Л.Энх-Амгалан: Орлогыг тодотгоогүй нь харамсалтай
Нийгмийн бодлого,
боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар 2014 оны
төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн юм. Төсвийн тодотголыг
Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцууллаа. Тэрбээр:
-Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого энэ оны 11 дүгээр сарын гүйцэтгэлээр 5,267.8 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 16.2 хувиар буюу 1,019.1 тэрбум төгрөгөөр дутуу биелж, өмнөх оны мөн үеийнхээс 6.2 хувиар буюу 306.6 тэрбум төгрөгөөр илүү байна. Нэгдсэн төсвийн нийт зарлага энэ оны 11 дүгээр сарын байдлаар 6,623.4 тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөнөөс 5,708.3 тэрбум төгрөгийн буюу 86.2 хувийн, улсын төсвийн зарлага 4,737.6 тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөнөөс 4,119.0 тэрбум төгрөгийн буюу 86.9 хувийн гүйцэтгэлтэй гарлаа. Засгийн газрын бүтцийн өөрчлөлт, төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг холбогдох Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөвт тусгах, зохицуулалт хийх, зарим арга хэмжээний зардлыг бууруулахаар 2014 оны төсвийн тодотголын төсөлд тусгасан гэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад сайд нар хариуллаа. Төсвийн тодотголтой холбогдуулан гишүүд өрийн босго хэдэн хувьтай байгааг лавлаж байв. Өрийн хэмжээ 11 сарын блансаар ДНБ-ны 49 хувьтай тэнцэх бөгөөд оны сүүлчийн тооцооллоор 53 хувьд хүрэх аж. Засгийн газрын бонд гаргах талаар тодотголд туссан. Гэхдээ бондыг худалдан авах эсэх нь эргэлзээтэй аж. Гишүүн Ё.Отгонбаяр МСҮТ-д суралцагсдын сургалтын тэтгэлгийн зардал үлдэгдэлтэй гарч байгааг лавласан юм.
Үүнд Хөдөлмөрийн сайд С.Чинзориг:
-МСҮТ-д суралцагсдын тоо буурахгүй байгаа. Өмнөх нь уул уурхайд ажиллах хүчин бэлтгэх зорилгоор “Оюутолгой” сургалтын зардлыг нь санхүүжүүлсэн байна. Дараагаар нь Засгийн газар сургалтыг санхүүжүүлжээ. 2014 оноос уул уурхайн үйл ажиллагаа зогссонтой холбоотойгоор тусгайлсан сургалтад хамрагдагсад ч цөөрсөн хэмээн хариулсан.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Төсвийн орлогыг тодотгохгүйгээр Улсын төсөвт өөрчлөлт хийсэн нь харамсалтай. Нэг их наядаар орлого тасарсан бол дагасан зардлуудыг нь хасч байж балансжуулах ёстой. Шинэ байгуулагдсан яамдын зардлыг баталж өгөх хэрэгтэй гэсэн үндэслэлээр нь оруулж ирээд байна. Төсвийн тодотгол батлахад ҮАГ-аас яагаад шалгуулаагүй вэ? Орлого нь тасарч байхад амьдрал дээр асуудал үүсдэг. Төсвөө бүрдүүлэх аян он дуустал хүчтэй өрнөнө. Гааль, татварынхан аж ахуйн нэгжүүдээ цаг хугацаанд нь, урьдчилаад төлчих гэж дарамталдаг. Энэ хүнд ачаалал хувийн аж ахуйн нэгжүүд дээр ирнэ. Хүнд хэцүү энэ үед аж ахуйн нэгжийн орлогоо төлөх байтугай хэдэн ажилчдынхаа цалинг яаж тавих вэ гэж байгаа. Татвар дээр орлого бүрдүүлэх аян өрнөх үү? Мөн тендер нь зарлагдсан мөртлөө гэрээ хийгдэх гэж байсан төсөл арга хэмжээнүүдийг түдгэлзүүлсэн Сангийн сайдын тушаал есдүгээр сард гарсан. Энэ тушаал Засгийн газрын шийдвэрээр гарсан уу, Сангийн сайдын мэдлээр гарсан тушаал уу? Үүнд хэдэн тэрбум төгрөгийн хэдэн объект түдгэлзээд байгаа вэ? Хамгийн сэтгэл зовоож байгаа асуудал нь эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн барилгууд зогссон явдал. Жишээлэхэд, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суман дээр баригдах дотуур байрны барилга түдгэлзсэн. Шинэчлэлийн Засгийн газрын үед хийгдсэн, нүдээ олсон ажлуудын нэг нь аймгуудыг эмчилгээ, оношлогооны төвтэй болгосон. Гэтэл эмчилгээ, оношлогооны төв дээр байгаа нарийн мэргэжлийн тоног төхөөрөмжүүдээ ажиллуулах шингэн нь байхгүйгээс ажиллахгүй, тосолгоог нь авах зардалгүй болжээ. Хэрвээ тоног төхөөрөмжүүдээ ажиллуулна гэхэд нэг аймагт тэрбум орчин төгрөгийн зардал шаардагдаж байгаа гэнэ. Энэ асуудлыг яаж шийдвэрлэх вэ? Хятадын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр хэрхэн явагдаж байна вэ? Хөдөөгийн багш нарт компьютер хэзээ хүрэх бол?
Сангийн сайд Ж.Эрдэнэбат:
-Төсвийн тодотгол хийж байгаа шаардлага хуулийн дагуу явагдаж байна. Бодитой болгох бололцоо энэ удаагийн төсвийн тодотголоор гарахгүй. Өмнө нь байсан төрийн байгууллагууд дансны үлдэгдлээ ашиглах нэрээр 11 дүгээр сард зардлаа санхүүжүүлээд явсан. Хэрэглэсэн мөнгийг буцааж авчраад орлого, зарлагаа нөхөх бололцоо үүсэхгүй. Харин эрсдэлээ Төрийн сангийн үлдэгдлийг -717 тэрбум төгрөг рүү оруулаад, төр өөрөө үүрээд явахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна. Орлогоо бүрдүүлэхийн тулд хяналт шалгалтыг дарамталж хийдгээ боль гэдэг чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Татвар, гаалийнхан Ерөнхий сайд чиглэл өгсөн учир ажиллахад хэцүү байна гэж байсан. Аж ахуйн нэгжүүд хуулиар тогтоосон татварыг төлөх л ёстой. 300 орчим тэрбум төгрөгийн татварын үлдэгдэл байгаа. Хөрөнгө оруулалтын гүйцэтгэлээр хэдэн объект үлдсэнийг тоогоор нь хэлж мэдэхгүй байна. Санхүүжилтийн гүйцэтгэлээрээ 490 тэрбум төгрөг дутуу байгаа. Үүнээс 70 тэрбум төгрөгийн санхүүжүүлт авах эрх нээгдсэн. Гэхдээ маш олон объектууд он дамжих магадлалтай. Төсвийн тодотголын хувьд заавал аудитын дүгнэлт гаргах хуульгүй.
ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба:
-Хоёрдугаар эмнэлэг, Баянхонгор аймгийн Шаргалжуут, Баянбулаг сумын эмнэлгийн барилгын ажил он дамжаад зогссон байгаа. 11 аймагт Оношлогооны техник төхөөрөмж суурилагдсан. Бусад материалын зардлыг төсөвт суулгахаар болсон. Үүнээс 2,5 тэрбум төгрөг төсөвт суулгасан. Өндөр технологитой тоног төхөөрөмжийг төлөвлөхдөө урсгал зардлыг нь давхар суулгаж өгөх хэрэгтэй юм байна. Төсөв хүндрэлтэй байгаа нөхцөлд хэрхэн шийдэх вэ гэдэг дээр Засгийн газар дээр ярилцана.
БСШУ-ны сайд Л.Гантөмөр:
-Компьютержуулах төсөл цаг алдаад байгаа. Үүний шалтгаан нь Хятадын дарга айлчлах үеэр гэрээгээ эцэслэн хийсэн. Харин хоёр улсын яамны хооронд хийсэн хуульзүйн дүгнэлтийг Хятадын банк руу хүргүүлэх шаардлагатай байгаа юм. Гэтэл манай Эдийн засгийн яам татан буугдсантай холбоотойгоор түр зогссон. Одоо энэ эрх үүрэг Сангийн яам руу шилжсэн. Сангийн яам дүгнэлтээ шилжүүлвэл оны эхний улирлаас компьютерээ нийлүүлэх бололцоотой гэж үзэж байгаа юм.
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:
-Засгийн газар байгуулагдсан өдрөөр өрийн босго ямар байна вэ гэдгээ албан ёсоор гаргаж, зарлах ёстой байх шүү. Өмнөхтэйгээ холилдоод замбараагүй болчихож магадгүй. “Оюутолгой”-н сургалт бол тус компанид ажиллаж байгаа гадаадын иргэдийн хураамжийг шилжүүлж, ажилгүй иргэдийг ажилтай болгох зорилгоор МСҮТ-д сургаж байсан. Өнөөдөр ч “Оюутолгой”-д тэр хүмүүс ажиллаж байгаа. Харин өнөөдөр яагаад мөнгө нь Хөдөлмөрийн яам руу орохоо больсоныг тодруулчих хэрэгтэй.
Ийнхүү байнгын хорооны гишүүд энэ оны улсын төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ