А.Цэцэгмаа: Би Хятад автобусны үнийг мэдэхгүй
Нийслэлийн Тээврийн газрын захиалгатай, Худалдан авах ажиллагааны газраас зарласан нийтийн тээврийн парк шинэчлэлтийн сонгон шалгаруулалт багагүй хэл амыг дагуулаад байна. Сонгон шалгаруулалтыг задлахаас өмнө ялагч нь тодорч, 20 автобусыг улсад нийлүүлэхээр боллоо гэх мэдээлэл ч гарч байсан. Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр Экобус компанийн гүйцэтгэх захирал А.Цэцэгмаа холбогдох хүмүүстэйгээ хамтран мэдээлэл хийлээ. Тэд тендер гэх нэрийн дор үндэсний үйлдвэрийг боомилж, дампууруулах гэж байна хэмээн мэдээлэв. Хоногийн 3 сая төгрөгийн зээлийн хүү төлж байгаа үндэсний үйлдвэрлэлээ дэмжихгүй, харин ч дампууруулах ажил хийж байгаад нь гомдолтой байгаа аж. Уг тендерийн үнэлгээний хорооноос санхүүгийн тайлангаа өгөөгүй хэмээн татгалзсан хариу өгсөн нь тэднийг ийн хэвлэлийнхэнд хандахад хүргэсэн гэнэ. Хэвлэлийн хурлын үеэр Экобус компанийн гүйцэтгэх захирал А.Цэцэгмаагаас дараах зүйлсийг тодрууллаа.
рх
-Танай үйлдвэрт угсраад, бэлэн болгосон 20 автобус байгаа гэлээ. Тэгвэл энэ автобусуудыг ямар стандартаар угсрав?
-Дэлхий нийтэд зохион бүтээж, үйлдвэрлэж байгаа тээврийн хэрэгсэл төрөл, зориулалтаасаа үл хамааран аюулгүй байдал талаасаа НҮБ-ын Европын Эдийн засгийн комиссоос эрхлэн гаргадаг дэлхийн техникийн зохицуулалтыг хангаж байх ёстой. Манай улсад энэ дагуу гаргасан автомашин үйлдвэрлэлийн 4-5 стандарт байдаг. Тэрний нэг нь үйлдвэрийн бусад нь троллейбус, дуобус, автобусны үндэсний стандартууд. Энэ стандартуудыг судалгааны институтууд эрхлэн гаргах ёстой. Гэвч Монголд шинжилгээ судалгааны байгууллагууд байхгүй болчихсон учраас үйлдвэрийн дэргэдэх зохион бүтээх товчоо, технологийн товчоо судалгааны ажлыг хийж стандартыг гаргадаг. Шат шатны техникийн хороодын хурлаар орж, эцэст нь стандартчлалын үндэсний зөвлөлийн хурлаар батлагдсан үндэсний стандартууд бий. Эдгээр стандартад заасан хэлбэр, хэмжээний дагуу зохион бүтээлтийн ажлууд хийгддэг. Зохион бүтээлтийн зураг гарсны дараа технологи боловсруулагддаг. Тэр технологийг үйлдвэрт нэвтрүүлэх бүхэл бүтэн инженерийн баг ажилладаг. Өнөөдөр манай үйлдвэр 37 ажилтантай. Тэдний 75 хувь нь машин үйлдвэрлэлийн технологич инженерүүд.
х
-Танайх автобусны арлаа Хятадаас авдаг уу?
-Өнөөдөр бүх зүйлээ өөрөө хийдэг автомашин угсралтын үйлдвэр дэлхийн хаана ч байхгүй, уучлаарай.
р
-Тэгвэл Хятадаас эд ангийг оруулж ирж, энд өөрсдийнхөө зохиосон стандартаар угсарч байгаа автобусыг 150 мянган ам.доллараар улсад шахах гээд байгаагийн учир юу вэ? Үүний оронд Хятадад үйлдвэрлэгдсэн бүрэн хэмжээний автобусыг 75 000 ам.доллараар оруулж ирсэн нь дээр биш үү?
-Би Хятад автобусны үнийг мэдэхгүй.
р
-Монголд та бүхний угсарсан автобусыг баталгаатай, найдвартай гэдгийг хэн зорчигчдод хэлж өгөх вэ? Шалгаж, хянах мэргэжлийн лаборатори байдаг уу?
-Гадаадаас оруулж ирсэн хуучин автобусыг оношлогоогоор оруулаад, улсын дугаар өгөөд явуулж байгаа биз дээ. Тэгвэл Монголд угсарсан автобусыг яагаад оношлогоогоор оруулаад явуулж болохгүй гэж. Бид бүх автобусаа оношлогоогоор оруулсан. Улсын гэрчилгээ, дугаар авсан. Тэр ч байтугай хүргэж өгөхдөө ямар нэг асуудал болох вий гэдгээс хамгаалж, жолоочийн хариуцлагын даатгал хийлгээд хадгалчихсан байгаа.
х
-Угсарсан автобусандаа хэдэн жилийн баталгаа өгдөг вэ? Баталгаат хугацаанд бүх гэмтлийг хариуцах уу?
-Хоёр жилийн баталгаа өгнө. Бүх гэмтлийг хариуцахгүй.
х
-Танай инженер "Евро-4" стандартын хөдөлгүүртэй хэмээн ярилаа. Тэгвэл энэ хөдөлгүүрт тохирох түлш Монголд бий юу?
-"Евро-5" гэсэн бичигтэй түлшийг шатахуун түгээх станцууд зарж байгаа биз дээ. "Евро-5"-д тохирч байгаа түлш Евро-4-д тохирохгүй гэж ямар ойлголтоор мушгиад байна. М Ойл компаниас бидэнд ирүүлсэн "манай түлш тохирно" гэсэн баримт нь энэ байна. Мөн М Ойлын түлшийг Монгол Улсын итгэмжлэгдсэн лабораториор шинжлүүлсэн хөндлөгийн дүгнэлт ч бас байна.
а
-Угсарсан автобусуудаа хэрхэн туршдаг вэ? 60 кг-ын жинтэй шороо суудал дээр нь тавьж, туршилт хийдэг гэх мэдээлэл яваад байсан?
-Туршилтын тусгай хөтөлбөр бий. Эхлээд байран дээр нь асааж, хөдөлгөнө. Халалт, доргио, чичиргээ, явалт зэргээр бүх туршилтыг тусгай хөтөлбөрийн дагуу хийдэг. Дэлхий нийтийн туршилтын хөтөлбөрийн шаардлагад заасан үзүүлэлт бий. Тэнд нэг хүнийг 68 кг тооцож, суудал дээр нь 50 кг, хөл байрлах газарт 18 кг ачаа тавь гэсэн шаардлага байдаг. Энэ дагуу бид туршдаг. Тэнд шороогоо тавина уу, цементээ тавина уу, энэ бол бидний асуудал.
х
-Нэгэнт танай угсарсан автобусыг борлуулах зах зээл байхгүй учраас өөрсдөө шугаманд явж болдоггүй юм уу? Илүү ашигтай биш үү?
-Бид Монгол Улсад машин үйлдвэрлэл тэр дундаа автобус үйлдвэрлэлийг сонгодог утгаар нь хөгжүүлэхийг зорьж байгаа. Бид үйлдвэрлэгчид. Тиймээс би зохион бүтээгч инженерүүдээ тээвэрлэлт рүү оруулмааргүй байна. Тус тусдаа мэргэжлийн ажил. Бид чаддаг чаддаг зүйлээрээ нарийн мэргэших цаг нь болсон. Тиймээс автобусыг маань хүн авахгүй учраас би өөрөө тээвэрлэнэ гэхгүй. Энэ бол миний бодол. Гэхдээ эцсийн шийдвэрийг Номин холдинг гаргана.
х
-Та нар автобусаа эко бас шатахуун зарцуулалт бага гэх мэтээр давуу талыг ярилаа. Одоо нийтийн тээвэрт явж байгаа автобусуудаас илүү давуу юм бол хувийн компаниудтай яагаад нийлүүлж болохгүй гэж?
-Болно шдээ, болохгүй гэх газар байхгүй.
х
Эко гэж нэрлэгдээд буй автобус угсралтын компанийн удирдлага ийм байр суурьтай байна. Монголчууд дээр, дооргүй л үндэсний үйлдвэрлэлийг дэмждэг. Бусдын бүтээсэн зүйлийн хэрэглэгч нь ч бус үйлдвэрлэгч улс болохыг зорьж буй. Харин үндэсний гэх нэрээр давуу эрх эдэлж буй үйлдвэрлэгчид маань үүргээ хэрхэн ухамсарладаг бол. Үндэсний үйлдвэрлэгчид тендер өгсөнгүй хэмээн гомдоллохын оронд бусдад хэрхэн гологдохгүй байх талаар бодох нь зүйтэй байх. Нийслэлийн сая хүний хөл залгуулах унаа эрүүл мэнд, амь насанд хал балгүй байх нь хамгаас чухал. Харин энэ шаардлагыг Эко автобус үйлдвэрлэгчид бүрэн хангаж, нийслэлчүүдэд найдвартай гэх 100 хувийн баталгааг өгч чадах болов уу?
х
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ