Ажилд орсон иргэдийн 56.5 хувь нь эрэгтэйчүүд байна

img

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажлын зорилт биелсэн гэж салбарын яамнаас үзэж байгаа аж.Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд жилийн ажлын хүрээнд эрх зүйн шинэчлэл хийх, ажлын байр бий болгох, зорилтот бүлгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг  ажлыг хийж гүйцэтгэжээ.  “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг 2011 оны 12 дугаар сарын 16-нд улс орон даяар дүгнэсэн юм. 72 мянга гаруй ажлын байр шинээр бий боллоо “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 72080 ажлын байр шинээр бий болсон байна. Үүнээс 54499 нь буюу 75,6 хувь нь байнгын, 17581 нь буюу 24,4 хувь нь байнгын-улирлын ажлын байр байна. Салбараар авч үзвэл, хөдөө аж ахуйн салбарт 18,2%, барилгын салбарт 17,9%, боловсруулах үйлдвэрийн салбарт 12,1%, бөөний болон жижиглэн худалдааны салбарт 12,0%, үйлчилгээний бусад салбарт 12,0%, уул уурхай, олборлолтын салбарт 10,0 % нь тус тус бий болжээ. Байршлаар нь авч үзвэл, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг, аймгуудаас Сэлэнгэ, Өмнөговь, Архангай аймгуудад ажлын байр хамгийн олноор бий болжээ. Ажлын шинэ байранд ажилд орсон иргэдийн 31326 нь буюу 43,5 хувь нь эмэгтэй, ажил мэргэжлээр нь авч үзвэл 22,4 хувь нь үйлдвэрлэл, барилга, гар урлал, 21,5 хувь нь энгийн ажил мэргэжил, 15,8 хувь нь худалдаа, үйлчилгээний ажилтан байна. Зорилтот бүлэгт чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжлээ Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр: Хөтөлбөр 2009 оноос эхлэн хэрэгжсэн бөгөөд 21 аймгийн 99 сумын 866 малчин өрхийн 2600 гаруй гишүүн хамрагдаж байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2009-2011 онуудад нийт  2,0 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн. Ногоон ажлын байр-Чацаргана дэд хөтөлбөр: Хөтөлбөрийн хүрээнд 2011 онд 19 аймаг, 8 дүүргийн 581 иргэн, 150 аж ахуйн нэгж байгууллага 680 гаруй га газарт 584,6 мянган ширхэг суулгац тариалж, нийт 2446 ажилгүй иргэд тодорхой хугацаанд ажлын байраар хангагдсан. Хөтөлбөрт хамрагдсан ажилгүй иргэдийн үр жимс тарих хураах, ажиллагааг хөнгөвчлөх, жимсний модыг өвчин хортон, мэрэгчдээс хамгаалах бодис, багаж, тоног төхөөрөмж авах, жимст цэцэрлэг үржүүлгийн талбайг хамгаалахад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 450.0 сая төгрөгийн санхүүжилт хийлээ. Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр: Нийслэлийн Хөдөлмөрийн газрын дэргэдэх Оюутны хөдөлмөрийн биржид цагийн ажил хийх хүсэлтэй 19445 оюутныг бүртгэж, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн 20693 цагийн ажлын байранд нийт 18048 оюутан залуусыг нийтийг хамарсан болон мэргэжлийн ба мэргэжлийн бус цагийн ажилд хамруулан зуучлалын үйлчилгээ үзүүлж, 30280 оюутанд хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээллийг хүргэж, 5324 оюутан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө үйлчилгээг хүргэж ажилласан. Үйлдвэрлэл дээрх сургалтын хөтөлбөр: Хөтөлбөрийн хүрээнд 2010 онд 86 аж ахуйн нэгжид 19 мэргэжлээр 3145 хүнийг сургаж, 83 % нь ажлын байраар хангагдсан бөгөөд 2011 онд 90 аж ахуйн нэгжид 21 мэргэжлээр 3324 хүнийг үйлдвэрлэл дээр сургаж байна. Хөтөлбөрт 2010 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 1.6 тэрбум, 2011 онд 1.5 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл: 2010-2011онуудад ХБИ-ийн боловсруулсан 729 төслийг шалгаруулж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 1,3 тэрбум төгрөгийн санхүүжүүжилт хийсэн. Үүний үр дүнд 2800 мянган хүн шинээр ажлын байртай болсны 54 % нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. 2011 оны төсвийн тодотголоор  126 сумын  738 төсөлд 2,16  тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт хийгээд байна. Ажил олоход бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр: 2011 оны 3 сараас эхэлсэн тус хөтөлбөрийн хүрээнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө, мэдээллээр хангах үйлчилгээнд 1427 иргэн, мэргэжил олгох, давтан сургалт, аж ахуй, бизнес эрхлэлт, үйлдвэрлэл дээрх сургалтанд 448 иргэн, ажлын байранд зуучлах үйлчилгээнд 298 иргэн, төсөл, хөтөлбөр боловсруулахад нь арга зүйн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд 165 иргэнд, бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлэх үйлчилгээнд 114 иргэн, бүлэг, нөхөрлөл, хоршооны сургалтад 20 иргэн, хөдөлмөрт бэлтгэх үйлчилгээ, арга хэмжээнд 353 иргэнийг хамруулсан бөгөөд бүлэг, хоршоо, нөхөрлөл байгуулан ажиллаж байгаа 235 иргэнд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Түүнчлэн бичиг баримтжуулах болон хувцаслах арга хэмжээнд 16 иргэнийг хамруулж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 920.0 сая төгрөгийг зарцуулсан. Нийслэлийн ажилгүй иргэдийг бүлгийн зохион байгуулалттайгаар газар тариалан эрхлүүлэх хөтөлбөр: Нийслэлийн Хөдөө аж ахуйн газарт газар тариалан эрхлэх хүсэлтээ ирүүлсэн, Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй, 800 ажилгүй иргэн хөтөлбөрт хамрагдсан бөгөөд хөтөлбөрийг 2011 онд хэрэгжүүлэхэд зориулж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 577.0 сая төгрөгийг зарцуулсан. 2011 оноос эхэлсэн уг хөтөлбөрийн хүрээнд тус бүр 20 гишүүнтэй газар тариалан 40 бүлэг зохион байгуулагдаж, 112 тонн төмс тариалан, 500 гаруй тонн ургац хураан авч, 2012 оны тариалалтанд зориулан 50 тн төмс хадгалсан бөгөөд  “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаагаар 340 гаруй тонн төмс борлуулж орлоготой болсон байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ