Засагт орсон намуудыг 250 мянгаар торгоно
Намууд нэгдэж /үнэндээ бол зохицож / шинэ засгийн газраа эмхэлж дуусав.Тохирсон
бүхнээ шийдээд явчих 100 хувийн боломжтой сөрөг хүчингүй, хяналтгүй Засаг бий
боллоо. Яамдууд хариуцах сайдтай,
давхар өөр өөрийн харьяалах намтай
болсон гэж болно. МАН сөрөг хүчний суудлыг 6 яамаар сольчихлоо. Шуудхан хэлэхэд
яам атгаснаар санхүүжилт нь сайжирах төлөв харагдана. Ялагдахад нь буурин дээр
хаяад явчихсан хандивлагчид нь эргээд
сээтэгнэж эхлэнэ. Яам атгасан намууд өнөөдрөөс
сайн панзчины нүд унагах хөөрөгтэй адил үнэ хүрч эхлэх юм. Тийм л учраас эвийг
сахисан намууд хамтран хийх ажлын санал
дээрээ 3 өдөр суусан бол яамдыг хуваах
дээрээ 5 өдөрийг зориулж байгаа юм.
Эндээс өнөөгийн том намуудаас ямар эрх ашиг үнэртэж байгааг мэдэрч болно. Ямар
засаг бүрдэж байгаагаас илүүтэй намууд
юу болчихоод байгааг бид бодитой харж, үнэлэх
цаг ирсэн харагдана.
Намуудын хариуцлага гэхээр их том сэдэв тавигдах юм. Улс орныг авч явах мөрийн хөтөлбөрөөрөө уралдан сонгуульд ялж төрийн эрх авах нь намуудын туйлын зорилго. Үзэл бодлоороо ялгарч, хөгжлийн хөтөлбөр зорилтоороо уралдах ёстой намууд өөр хоорондоо үгсэн хуйвалдсан бүлэглэлийн шинжтэй болж ирж байгаа нь засаглалын хямралыг бий болгож байгааг судлаачид хэлсээр байгаа. Гэвч одоо хүртэл энэ гажуудлаас гарах арга зам тодорхойгүй хэвээр байгаа юм. Ганц хүлээлт байгаа нь улс төрийн намуудын санхүүжилтийн тухай шинэ хуулийг батлах. Гэхдээ парламентад суудалтай намууд энэ хуулинд хэр эрүүл саруул шударга хандах нь эргэлзээтэй. Үүнд цаг хугацаа хэрэгтэй байгаа. Харин одоо бол сөрөг хүчингүй болж яамдыг хувааж авсан намууд төрийн өмчөөс цавчаа хийж намаа санхүүжүүлэхгүй гэх баталгаа үндсэндээ алга боллоо.
Улсын хэмжээнд маш том масштабаар улс төрийн үйл ажиллагаа явуулдаг том намууд хаанаас санхүүжээд байна вэ гэдэг асуулт өнөөг хүртэл хариултгүй хэвээр байна. Улс төрийн намын хуулинд зөвшөөрсөн хэмжээний хандив татвараар явах юм бол одоогийн намууд ордон барих байтугай орон нутагт хэдэн уулзалт хийхэд л дуусах мөнгө цуглах юм. Хуулийн заалтаар бол намд өгөх хандивын хэмжээ хуулийн этгээдээс бол 10 сая төгрөг, иргэдээс бол нэг сая төгрөг хүртэл байх юм. Үүнээс илүү мөнгө хандив авчихвал хууль зөрчигдөнө гэсэн үг. Мөн нэг хандивлагч намын нэг байгууллагад жилд хоёроос дээш хандив өгөхийг хориглоно гэж хуулинд тодорхой заасан байгаа юм. Дээр нь амьдрал дээр хэрэгжихээ байсан нэг заалт байгаа. Энэ нь намд хандив өгснийхөө төлөө хувийн эрх ашиг, албан тушаал хөөцөлдөх, хандивынхаа хариуд шахалт үзүүлэхийг хориглоно гэж заасан. Энэ нь хар ярианы “ёстой харагдаач” гэдэг үгэнд дүйцнэ. Олон намын тогтолцоо бий болж засаг барих болсон цагаас намууд санхүүгийн хувьд хөл дээрээ босч эхэлсэн байдаг. Олон ч тэрбумтнууд төрөөс төрүүлсэн. Гэхдээ 100 хувь хууль бус санхүүждэг гэвэл хэтрүүлсэн болно.
Улс төрийн намуудын хуулийг үнэндээ гурилдсан хууль гэж болно. Төвлөрсөн мөнгөө зориулалтын дагуу зарцуулахгүй, нэг хүнээс авах хэмжээнээс илүү эсвэл төрийн албан хаагч болон төрийн өмчит компаниас хандив авсан бол хэрхэн шийдэх талаар зохицуулалт бараг байхгүй. Хуулинд хяналт тавина гэж заасан боловч яг хэн хянах нь тодорхой бус. Хяналтыг хийж тайланг нийтэд мэдээлж байх хариуцсан эзэн байхгүйгээс хуулийн заалт байлаа ч хэрэгжихгүй байна. Нам тодорхойгүй эх үүсвэрээс санхүүжээд бас өөрийгөө хянаад явж ирсэн гэж болно. Намуудын дотоод хяналт гэж байх боловч тэд багаа алж гадагшаа дуугарч зөрчлийг мэдээлнэ гэж байхгүй. Бие даагч С.Ганбаатар гишүүн санхүүгийн тайлангаа олон нийтэд тавьж ил болгосон шинэ жишиг гаргасан. Харин намууд хандивынхаа талаар нийтэд мэдээлж, санхүүжилтээ ил болгож тайлангаа тавьж байхыг ер нь хараагүй санагдана. Ядаж хуулинд зааснаар намууд санхүүгийн үйл ажиллагаандаа жил бүр аудит хийлгэдэг эсэх нь ч эргэлзээтэй. Улс төрийн намын хуулиндаа санхүүжилтийн хяналт ил тод байдлын заалтыг зөрчсөн бол хүлээх хариуцлагын тухай мөн оруулж өгсөн байдаг. Гэхдээ их өр зөөлөн хандсан байгаа юм. Аудит оруулаагүй, аудитын дүнг нийтэд мэдээлэхээс зайлсхийсэн бол албан тушаалтан 40- 60 мянган төгрөгөөр, намыг нь 100-250 мянгаар торгоно гэж байгаа юм. Хэний ч хөх инээд хүрнэ. Намдаа тухалсан тэрбумтнуудын өдрийн цайны ч мөнгөнд хүрэхгүй л торгууль. Ийм байхад намуудын хариуцлагын тухай ярих нь дэндүү өрөөсгөл сонсогдоно.
Төрөөс санхүүжилтээ саадаг болсон намуудын гол аргачлал нь төрийн өмчит компаниудыг алдагдалд хүргэж, тендер төслүүдийг будилуулах явдал байсаар ирсэн. Энэ нь цайраад олон нийт бухимдаад ирэхээр төр муу менежер, тийм болохоор бүгдийг хувьчилъя гэж лоозогнож эхэллээ. Ийм муу нэртэй болсон төрийн эрхийг хэн атгаж ирсэн бэ. Энэ асуултын хариултаар төр муу менежер юм уу, намууд төрийн менежер болчихсон юм уу гэдэг асуултыг тавих нь цаг үеэ олсон хэрэг болно.
Намууд Үндсэн хуульд заасны дагуу хууль шүүхийн өмнө бусадтай адил үүрэг хүлээх учиртай. Энэхүү шударга ёсны зарчмаар Шийдлийн Засгийн газарт багтсан бүх нам нэн даруй санхүүжилтээ тайлагнаж, ил тод мэдээлэхийг уриалах байна. Жил зургаан сарын дараа яам атгасан намуудын санхүүжилт яаж тэлснийг олон нийт мэдэж байх эрхтэй. Үгүй бол улс төрийн намын хуулинд зааснаар санхүүжилтээ ил тод мэдээлэхээс зайлсхийсэн зөрчилдөө 250 мянгаар торгуулж, баримтаа бидэнд үзүүлэх нь зөв.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ