19 цаа буга өгчээ
Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад
суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз, Туркийн хамтын
ажиллагаа, хөтөлбөр зохицуулах (TIKA) агентлагийн Улаанбаатар дахь Хөтөлбөр
зохицуулагч дэд проф. Экрэм Калан, Туркийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгчдийн
хамт энэ сарын 13, 14-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод ажлын айлчлал
хийлээ.
Айлчлалын үеэр Туркийн хамтын ажиллагаа, хөтөлбөр зохицуулах (TIKA) агентлагийн дэмжлэгээр хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсаас оруулж ирсэн цаа бугануудыг Монголын талд албан ёсоор хүлээлгэн өгчээ. Төлөөлөгчид Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Улаанбаатар хотыг аймгийн бүх төвүүдтэй хар замаар холбох төслийн хүрээнд тавигдсан Улаанбаатар-Мөрөн чиглэлийн хар замаар 10 цаг зорчиж хасах 30 градусын хүйтэнд энэхүү ёслолын ажиллагаанд оролцлоо. Элчин сайд Мурат Карагөз ёслолын арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ “Монголын хөгжил дэвшилд оруулж байгаа Туркийн дэмжлэгийг онцлоод хоёр улс хоорондын түүх, соёлын уялдаа холбоог дурдлаа. Тэрбээр (TIKA)-ийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгааг онцлоод энэхүү үйл ажиллагаа нь БНТУ болон Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойтой давхцаж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд, Туркийн 76 сая иргэдийг төлөөлөн ийнхүү хөвсгөлчүүдтэй мэндчилжээ. Хоймор нутгийн улаан тайга, цэнхэр хотгорт дархад түмэн цаа буга хөлөглөн амьдардаг. Уулын иргэд маань өвлийн улиралд хасах 50 хэмийн хүйтэнд 2100-2900 метрийн өндөрлөг газарт цаа бугын аж ахуйгаа эрхэлсээр амьдралаа залгуулж ирсэн. Сүүлийн жилүүдэд тэдний гол амин зуулга, уламжлалт аж ахуй алдагдахад хүрээд байгаа юм. Учир нь цаа бугын сүрэг цус ойртож бие нь давжаарсан. Улмаар тоо толгой нь цөөрсөн зэрэг аюулд өртөөд буй юм. Үүнд Засгийн газраас анхаарлаа хандуулж эхэлсэн. Иймээс цаа буга маллан, тайгад амьдарч буй уйгар угсааны тува, цаатан иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэх, тэдний боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулах, цаа бугын аж ахуйг сэргээх зорилго бүхий “Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Тус хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын Тува улсаас 19 үржлийн цаа буга оруулж ирж, энэ сарын 5-ны өдөр Цагааннуур сумын цаатан иргэдэд хүлээлгэн өгчээ. Тус ажлыг Туркийн хамтын ажиллагааны Монгол дахь агентлагийн санхүүжилтээр “Шү-До” ХХК гүйцэтгэсэн байна. Цаа бугын тоо толгойг өсгөх, үүлдэр угсааг сайжруулах, цус сэлгэх зорилгоор ийн нутагшуулах болжээ. Цаа буга дээд тал нь 25 хүртэл наслаж, жилд нэг удаа төллөдөг гэнэ. Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сум, Цагааннуур, Улаан-Уул сумдын нутгаар тархан суурьшдаг цаатан иргэд дунд явуулсан судалгаагаар өнгөрсөн оны байдлаар 367 цаа маллагч нүүдэлчин буюу 86 өрх айл 1511 цаа маллаж байгаа гэсэн дүн гарчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ