“ANA airways” Европын чиглэлийн маршрутаа дахин судалж үзэхээ амлажээ

img

БНХАУ-ын Бээжин хотноо Олон улсын агаарын тээврийн байгууллага (ИАТА)-аас зохион байгуулсан Туйлаар дамжин өнгөрөх агаарын замын ажлын хэсэг (Cross Polar Trans East Air Traffic Management Provider’s Work Group/CPWG12/)-ийн 12-р хуралд ИНЕГ-ын Аэронавигацийн үйлчилгээний газрын Ерөнхий менежер Ч.Цэдэндорж, Нислэгийн төлөвлөлт зохицуулалтын хэлтсийн менежер Д.Мөнхбаяр нар оролцоод иржээ. Энэхүү ажлын хэсэг нь туйлаар болон ОХУ-ын алс дорнодын агаарын зайгаар дамжин Хойд америк, зүүн өмнөд Азийг холбосон маршрутаар нислэг үйлддэг агаарын хөлөгт үзүүлж буй нислэгийн хөдөлгөөний үйлчилгээг улам бүр боловсронгуй болгох, түүнд тулгарч буй аливаа асуудлыг шийдэх, тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийгээд нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлттэй холбогдогдолтой бусад асуудлаар хэлэлцэн тохиролцох үндсэн зорилготойгоор жил бүрийн уулзалтыг зохион байгуулдаг юм. Үүнд туйлаар дамжин өнгөрөх нислэг үйлддэг авиакомпаниуд болон ОХУ, Канад, Исланд, Норвеги, Япон, Хятад, Казакстан, АНУ зэрэг агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын төлөөлөгчдөөс гадна United airlines, Cathay pacific airways, Asiana airlines, Korean air, Air china, Air Canada зэрэг агаарын тээвэрлэгчдийн төлөөлөгчид мөн оролцдог байна. Хэдийгээр энэхүү ажлын хэсэг нь Туйлын болон алс дорнодын агаарын зайн асуудлуудад төвлөрч ажилладаг байсан хэдий ч сүүлийн жилүүдэд хил хязгааргүй тэнгэр хөтөлбөрийг дэмжих үүднээс Хятад, Монгол, Япон зэрэг улс орнуудын төлөөлөгчдийг ажлын хэсгийн үйл ажиллагаанд татан оролцуулах зорилго агуулж байгаа юм. Энэ хурал нь өмнө нь Russian-American Coordinating Group for Air Traffic Control (RACGAT) нэртэйгээр зохион байгуулагддаг байсан бөгөөд манай орны хувьд 1993-1999 оны хооронд уг хуралд идэвхтэй оролцдог байсан улс орнуудын нэг юм.  Түүхийн тухайд нь авч үзвэл ОХУ-аар дамжин өнгөрөх нислэгүүдэд ОХУ-ын нислэгийн хөдөлгөөний удирдлагын систем шаардлага хангахгүй, англи хэлээр холбоо барьж харилцан ойлголцоход бэрхшээлтэй байсан зэрэг асуудлууд нь RACGAT-ыг 1993 онд анх байгуулах үндэслэл болж байсан юм. Ийнхүү RACGAT-ын анхны хурал ОХУ-ын Москва хотноо 1993 оны 3-р сард зохион багуулагдаж Канад, Япон, Хятад, ИКАО, ИАТА-ийн төлөөлөгчид ажиглагчаар оролцож байв. Энэ нь ОХУ болон АНУ хоорондын олон улсын агаарын зам Хабаровск муж буюу ОХУ-ын алс дорнодын хязгаар хүртэл өргөжин тэлж тухайн маршрутаар үйлдэгдэх анхны үзүүлэх нислэгийг 1992 оны 4-р сарын 01-ны өдөр Northwest Airline-ны агаарын хөлгөөр АНУ-ын Детройт хотоос Японы Токио хотын чиглэлд хийгдэж байсан цаг үеийн дараа юм. Хожим нь 1998 оны зун ОХУ-ын засгийн газраас хойд туйлаар дамжин өнгөрөх 1,2,3,4 агаарын замуудыг нээснээр Сингапур, Конкгог, Бээжин, Токио, Сөүл зэрэг Азийн улс орнуудаас хойд америкийн Нью-Йорк, Чикаго, Вашингтон, Детройт, Торонто чиглэлд шууд нислэг үйлдэх үүд хаалга нээлттэй болсон юм. Дашрамд дурьдахад RACGAT-ын уулзалт нь өөрийн гишүүдэд ихээхэн үр дүнтэй байсан хэдий ч оролцогч талуудад хийгдэж буй өөрчлөлт, зохион байгуулалтын шинэчлэл зэргээс шалтгаалан 2003 оны 10-р сараас хойш дахин зохион байгуулагдаагүй юм. Энэ хугацаанд туйлаар дамжин өнгөрөх агаарын замын бусад групп ажлын хэсэг байгуулж Cross Polar Trans-East Air Traffic Management (ATM) Providers Working Group (CPWG)-ын уулзалтыг жил бүр амжилттай зохион байгуулж ирсэн байна. Ажлын хэсгийн энэ удаагийн хуралдаанд ОХУ, Канад, Исланд, Норвеги, Япон, Хятад, Монгол, Казакстан, Арабын Нэгдсэн Эмират, АНУ зэрэг 10 улс орны агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага, агаарын тээвэрлэгчдийн нийт 52 төлөөлөгчид оролцсон юм. Монгол Улсын хувьд уг хуралд анх удаа оролцож байгаа бөгөөд төлөөлөгчид өөрсдийгөө товч танилцуулах явцад монголын талын төлөөлөгчдийг нэлээд уриалгахан байдлаар хүлээж авч байв. Бидний хувьд энэ удаад ажиглагчаар оролцох байсан хэдий ч Монгол Улсын иргэний нисэхийн салбарт хийгдэж буй томоохон ажлуудын тухай товч танилцуулга хийж мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр дараах сэдвүүдээр товч мэдээлэл өгсөн юм. Үүнд: -    Багасгасан босоо зайчлалын хэрэгжилт (RVSM implementation on 17 Nov 2011 at 0001UTC), -    Монгол Улсын агаарын зайг бүрхэж буй навигацийн болон холбооны тоног төхөөрөмжийн өнөөгийн байдал болоод хэтийн төлөв, -    Бодит ажиглалтын системийн ашиглалт (RADAR SSR), -    Монгол улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрч байгаа олон улсын өнгөрөлтийн нислэг болон орон нутгийн нислэгийн өсөлтийн эрчимжилтийн талаарх статистик мэдээ, -    Нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлт -    2012 new Flight Plan format-ийн явц Танилцуулга хийгдсэний дараа United airline, Air china, Asiana airlines, Air Canada болон АНУ-ын Холбооны нисэхийн удирдах газар (FAA)-ийн төлөөлөгчид Монгол улсын иргэний нисэхийн салбарт хийгдэж буй ажлууд нь олон улсын агаарын тээвэрлэгч бидний хувьд үнэхээр талархууштай бөгөөд нислэгийн аюулгүй байдал, нислэгийн хөдөлгөөний удирдлагийн үйлчилгээнд чиглэгдсэн олон зүйлийг энэ богино хугацаанд хийж гүйцэтгэж байгаа нь бахархууштай байна гэдгээ онцолж баяр хүргэжээ. Мөн түүнчлэн Тайваний “EVA airlines’ болон Европын чиглэлд хийх нислэгээ Монгол Улсын агаарын зайгаар дамжин өнгөрөх сайхан боломж бүрдэж байна хэмээж байсан бол “ANA airways” мөн Европын чиглэлийн маршрутаа дахин судалж үзэхээ амлаж байлаа. Цаашид манай талаас энэхүү ажлын хэсгийн албан ёсны гишүүнчлэлээр элсэж цаашид зохион байгуулагдах жил бүрийн хуралд идэвхитэй оролцож байх талаар санал тавьсан юм байна. Эцэст нь дүгнэхэд энэхүү хуралд оролцсоноор хөрш зэргэлдээх улс орнууд хойд туйлаар дамжин Зүүн өмнөд азийн улс орнуудад чиглэсэн агаарын замын талаар ямар бодлого барьж ажиллаж байгааг мэдэхээс гадна өөрийн улсын нутаг дэвсгэр дээгүүр туйлын маршрутаар хийгдэх олон улсын нислэгийг өөртөө татах олон ажлуудыг цаг тухайд нь агаарын тээвэрлэгч байгууллагуудад түгээж байх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ