“Нүүдэлчин” шүүх
Бид “нүүдэлчин” шүүхэд саатлаа. Булган хангайн өндөр сүрлэг улсын уулсын дунд аж төрөн суугаа 17 сумын иргэддээ нүүдэллэн хүрч, үйл ажиллагаагаа хүргэдэг Булган аймаг дахь Сум дундын 4 дүгээр шүүхэд саатан ажилласнаа ийн хэлж буй юм. Шинэчлэн баталсан Шүүхийн тухай багц хууль, Шүүх байгуулах тухай хуулийн дагуу Булган аймаг дахь сум дундын шүүх, Сум дундын 4 дүгээр шүүх болон зохион байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байна.
ө
Жилийн дөрвөн улиралд сумддаа нүүдэллэн үйл ажиллагаа явуулдаг тэд хамгийн сүүлд буюу өнгөрөгч 11 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд Орхон, Баяннуур, Хишиг-Өндөр, Дашинчилэн, Бүрэгхангай, Рашаант сумдад ажиллаад иржээ. Нүүдэллэн ажиллахдаа журмын дагуу эрүү, иргэн, захиргааны хэргийн зохигч, оролцогч нь хүнд өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, нэг хүртэлх насны хүүхэдтэй, 65-аас дээш настай зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхэд хүрэлцэн ирэх боломжгүй бол, иргэн хуульд заасан онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэх, эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалыг тогтоолгох хүсэлт гаргасан тохиолдолд газар дээр нь очиж хэргийг хянан шийдвэрлэдэг байна. Энэ тухай Хутаг-Өндөр сумын Уньт багийн малчин Б.Наранцэцэг “Шүүхийн нүүдэллэн ажиллахын ач тусыг биеэр мэдэрсэн. Би тэтгэвэрээ тогтоолгохоор хөөцөлдөхөд хүндрэл учирсан. Харин Сум дундын 4 дүгээр шүүх хөдөө очиж, ард иргэдийнхээ тусын тулд үйлчилж, маргааныг хурдан шуурхай шийдэж өгсөн. Иргэдийнхээ цаг зав, хөрөнгө мөнгийг хэмнэсэн ийм үйл ажиллагаа явуулж байгаад талархаж байгаа. Энэ мэтчилэн шүүх ил тод, нээлттэй болж иргэдийнхээ итгэлийг хүлээж байгаа. Энэ дашрамд танай сайтаар дамжуулаад Сум дундын 4 дүгээр шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн, түүний туслах Л.Наянтай нарт талархаж буйгаа илэрхийлье” хэмээсэн.
б
Сум дундын 4 дүгээр шүүхийн шүүгч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гурвуулаа шийдвэрлэх хэрэг, шүүгчийн алх, бичиг цаасаа үүрээд л сумдаараа нүүдэллэдэг аж. Хөдөө сүлжээгүй учир компьютерийн хэрэг ч гардаггүй юм. Ихэнхдээ ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэрэг шийдвэрлэнэ. Мөн оролцогч нь шүүх хуралд ирэх боломжгүй, хүндэтгэх шалтгаантай хэргүүдийг шийдвэрлэхээр газар дээр нь очиж ажилладаг гэж шүүгч С.Цэрэнханд ярьж байсан.
б
Түүнчлэн нүүдэллэн ажиллахын зэрэгцээ "Нээлттэй шүүх” өдөрлөгийг тогтмол зохион байгуулж, орон нутгийн иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх, шүүхийн үйл ажиллагааг танилцуулах зэргээр сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулсаар иржээ.
ы
Харин “нүүдэлчин” шүүхийн байр тохилог, тав тухтай юм. Төрийн сүлдээ залсан шүүгчийн нарын өрөөнөөс эхлээд шүүхийн байрны булан тохой бүрт амьд цэцэг тавьж, коридорт байрлуулсан аквариумд загаснууд ийш, тийш чөлөөтэй сэлж байх. Гандаж, гундалгүй ургаж буй цэцэгс, аквариумтай загасыг хараад зөөлөн бор өнгийн хивс дэвссэн нарийн коридороор алхахад шүүх дотуур явж байгаа гэсэн бодол мартагдмаар. Үүнийг хараад шүүхийн байр яагаад ийм байж болохгүй гэж гэх сэтгэгдэл төрж байсан. Тус шүүхийн шүүгч С.Цэрэнханд “Шинэчлэгдсэн хууль хэрэгжиж, шүүхэд шинэчлэл орон нутгийн шүүхэд ч амжилттай өрнөж байна. Шүүхийн болоод шүүгчийн байдал бүхий л талаараа сайжирч байгаа. Үүнийг дагаад шүүгчид бид ч өөрчлөгдөж, шинэчлэгдэх ёстой юм” гэж ярьж байсан.
б
Тус шүүх нь дөрвөн шүүгчтэй. 2014 оны 12 дугаар сарын 2-ны байдлаар Эрүүгийн 110 хэрэг, Иргэний 526 хэрэг, Захиргааны зөрчлийн 256 материал, хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх, хорих ял эдлэх дэглэмийг бууруулах болон чангаруулах 78 материалыг хүлээн авч хянан шийдвэрлэжээ.
ө
Ерөнхий шүүгч С.Цэрэндулам “Шүүгч нарын ажлын ачаалал их байдаг. Өнөөгийн байдлаар нэг шүүгч дунджаар эрүүгийн 29, иргэний 130, захиргааны зөрчлийн 68 хэрэг, нийт 227 хэрэг маргаан шийдвэрлэж байна. Гэхдээ шүүн таслах ажиллагааны чанар өндөр гарсан. Эрүүгийн хэргийн 75.4 хувь, иргэний хэргийн 96.7 хувь нь давж заалдах гомдол гаргаагүй. Хэргийн оролцогчид шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, иргэд шүүхийн шийдвэрт итгэх итгэл нэмэгдэж, шүүх шинэчлэгдэж шүүн таслах ажиллагаа иргэдэд нээлттэй болж байгаа нь бидний ажлын эерэг үзүүлэлт болж байна. Түүнчлэн шүүгч нар нөлөөллийн мэдүүлэг хөтөлдөг болсноос хойш бидэнд нөлөөлөх гэсэн асуудал байхгүй болсон” хэмээн ярьсан.
ы
Шинэчлэгдэн зохион байгуулагдсан Сум дундын 4 дүгээр шүүхэд эвлэрүүлэн зуучлагч, 7 дугаар тойргийн тахарын албаны алба хаагч, иргэдийн төлөөлөгч гээд хуулийн дагуу хэн байх ёстой бүгд ажиллаж байгаа. Орон нутгийн гэх тодотголтой, ажлын орчин, үйлчилгээ тав тухтай, үйлчлүүлж байгаа иргэд нь ам сайтай, зорилгынхоо төлөө үүргээ ухамсарласан ажил хэрэгч шүүх ийнхүү ажиллаж байна.
б
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ