НҮБ-ын Конвенцийн нэмэлт протоколыг баталлаа
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2014.12.11/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх санал хураалт явуулахад тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналыг хуралдаанд оролцсон гишүүд 75,5 хувийн саналаар дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.
й
Үүний дараа “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцийн нэмэлт Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.07.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, Үндэсний тогтолцоог Хүний эрхийн Үндэсний Комиссыг түшиглэн байгуулах бөгөөд урьдчилан сэргийлэх зорилгоор баривчлах болон цагдан хорих байр, хорих ангиудад ямар ч үед саадгүй нэвтэрч, тогтмол хяналт тавих, шүүхийн болон эрх бүхий байгууллагын шийдвэрээр хоригдсон этгээд, бусад хүмүүстэй уулзаж, ярилцах нөхцөл бүрдүүлэх тухай, соёрхон батлах/-ийг хэлэлцэв.
Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нар танилцууллаа.
НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1984 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг Конвенцийг баталсан. Монгол Улс тус Конвенцийг 2000 онд соёрхон баталжээ.
й
Хууль зүй, дотоод хэргийн сайдын /хуучин нэрээр/ 2008 оны 92 дугаар тушаалаар нэмэлт Протоколыг судалж, нэгдэн орох асуудлаар санал боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд ажлын хэсэг уг асуудлыг судалж үзсэний үндсэн дээр тус Протоколд нэгдэн орох нь зүйтэй гэж үзэн, түүнд заасан үндэсний урьдчилан сэргийлэх байгууллагын чиг үүргийг Хүний эрхийн Үндэсний Комисст хариуцуулахаар тогтож, холбогдох хуулийн төслийг боловсруулсан байна.
й
Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, О.Баасанхүү, Н.Батцэрэг, О.Содбилэг,А.Бакей, Д.Сарангэрэл, З.Баянсэлэнгэ, С.Дэмбэрэл, Г.Баярсайхан нарын тавьсан асуултад Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж нар хариулт өгөв.
й
Гишүүдийн зүгээс гэм буруу нь тогтоогдоогүй хүнийг удаан хугацаанд барьж хорьж байгаад шүүмжлэлтэй хандаж, хэрэгтэнд хэрцгий, хүнлэг бусаар хандаж, доромжлох асуудал байгаад иж бүрэн судалгаа хийсэн эсэх талаар тодотгож байсан юм. Хууль зүйн сайд Д.Дорлигжав өгсөн тайлбартаа, олон оролцогчтой хэргийн хувьд ийм асуудал бий. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд шинжээч дүгнэлт гаргана гэж байдаг. Гэтэл шинжээч олддоггүй. Арай гэж шинжээч томилоход бүрэлдэхүүн хэрэг болдог, мөнгө нь хүрдэггүй. Гэхдээ хуулийн хугацаандаа багтаадаг. Удаан хугацаанд барьж хорьж байна гэж шүүмжилж байгаа бол энэ нь хуулийн асуудал” гэв.
й
Харин Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, хэрэгтэнг хорих хуулийн хугацааг хэтрүүлж байгаа. Хугацаа нь дуусангуут шинэ хэрэг илэрсэн гээд хоёр гурван жил дамнуулан хорьдог” гэсэн юм.
й
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, А.Тлейхан, Х.Тэмүүжин, Н.Батцэрэг нар конвенцид нэгдэж орохыг дэмжиж байгаагаа илэрхийлэн өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс конвенцид нэгдэн орсноор тодорхой үүрэг хүлээнэ. Иймд хамгийн гол нь конвенцийг хэрэгжүүлэх нь чухал гэдэгт санал нэгдэж байсан юм.
й
Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Байнгын хорооны саналаар “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг НҮБ-ын Конвенцийн нэмэлт Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 94,4 хувийн саналаар дэмжив.
й
Мөн хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд/Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү 2014.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл нар танилцуулсан.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар хуулийн хэрэгжилт сайжран, эм, эмнэлгийн хэрэгслийг худалдах, эмийн зохистой хэрэглээтэй холбогдон гарч байгаа зөрчил, дутагдал багасах эрх зүйн механизм бий болно хэмээн хууль санаачлагч үзэж байгаа юм. Гишүүдийн зүгээс гаднаас хяналтгүй, хуурамч эм ихээр орж ирж байгаа. Эм бол хор. Иргэд эмчийн жоргүй өөрсдийн дураар дуртай эмээ авч хэрэглэж байгаад ямар ч хяналт байдаггүй. Юуны өмнө Эмийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичигтээ өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн байр сууринаас хандаж байсан юм. Хуулийн төслүүдийг маргаашийн чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ