энхболд танилцууллаа. “Стратеги” академи Улаанбаатар хотын 9 дүүргийн 1100 иргэн, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Дархан-Уул, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Ховд, Хэнтий нийт 10 аймгийн 1300 иргэн, нийгэм, улс төр, эдийн засгийн салбарын 100 эрдэмтэн судлаачид, нийт 2500 хүнийг хамруулсан судалгаа хийжээ.
a
Судалгаанаас харахад Улаанбаатар хотоос судалгаанд хамрагдсан иргэдийн 38,5 хувь нь “МАН Засгийн газарт орж, хамтран ажиллах нь буруу”, 61,5 хувь нь “МАН Засгийн газарт орж, хамтран ажиллах нь зөв. Харин хөдөө, орон нутгаас судалгаанд оролцсон иргэдийн 55,3 хувь нь “МАН Засгийн газарт орж, хамтран ажиллах нь буруу”, 44,7 хувь нь “МАН Засгийн газарт орж, хамтран ажиллах нь зөв” гэсэн байр сууринаас асуудалд ханджээ. Улсын хэмжээнд авч үзвэл судалгаанд оролцсон нийт иргэдийн 47,4 хувь нь “МАН Засгийн газарт орж, хамтран ажиллах нь буруу”, 52,6 хувь нь МАН Засгийн газарт орж, хамтран ажиллах нь улс орныг эдийн засгийн хямралаас гаргах зөв зүйтэй гарц мөн гэсэн хариулт өгчээ.
a
Тиймээс энэ хариуцлагатай цаг үед бид зөвхөн намаа, 2016 оны сонгуулиа бодох уу, улс орны тусгаар тогтнол, ард түмний язгуур эрх ашгийг бодох уу гэсэн сонголтын өмнө тулж ирээд байна. Бидний шийдвэр эв нэгдэл, бүтээлч байдалд тулгуурлах ёстой. Манай нам ямар ч цаг үед цөөнхөө хүндэтгэн олонхио дагаж удирдах дээд байгууллагаас баталсан шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө эв нэгдэлтэй, нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж ирсэн уламжлалтай, туршлагатай улс төрийн хүчин билээ. Бага хурлаас гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрч, эв нэгдлийн зарчмаар асуудалд хандаж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллана гэдэгт итгэлтэй байна. Ингэж байж бид дараа дараагийн үүнээс ч том сорилтуудыг амжилттай даван туулж чадах болно” хэмээн илтгэлдээ дурьджээ.
a
МАН-ын Бага хурал үргэлжилж байна. Харин уг хурлын шийдвэрийн талаар тун удахгүй тус намын байранд хэвлэлынхэд мэдээлэл өгөх юм байна.
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ