Ч.Сайханбилэгийн танхимын сайдууд тодорч эхэллээ
Ерөнхий сайд
Ч.Сайханбилэгт парламент дахь улс төрийн
хүчнүүд Засгийн газарт хамтрах асуудлаар “За” хэмээн толгой дохисон хариултаа
өгч дууслаа. Ч.Сайханбилэгийн Засгийн газар
МАН, ИЗНН, “Шударга ёс” эвсэл дэх МАХН-МҮАН гэсэн парламентад суудалтай
бүх улс төрийн хүчинтэй хамтарч ажиллахаар боллоо.
Шинэ Засгийн газрын бүтцийг экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн сүүлд батлуулснаар, эсвэл өнөөдрийнхөөс илүү цомхон байлгах шаардлагатай гэж улстөрчид үзэж байгаа. Одоогийн бүтцээр Засгийн газар 13 яам, 16 сайдтай. Гэхдээ энэ удаад парламент дахь бүх улс төрийн хүчнүүд Засгийн газарт хамтарч байгаа учир бүтцийг тэлж магадгүй гэж зарим ажиглагчид үзэж байгаа юм.
АН-аас ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Гадаад харилцааны сайдад УИХ-ын гишүүн М.Батчимэг эсвээс Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, ССАЖ-ын сайдад АН-ын генсек Ц.Оюундарь, Хуульзүйн сайдад Д.Дорлигжав, ҮХАА-н сайдад одоогийн дэд сайд Ц.Туваан нарын томилогдох сурагтай.
УИХ дахь сөрөг хүчин байсан МАН Засгийн газарт хамтрахдаа Шадар сайд, үндсэн үүргийн хоёр, нийт зургаан яамыг хариуцахаар яригдаж байгаа. Тодруулбал Монголын Улсын шадар сайдад МАН-ын экс генсек У.Хүрэлсүхийн нэр яригдаж байгаа бол Сангийн сайдад одоогийн намын бүлгийн дарга С.Бямбацогт, ХАХНХ-ын сайдад Д.Оюунхорол, Эдийн хөгжлийн сайдад Ж.Энхбаяр, Эрүүл мэндийн сайдад хотын экс орлогч Ц.Цогзолмаа, Батлах хамгаалахын сайдад Я.Содбаатар, ЗТБХБ-ын сайдад Ц.Сандуй, БШУ-ны сайдадБайгаль орчны экс сайд Д.Цогтбаатарын нэр яригдаж байгаа юм.
“Шударга ёс” эсвэл дэх МҮАН-ынхан Засгийн газарт нэг квоттой байх нь тодорхой болоод байгаа аж. МҮАН-ын дарга М.Энхсайхан Уул уурхай, эрчим хүчний сайдаар томилогдох бололтой. Гэхдээ энэ хоёр салбарыг нэгтгэх бус тус бүрээр нь салгах ч магадлалтай. Учир нь эрх баригчид гадаадын хөрөнгө оруулалтын гол салбараа бусдад найр тавихгүй байх гэж ажиглагчид үзэж байна.
Харин ИЗНН-ынхан одоогийн салбараа хэвээр хадгалах эсвэл УИХ-ын байнгын хороодын аль нэгийг харъяалуулах мессэж явж байгаа юм. Ямартай ч тус намынхан Засгийн газарт нэг квотоо хадгалах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа бололтой. Сангийн яамаа МАН-д өгсөн тохиолдолд Эдийн засгийн хөгжлийн яамыг эрх баригчид өөрсдөө авах магадлалтай. Учир нь Эдийн засгийн хөгжлийн сайдад АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын нэр явж байгаа. Одоогоор бүтэц, бүрэлдэхүүний асуудал эцэслэн батлагдаагүй хэлэлцээрийн шатанд явагдаж байгаа тул яамдын хуваарилалт явцын дунд өөрчлөлт орохыг үгүйсгэхгүй.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын танхимаа бүрдүүлэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ярьж байгаа “дан дээл”-тэй бодлогыг баримтлахаа улс төрийн хүчнүүдэд дуулгасан байна лээ. Хэдийгээр танхимаа бүрдүүлэх нь хуулийн дагуу Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Гэвч энэ удаад парламент дахь хүчнүүдийн санал болгосон эрхмүүдийг өргөн барьж оруулж ирэх болохоор Ерөнхий сайдын баг гэж хэлэхэд өрөөсгөл болох биз. Юутай ч Ерөнхий сайд энэ сарын 5-ны дотор Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ өргөн барих ёстой. Эрх баригчдын мэдээлж байгаагаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ирэх өдрүүдэд гар нийлж ажиллах Засгийн газрын танхимын багаа өнөө маргаашгүй өргөн барьж, хэлэлцүүлнэ.
Шинэ Ерөнхий сайдыг танхимаа бүрдүүлэхэд улс төрийн тохиролцоонд нэгэнтээ хүрсэн парламент дахь хүчнүүд хөндлөнгөөс саад болох бус зай тавиад өгөөсэй. Цаашлаад улс төрийн намуудын зөвшилцөл, тохиролцоогоор бүрдсэн Засгийн газрын гишүүд хоорондоо тонхилцолгүй эдийн засгийн хямралаас гаргах шийдлээ шуурхай хэрэгжүүлээсэй.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ