Тавантолгойн хатуу нөхцөл
-Тендерийн хатуу нөхцөл ба гадаадынхны зөрчилтэй сонирхол-
Зургаан жилийн турш үргэлжилж байгаа урт настай, удаан хүлээлттэй Тавантолгойн хөрөнгө оруулалтын тендер одоо л нэг эцэслэж магадгүй боллоо. Энэ удаагийн үргэлжилсэн тендерт оролцогч талууд консерциум байгуулан дутуугаа дүүргэн, дундуураа гүйцээн хамтарч буй нь давуу тал гэж хэлж болохоор байна. Өмнө нь зургаан орны 15 компани оролцож байсан бол гадна, дотныхон энэ удаад хамтарснаар хүчтэй цөөн тоглогчид өргөн хүрээнд Тавантолгойг өөд татах сайхан боломжийг нээлээ. Хугацаа алдсан гэсэн шүүмжлэл байнга дагуулдаг ч энэ нь харин Монголын талд олон эерэг хандлагыг бий болгож гадаадын томоохон хөрөнгө оруулагчийг үндэсний компанитай консерциум болгон нэг багаар оруулж ирэх өвөрмөц хувилбарыг сонгоход хүргэжээ. Энэ нь Монголын том баялгийн үүцийг задласан Оюутолгой ордын Рио Тинто компанитай байгуулсан гэрээний хэрэгжилтийн хүндрэлээс авсан томоохон сургамж юм. Нөгөөтэйгүүр Тавантолгойн тендерт үндэсний компаниудад 51 гэсэн том хувь өгсөн нь үндэсний компанидаа тэргүүн ээлжинд давуу байдал, боломж олгодог олон улсын жишигийг харгалзсанаас гадна үнэнийг шууд хэлэхэд үүгээр далимдуулан дуулгаваргүй гадаадынхантай ойлголцох гэж зүдрэхийн оронд дотоодын компаниудаа төрөөс зөөлчлөх гэсэн хандлага юм. Дэлхийн нүүрсний зах зээл хүнд байгаа тухай бараан мэдээлэл өдөр алгасалгүй цувж буй энэ үед Засгийн газраас улсынхаа эрх ашгийг дээдэлж олон улсын тендерийн шалгуурыг босго өндөртэй, болзол хатуутай тогтоосон. Энэ нь Тавантолгойн тендерт гадна дотны компаниудыг ийнхүү нэгдэж хамтрахаас аргагүйд хүргэсэн нь тодорхой. Тэр тусмаа ордын лиценз нь төрд хэвээр хадгалагдах мөртлөө хувийнхны шууд хөрөнгө оруулалтын хэмжээ эхний ээлжинд хамгийн багаар тооцоход 2-3 тэрбум ам.доллараар хэмжигдэж буй нь тендерт зориглож орсон консерциум, компаниудын хувьд маш өндөр эрсдэл дагуулж буй. Ялагч 2.5 жилд багтаан 30 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэр барьж ашиглалтад оруулах бөгөөд үүнд хамгийн багаар бодоход 500-700 орчим сая ам.доллар шаардлагатайг эдийн засагчид тооцоолжээ. Бас дээрээс нь манай эрх баригчдын “сонгуулийн амлалтын шүдний өвчин” болсон БНХАУ-ын “Чалко”-д төлөх ёстой өр төлбөрийг барагдуулж, гэрээний үүргийг хариуцан, “Эрдэнэс Тавантолгой” компанийн 115 сая ам.долларын өрийг төлөх үүрэг хүлээнэ. Мөн татвар, хураамж, роялтийн төлбөр төлнө, бас төмөр замыг өөрсдийн хөрөнгөөр концессийн гэрээгээр барьж ашиглалтад оруулан тодорхой хугацааны дараа төрд хүлээлгэн өгөх зэргээр эхний ээлжинд дор хаяж нэг тэрбум гаруй ам.долларын нөхцлийг тулгаж байгаа нь манайх шиг тогтворгүй орчинд ямар ч том компанийн хувьд өндөр эрсдэл юм. Цаашлаад үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хөрөнгө оруулалт, өдөр тутмын менежментийн үйл ажиллагааны зардлыг ялагч дангаараа хариуцна. Хөрөнгө оруулалтаас үүдсэн маргаан нь одоо хүртэл эцэслэгдээгүй мөнөөх “Оюутолгой”-д анх 5.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах болзолтойгоор гэрээ байгуулахдаа Монголын төр хамаг байдгаараа найр тавьж байсан. Тавантолгойн хөрөнгө оруулалт Оюутолгойн дараах том хөрөнгө оруулалтаар Монголын уул уурхайн түүхэнд бичигдэх нь тодорхой юм. Тиймээс олон улсын түвшиний менежментийн туршлага, томоохон хөрөнгө босгох чадавхи, нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэл бий болгож чадсан байдал, өнөөдөр хамгийн хэрэгтэй нүүрс найдвартай борлуулах сүлжээ, хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд зэргийг харгалзан шалгаруулж чадвал Тавантолгойн хөрөнгө оруулагчид эдийн засаг хүндэрсэн энэ үед Монголчууд бидэнд өгөөжтэй хөрөнгө оруулалт болно. Иймд эцсийн байдлаар шалгаруулалтад санал өгсөн “Шенхуа Энержи-Сумитомо корпорац-Энержи Ресурс” компаниудын хамтарсан консорциум, “Пибодиэнержи” корпорац, “Иточу-Сожиц”-ын консорциум, “Мицуй”, “Тавантолгой” компани гэсэн талуудын чухам хэн нь ялагчаар тодрохоос Монголын эдийн засаг сэргэх эсэх нь багагүй хэмжээгээр шалтгаалах болоод байна. Тиймээс дээрх талуудыг нэг бүрчлэн “шүүж” хэн нь ямар давуу болон сул талтай, аль нь тендерийн шалгуурыг бүрэн хангаж чадах эсэхэд Засгийн газрын ажлын хэсгийнхнээс дутуугүй олон нийт, салбарынхан сэтгэл чилээж, үнэлэлт дүгнэлтээ хийж байгаа билээ.
Үндэсний компаниудаас гадна Япон, БНХАУ, АНУ гэсэн гадаадын оролцогчдоос Японы тал хамгийн олон буюу гурван компани нь өнөөдрийг хүртэл тууштай үлдсэн. Зах зээлийн шилжилтийн хүнд үеэс өнөөдрийг хүртэл, нүүрсний зах зээл унасан өнөө цагт ч чухамхүү Япончууд л бидэнтэй тунаж үлдээд байгааг анзаарч байна уу. Гэхдээ гадаадынхан, тендерт оролцсон АНУ, Японы зарим компаниуд том хөрөнгө оруулалт хийх сонирхолгүй, зөвхөн олборлолт, борлуулалт дээр ажиллаж ашиг хийх сонирхолтой байгаа гэсэн мэдээлэл чих дэлсэж байна. Гадаадынхнаас гадна дотоодын Тавантолгой ХК ч зөвхөн нүүрсний олборлолт, борлуулалтын чиглэлд хамтран ажиллах санал өгсөн сурагтай.
Үнэхээр нүүрсний зах зээл унаснаас болоод Тавантолгойн орд маань монголчуудын асар их баялаг гэсэн төсөөллөөс өөрчлөгдөөд байгааг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болоод байна. Гадаадынхан хөрөнгө оруулахгүй байна гэдэг бол Тавантолгойн орд бялуу байх үнэлэмжээ алдсаныг, сонирхол татахаа больсныг харуулж байгаа юм. Тийм л салахын аргагүй амттай бялуу байсан юм бол төрөөс бодлогоор бүх талаар дэмжээд дэмнээд байхад төдийгөөс өдий хүртэл ажиллуулж ирсэн төрийн өмчит компани маань өрөнд орж дампуурсанаараа дуудуулахгүй байсан биз ээ. Үнэ цэнээ алдсаар байгаа, дэд бүтэц хөгжөөгүй орд дээр зарласан тендерийн чулуу шиг хатуу нөхцөлийг хангая гэсэн ч зах зээл нь хүнд байгаа болохоор нүүрсний компаниудад том хэмжээний зээл өгөх банк ч ховордсон дуулдана. Улсынхаа уруудсан эдийн засгийг бодохоор хатуу нөхцөлийг нь зуун хувь дэмжмээр, харилцан ашигтай байх бичигдээгүй хуулиар явдаг бизнесийн жишигийг зөрчсөн хатуу нөхцөлийг нь бодохоор түлхмээр тийм байдал үүсээд байна. Уг нь энэхүү тендерийн хамгийн гол шалгуур буюу Монгол улсад хамгийн их хэрэгтэй байгаа зүйл бол богино хугацаанд Тавантолгойн ордыг дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай том уурхай болгон хөгжүүлэх том хөрөнгө оруулалт билээ. Энэ тохиолдолд тендерийн шалгуур үзүүлэлтийг бүх талаар хангаж байгаа үндэсний компанидаа ачааны хүндийг шууд тулгахаас өөр гарцгүй гэсэн яриа уул уурхайн салбарынханы дунд яригдаж байна. Гадаадынхан орж ирэхгүй болохоор чаддагаараа дотоодын компанидаа ял тулгаж байна гэж хатуу хэлэх нэгэн ч байна. Тендерийн шалгарагчийг зарламагц хэвлэлийнхэн ялалт уу, ял уу гэж ам асууж ч магадгүй.
Сонгон шалгаруулалтаас хүлээх бас нэг чухал зүйл нь нүүрсээ бид чухам хааш нь борлуулах гэж байгаагаа нарийн тооцож шийдвэр гаргах явдал юм. Тавантолгойн нүүрсийг мэдээж Америк авахгүй. Харин дийлэнхийг нь Хятад авахаас гадна, тэдний төмөр зам, далайн боомтыг ашиглаж үлдсэнийг гуравдагч зах зээлд гаргана. Тэр зах зээл дотор мэдээж Япон орно.
Засгийн газрын 268 дугаар тогтоол буюу энэ тендерт оролцогчдод тавьсан шалгуур, нөхцөл гэдэг бол оролцогчдын хувьд “хууль” байх нь мэдээж. Тиймээс зөвхөн энэ хэсгийг нь биелүүлнэ, тэрийг нь бол чадахгүй гэсэн явцуурал хаана хаанаа байх ёсгүй юм. Бүх шалгуурыг хангаж чадсан нь өрсөлдөөнд ялах шударга шүүлтийг л Засгийн газар хийх ёстой, уг шийдвэрийг хавар их бүтээн байгуулалт эхлэхээс өмнө амжиж УИХ баталгаажуулах ёстой байх. Том хөрөнгө оруулалт том баталгаа шаарддаг нь зүй ёсных бөгөөд юугаар ч сольж, зольж болохгүй Монголын эрх ашиг, Монгол төрийн хөгжлийн алсын хараан дор энэ бүх үйл явц өрнөх ёстой билээ.
Б.Хашхүү
СЭТГЭГДЭЛ БИЧИХ