“Архины татварын өсөлт хууль бус зах зээлийг цэцэглүүлдэг”

img

ОХУ-д өндөр градустай согтууруулах ундаанд өндөр татвар ногдуулах болсон нь архины борлуулалтын зах зээлийг багасгаж, анх удаа төсөвт орлого буурахад хүргэжээ. Иймд ОХУ-ын эрх баригчид ойрын хоёр жилийн хугацаанд архинд ногдуулах татварыг түр цуцлах шийдвэр гаргалаа. Үүнтэй холбоотойгоор Оросын томоохон согтууруулах ундаа үйлдвэрлэгчдийн нэг болох Сибирийн Спирт үйлдвэрлэгч группын захирлуудын зөвлөлийн дарга Андрей Стрелец тус салбарын ирээдүйн талаар “Коммерсант Ъ" сонинд ярилцлага өгснийг толилуулж байна.


-Танай компани Москва руу нүүхээс өмнө Омск хотод хуучин байрандаа байхдаа л улсын хэмжээнд согтууруулах ундаа үйлдвэрлэгч шилдэг тавын нэг болж чадсан. Энэ бүгд яаж эхэлсэн талаар ярьж өгнө үү?  

-Манай компани анх 1993 онд Омскийн батлан хамгаалах салбарын үйлдвэрийн албан хаагчид, ажилчдын санаачлагаар байгуулагдсан юм. Тухайн үед үйлдвэр байлдааны зориулалттай сансрын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл эрхэлдэг байсан. Тэр үед сансрын бүхий л хөтөлбөрүүдийг хааж байсан тул хүмүүс ирээдүйд хэрхэн амьдрах асуудал тавигдаж, хүн бүр аль нэг бизнесийн салбарт хүчээ үзэж байв. Бид согтууруулах ундаа үйлдвэрлэлийг сонгосон юм. Нэг сонин зүйл гэвэл манай компани анх байгуулагдахдаа "Омсквинпром" нэрээр бүртгүүлж байсан бөгөөд өнөөг хүртэл компанийн дүрэмд энэ нэрээрээ бүртгэлтэй, өөрчлөгдөөгүй явдаг. Түүнээс хойш бараг 22 жил өнгөрөөд байна. Одоо манай компанийн бүтэц хоёр суурь компаниас бүрддэг. Нэг нь үйлдвэрлэл эрхэлдэг "Омсквинпром", нөгөөх нь борлуулалтыг хариуцдаг толгой компани болох "ССҮГ" юм. Бид тухайн үед ямар ч бизнесийн мэдлэг байхгүй ч үйл ажиллагаагаа ном, сурах бичиг харж байгаад явуулдаг байв. Эхний үед манай компани Крымийн дарс ханган нийлүүлэх бизнес эрхэлдэг байсан бол 1993-1994 онд орон нутгийн иргэд асуудал үүсгэж эхэлсэн тул дарсны бизнес нэлээд ярвигтай болсон юм. Бизнесийг үргэлжлүүлэх нь амь насанд ч аюултай болж, бид аюул эрсдэл багатай архины бизнес эрхлэхээр шийдсэн юм. 


- Омскийн нэг компани Засгийн газар, төрийн зүгээс хүчтэй дэмжлэг, татаас авалгүйгээр холбооны хэмжээний томоохон үйлдвэрлэгч болж чадсан нь сонирхолтой юм?

- Тийм ч амархан  байгаагүй. Бид эхний ээлжинд орон нутагтаа хүчтэй компани болж хөгжөөд, дараагийн шатанд 2000-аад оны эхээр улсын хэмжээний томоохон үйлдвэрлэгч болж чадсан. Тэгэхдээ аливаа хүчтэй эсвэл нэр хүндтэй хамтрагч гадаад дотоодоос оролцуулаагүй юм. Бид мэдээж Засгийн газартай нягт холбоотой ажилладаг ч бидний бизнес тэднээс тусдаа явагддаг. 


- Архинд ногдуулах татварыг нэмэх шийдвэр нь танай бизнест сүүлийн жилүүдэд хэрхэн нөлөөлсөн бэ? Архины борлуулалтын хэмжээ хэр их буурсан бэ?

- Nielsen-ийн мэдээллийн дагуу энгийн тоогоор илэрхийлбэл эхний хагас жил нийт архины борлуулалт 18 хувиар буурсан бол манай компанийн архины борлуулалт 13 хувиар буурсан гэсэн тоо байгаа.  


-Архинд ногдуулах татвар өссөн тул архины үнэ нэмэгдэж, Зүүн-Европын-Дистрибюторын-Компани (ЗЕДК) гэх мэт үйлдвэрлэгчид хямд үнэтэй архины бүтээгдэхүүнүүдээ зах зээлээс хасаж, зөвхөн дээд зэрэглэлийн архиа борлуулж эхэллээ. Танайханд бас иймэрхүү арга хэмжээ авах төлөвлөгөө байгаа юу?

- Манай хямд үнэтэй бүтээгдэхүүнүүд зах зээлд хэвээр үлдэж, бид зөвхөн манай үйлдвэрт ойр байрлах орон нутгийн борлуулалтын сүлжээндээ л нийлүүлэх болно. Энэ нь бараа тээвэрлэлт, ханган нийлүүлэлтийн хувьд зөв шийдвэр юм. Бид анхандаа орон нутгийн салбарт үйл ажиллагаа явуулах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй гэж үзэж байсан тул хөрөнгө мөнгө оруулдаггүй байсан. ЗЕДК эдгээр бүтээгдхүүнүүдээс татгалзаж эхэлсэн нь логикийн хувьд ойлгомжтой шийдвэр. Түүнээс гадна хямд үнэтэй гэгдэх энэ зэрэглэлд хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрсдэл хамгийн өндөр байдаг тул түүнтэй өрсөлдөх бараг боломжгүй байдаг. Тээвэрлэх хугацаа нь бага байгаа нөхцөлд л үүнийг хийж болох юм.


- Засгийн газар ойрын хоёр жилд хатуулаг өндөртэй согтууруулах ундааны онцгой татварыг бууруулахаар шийдвэрлэсэн байна. Ийм арга хэмжээ авснаар хууль бус зах зээлийн өсөлтийг хязгаарлах, тэр ч байтугай хэмжээг нь бууруулна гэж та бодож байна уу?

- Эмнэлгийн хэлээр ярих юм бол онцгой татварыг хоёр жилийн хугацаанд барьснаар зах зээлийн ерөнхий байдалд тогтвортой хүнд гэсэн онош тавих нөхцөл бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, бид байдал улам муудна гэж бодохгүй байна. Зүгээр л хүнд бөгөөд тогтвортой байх болно. Үүнийг хийгээгүй бол 2015 онд онцгой татвар нэмэгдэх байсан. Хэрэв ингэсэн бол архины хууль ёсны зах зээл бүрмөсөн нуран унах хандлагатай байсан юм. Учир юу гэвэл, лангуун дээр байгаа архины үнэ болон түүний онцгой татварын хэмжээ нь хүн амын худалдан авах чадвартай уялдсан байх ёстой. Энэ бол хамгийн гол зүйл, асуудлын үндэс нь юм. Жишээ нь, манайд зарагдаж байгаа архины үнэ Германы дэлгүүрт байгаа архины үнэтэй ижил байгаа юм. Гэтэл манай хүмүүсийн худалдан авах чадвар Европын хэмжээнд хүрээгүй, өөр байгаа. Хууль бус зах зээл буюу хар захтай холбоотой хүндрэлүүд үүнээс л эхтэй юм. Ийм учраас, миний бодож байгаагаар хэрэв Засгийн газраас авсан арга хэмжээний үр дүнд 2017-2018 он гэхэд хууль бус зах зээлийн хэмжээг дор хаяж 20 хувиар бууруулж чадвал дараа нь онцгой татварын хэмжээг нэмэгдүүлж болох юм. Хэрэв хууль бус зах зээлийн хэмжээ буурахгүй бол онцгой татварыг жаахан нэмэгдүүлэхэд л хууль ёсны зах зээл үргэлжлэн унана.


- Архины хууль бус зах зээлийн хэмжээг та хэд гэж бодож байна вэ?

- Яг тодорхой байдлаар тооцож гаргахад хэцүү юм. Магадгүй архины бүх борлуулалтын 50 хувиас багагүй хэмжээнд байж мэдэх юм. Гэхдээ энэ бол багцаа тооцоо юм.


- Хууль бус зах зээлийн өсөлтийг зогсоох, улмаар бууруулахын тулд ямар төрлийн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой гэж та бодож байна вэ?

- Миний мэдэж байгаагаар бол Эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулахаар зэхэж байгаа юм билээ. Шийтгэлийг чангатгах байдлаар. Мөн түүнчлэн Беларусь болон Казахстанаас хувь хүмүүс согтууруулах ундаа зөөдөг асуудлыг хязгаарлах зорилгоор Төрийн Дум хууль гаргаж байгаа гэсэн. Миний бодлоор эдгээр арга хэмжээнүүд чухал ач холбогдолтой. Гэхдээ онцгой татварын хэмжээ болон худалдан авах чадварын хооронд ихээхэн тэнцвэргүй байдал байгаа нөхцөлд бид юунд ч хүрэхгүй.


- Тэгвэл бид юу хийх ёстой вэ? Онцгой татварын хэмжээг бууруулах ёстой юу?

- Ядахнаа түүний хэмжээг нэмэгдүүлэхгүй байх хэрэгтэй. Татвар цуглуулах ажлаа жигдэртэл үүнийг хийгээд хэрэггүй.


- Казахстанаас Орос руу нийлүүлж буй хууль бус архитай холбоотой асуудал хэр хурц байна вэ?

- Миний бодлоор энэ асуудлыг жаахан хэтрүүлэн тооцож байгаа гэж үзэж байна. Ойлгомжтой асуудал учраас л бүгд энэ тухай ярьж байгаа хэрэг. Энэ талаар ярихад амархан байдаг юм. Манай нутаг болох Омск мужийн Казахстантай залгаа хил 100 км урт. Гэтэл манай мужид ийм асуудал байдаггүй. Мэдээж казах архи зарагдаж л байгаа. Гэхдээ тэдний архи зах зээлийг тодорхойлдоггүй, шийдвэрлэх байр суурь эзэлдэггүй.


- Магадгүй Беларусь болон Казахстанаас нийлүүлж буй хууль бус архины асуудлыг шийдвэрлэхийн тулд Гаалийн холбооны хүрээнд онцгой татварын хэмжээг уялдуулан зохицуулах нь шийдвэрлэх арга хэмжээ болж чадах байх?

- Казахстан эсвэл Беларусь улс архины онцгой татварын хэмжээг нэмэгдүүлж манай түвшинд хүргэх зэрэг өөрт ашиггүй, үндэслэл муутай арга хэмжээ авна гэдэгт би хувьдаа итгэхгүй байна. Хэрэв тэгвэл тэд Оростой л адилхан болно. Зах зээлийн 50 хувь нь хар зах. Одоо бол тэдний нөхцөл байдал муугүй байгаа. Яг ийм байдал манай улсад 2010 онд байсан. Тэр үед манай Засгийн газар арга хэмжээ авснаар хууль бус зах зээлийн хэмжээг 25 хувь орчимд барьж байсан.


- Өнөө үед хууль ёсны үйлдвэрлэл буурч байгааг бид ажиглаж байна. Архины зах зээлийн нэгдмэл байдал цаашид бэхжих үү? Та энэ талаар юу гэж бодож байна вэ?

- Сүүлийн хоёр жилийн хугацаанд олон үйлдвэрлэгч, дистрибьютор зах зээлийг орхисон байна. Хэдийгээр онцгой татварын хэмжээг барьж байгаа ч гэсэн олон тоглогчид энэ зах зээлээс гарах болно. Одоо үйл ажиллагаа явуулж буй том таван компани явсан тоглогчдын зах зээлийг хуваан эзэмшинэ. Хууль бус зах зээлийн хэмжээ нь 50 хувьдаа хүрсэн ийм салбар руу барууны компаниуд орж ирэхгүй л байх.


- Ирээдүйд, жишээ нь ирэх жилийн хувьд та өөрийн үйл ажиллагааны бүтцийг ямар байдлаар харж байна вэ?  Архины борлуулалтын хэмжээ хэд байх вэ? Бусад төрлийн согтууруулах ундааны хувь хэмжээ хэд байх вэ?

- Бид дараах зорилтыг тавьсан байгаа. Архины бус бүтээгдэхүүний (виски, коньяк, г.м.) борлуулалтын хэмжээ нь 15 хувиас доошгүй байх. Гэхдээ энэ зорилтыг нэг биш хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм. Дараагийн жилд 5-7 хувийн талаар ярьж болох. Долларын ханш ямар байхыг мэдэхгүй учраас одоо таамаг гаргахад хэцүү байна. Импортын согтууруулах ундааны үнэ нэмэгдэж мэднэ. Тэгээд худалдан авагч нь эргээд архиа авах болно.


- Оросын согтууруулах ундааны олон үйлдвэрүүдийн хувьд Украин улс экспортын хамгийн том зах зээл байсан. Танай компани энэ чиглэлээр хэр амжилттай ажиллаж байсан бэ? Хэр том зах зээлийг эзэлж байсан бэ? Улс төр танай үйл ажиллагаанд ямар нөлөө үзүүлэв?

- Үгүй дээ, Украин бидний хувьд томоохон зах зээл байгаагүй. Бид тийшээ томоохон хэмжээний нийлүүлэлт огт хийгээгүйучраас бидэнд нөлөөлөх зүйл байхгүй. Миний мэдэж байгаагаар тэндэх тооцоо дууссан. Манай хамгийн гол худалдан авагчид бол хамтын нөхөрлөлийн бусад орнууд, Герман улс юм. Украин руу бол урьдчилгаа төлбөр хийсэн нөхцөлд л бараа ачуулж байсан.


- Крым руу бүтээгдэхүүнээ нийлүүлдэг үү?

- Крымийг бид судалж байгаа. Бид дөнгөж саяхан Крымийн компаниудын удирдлагатай уулзаж, тэнд юу хийж болохыг ярилцсан. Ямар ч байсан тийшээ бараа бүтээгдэхүүнээ ачуулна гэдэг нь тодорхой болсон. Крымд манай худалдааны төлөөлөгч ажиллаж байгаа.


- АНУ-ын зах зээл та нарт сонирхолтой байгаа юу?

- АНУ руу бид бараа бүтээгдэхүүнээ ачуулж байгаа. Гэхдээ хэмжээ нь бага. Голчлон Оросын дэлгүүрүүдэд нийлүүлж байна. Ерөнхийдөө бол экспортын хувьд хоёр хандлага байдаг. Нэгдүгээрт, дэлхийн хэмжээний брэндийг бий болгох. Энэ нөхцөлд хэн ч ашгийн төлөө явдаггүй. Зөвхөн зах зээл дээрхи өөрийн байр суурь, хувь хэмжээ, борлуулалтын суваг, татваргүй барааны дэлгүүр зэргийг сонирхдог. Хоёрдугаарт, түгээлтийн системд хөрөнгө оруулахгүйгээр зүгээр л бараагаа ачуулах. Германд эрэлт байгаа учир бид тийшээ бараагаа ачуулдаг юм. Яагаад болохгүй гэж.


Ярилцлага хийсэн Олег Трутнев. 


2014 оны 11-р сарын 28. “Коммерсант Ъ" сонин


Үндэсний шуудан сонин 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ