Сэтгүүлчидтэй "Кофе-Брийфинг" уулзалт хийв
Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр сэтгүүлчидтэй "Кофе-Брийфинг" уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтанд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ЭМЯ-ы газрын дарга нар болон 40 орчим хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид оролцсон юм. Энэ үеэр эрүүл мэндийн салбарын бодлогын хэрэгжилт болон 2014 оны үйл ажиллагааны тайланг танилцууллаа.
a
Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал хүрэлцэн ирсэн сэтгүүлчдэд ажлын амжилт хүсээд, 2013-2014 онд эрүүл мэндийн салбарт гарсан ахиц дэвшил, ололт амжилтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2014 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөр, Эрүүл мэндийн салбарын Шинэчлэлийн бодлогын хүрээнд олон ажил төлөвлөн хэрэгжүүлж, амжилтанд хүрээд байгааг дуулгалаа.
a
Эрүүл мэндийн шинэчлэлийн гол цөм нь хүний эрүүл мэндэд нөлөөлдөг хүчин зүйлүүдийг удирдан иргэдийн эрүүл мэндийн байдлыг сайжруулах, улмаар Монгол хүний дундаж наслалтыг уртасгах, эрүүл мэндтэй холбоотой амьдралын чанарыг дээшлүүлэхийн чухлыг сайд онцолж байлаа. Энэ хүрээнд ДЭМБ-ын тогтоосноор хүний эрүүл мэндэд 55-60 хувийн нөлөө үзүүлдэг хувь хүний эрүүл мэндийн боловсрол, зан үйл, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах мэдлэг зэрэг хүчин зүйлийг удирдах зорилгоор “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг улс орон даяар явуулж иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг үндэсний хэмжээнд явуулж байна.
a
Хүний эрүүл мэндэд 25 хувийн нөлөө үзүүлдэг бусад салбарын оролцоо хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Эрүүл мэндийн үндэсний зөвлөлөөр “Эрүүл мэндийн төлөөх түншлэлийн баримт бичиг”-ийг батлуулан хэрэгжүүлж байна. Хүний эрүүл мэндэд 10-15 хувийн нөлөө үзүүлдэг эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн үйл ажиллагаатай холбоотой “Эрүүл мэндийн суурь шинэчлэл”-ийн бодлогыг хэрэгжүүлж байгааг мэдээллээ.
a
Энэ үеэр өнөөдрийн байдлаар нийгэмд тулгараад байгаа хэд хэдэн асуудлыг хөндөж салбарын сайдаас сэтгүүлчид тодруулга авсан юм. Дэлхий дахинд Эбола вируст халдвараар нас барах хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа аж. 2014 оны 11 дүгээр сарын 23-ны байдлаар дэлхийн 9 улсад Эбола вируст халдвараар нийт 16001 хүн өвчилж, 5738 хүн нас бараад байна. Өвчний дэгдэлт Гвинейд тогтворжиж, Либерид буурч байгаа бол Сьерра-Леон улсад өвчлөлийн тархалт эрчимтэй нэмэгдсэн хэвээр байна. Эбола вирусээр нийт 592 эрүүл мэндийн ажилтан өвчилж, үүнээс 340 нь буюу 57% хувь нь нас барсан байна. Дээрх вируст халдвар тархаад байгаа 9 орноос Монгол улсад гурван хүн аялалаар ирсэнийг хил дээрээс нь буцаасан байна. Эрүүл мэндийн яам холбогдох байгууллагаас өдөр тутам мэдээ, мэдээллийг хүлээн авч, урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаа. Мөн тун удахгүй манай орны энхийг сахиулагч 68 цэрэг эх орондоо ирэх гэж байгаа аж. Тэднийг ирсэн даруйд эрүүл мэндийн үзлэгт хамруулж, шаардлагатай тохиолдолд тусгайлан эмчилгээ хийж, сэргийлэх арга хэмжээг авахаар төлөвлөөд байгаагаа ч салбарынхан дуулгалаа.
aza
Түүнээс гадна иргэдийн дунд хүлээлт үүсгээд нийслэлийн 3, 4-р төрөхийн барилгын асуудлаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал өөрийн байр суурийг илэрхийллээ. Тэрбээр “Төрөх эмнэлгүүдийн ачаалал өндөр түвшинд байгаа нь үнэн. 3,4-р төрөхийн барилгын ажил ч мөн адил удаашраад байгаа нь үнэн. 3-р төрөх эмнэлгийн барилгын ажил санхүүжилтгүйн улмаас түр зогссон байгаа. Үүний санхүүжилт 2015 оны төсөвт батлагдсан. Удахгүй барилгын ажил эхлэнэ. Харин 4-р төрөх эмнэлгийн барилгад анх 19 тэрбумын төсөв баталсан. Гэвч төсөв хүрэлцэхгүйн улмаас ашиглалтанд ороогүй бөгөөд тус барилгыг царцаасан барилгын тоонд оруулсан. Эмнэлгүүд ашиглалтанд орох боломжгүй болсон нь улс төрчдийн буруугаас болж байна” хэмээлээ.
a
Мөн Шинэчлэлийн засгийн газрын 2012-2014 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө. Тус хөтөлбарт иргэд, иргэний нийгмийн байгууллагууд болоод бусад салбарынхан, эмч мэргэжилтнүүд идэвхитэй оролцсон байна. Хөтөлбөрийн биелэлт 2013 онд 50,5 хувьтай гарч байсан бол 2014 оны эхний хагас жилийн байдлаар 69,0 хувийн хэрэгжилттэй байгаа аж.
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ