
Улирч буй оны төгсгөл шинэ оны босгон дээр нийслэл шилдэг хүүхэд, шилдэг хүүхдэд ээлтэй байгууллага, шилдэг залуучуудыг шалгаруулдаг уламжлалтай. 2011 оны шилдгүүдэд шагнал гардуулах ёслол төр захиргааны “Хангарьд” ордонд өнөөдөр боллоо. “Оны шилдэг хүүхэд”-ээр тухайн онд сурлага, урлаг, спортоороо тэргүүлсэн хүүхдүүдийг 6 номинациар шалгаруулан тууз, хүндэт өргөмлөл, гарын бэлэг гардуулдаг юм.
Оюунлиг хүүхдээр 1-р сургуулийн сурагч Б. Бат-Оргил, Сант сургуулийн сурагч Б. Цогт, Авьаслаг хүүхдээр Хөгжим бүжгийн коллеж Б. Өнөржаргал, 33 сургуулийн сурагч М. Номингийв, Спортлог хүүхдээр Мэргэжлийн сургалттай Биеийн тамир спортын сургуулийн сурагч Ц. Намуунцэцэг, 72-р сургуулийн Х. Даваадамба, Бүтээлч хүүхдээр 3-р сургуулийн сурагч Г. Лхагвазаяа, Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29-р тусгай дунд сургуулийн сурагч Б. Баттэнгэр, Манлайлагч хүүхдээр 72-р сургуулийн Т. Очирпил, Монгол Оросын хамтарсан 3-р сургуулийн М. Билгүүн, 16-р сургуулийн Г. Эрдэмтэн, Тусч хүүхдээр Монгол Энэтхэгийн хамтарсан сургуулийн сурагч О. Ананд, 11-р сургуулийн сурагч Г. Ган-Эрдэнэ нар шалгарлаа.
2011 оны хүүхдэд ээлтэй агентлагаар Нийслэлийн Газрын алба, Ус сувгийн удирдах газар, хүүхдэд ээлтэй дүүргээр Багануур дүүрэг, хүүхдэд ээлтэй хороогоор СХД-ийн 4-р хороо, БЗД-ийн 5-р хороо, хүүхдэд ээлтэй сургуулиар БЗД-ийн 84-р сургууль, БГД-ийн 51-р сургууль, Галакси бүрэн дунд сургууль, хүүхдэд ээлтэй цэцэрлэгээр СХД-ийн 106-р цэцэрлэг, ЧД-ийн 56-р цэцэрлэг, ХУД-ийн Тугалхан цэцэрлэг, хүүхдэд ээлтэй халамжийн төвөөр НЗД-ын дэргэдэх Хүүхдийн сургалт хүмүүжлийн төв, хүүхдэд ээлтэй аж ахуй нэгж байгууллагаар Монос ХХК, хүүхдэд ээлтэй төрийн бус байгууллагаар Хүүхэд элгэмсэг ирээдүй төв ТББ, хүүхдэд ээлтэй хэвлэл мэдээллийн байгууллагаар ETV телевиз, хүүхдэд ээлтэй соёл урлагийн байгууллагаар Икс-Арт продакшн ХХК тус тус шалгарав.
Мөн энэ үеэр эрхэлсэн ажил хөдөлмөртөө өндөр амжилт гаргаж нийслэл хотыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын начин Ж. Чулуунбат нарын 16 хүнд Нийслэлийн 2011 оны Хөдөлмөрийн аварга шагнал гардууллаа. Боловсрол шинжлэх ухаан, төрийн захиргаа, хууль хяналт, хүчний байгууллага, санхүүгийн байгууллага, эрүүл мэнд, үйлдвэрлэл үйлчилгээ, биеийн тамир спорт, нийгмийн халамж, хэвлэл мэдээллийн салбарт ажил хөдөлмөрөөрөө хошуучилсан 10 залууст Нийслэлийн 2011 оны “Шилдэг залуу” батламж, алтан медаль, мөнгөн шагнал өглөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ