Цулбуургүй улс төр
Морин жил
Монголын улс төрийн түүхэнд өөрийн ул мөрөө тодоос тод гарган хурдалж давхиж
байна. Парламентад засаглалтай манай улсын хувьд төрийн түшээд маргалдан,
мэтгэлцэж байсан хэдий ч хамтарсан Засаг байгуулж, эвлэрлээр өндөрлөв. Сөрөг хүчин Засгийн газарт
хамтарч, УИХ-ын дарга З.Энхболд намаа удирдаж, АН-ын залуу үеийн төлөөлөл
Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдож, Солонгост бие эмчлүүлэн түр суурьшиж
байгаа МАХН-ын дарга Н.Энхбаяр эх орондоо ирээд буцсан, их гүрний удирдагчид
зочилсон гээд улс төр халуунхан үргэлжиллээ. Энэ онд өрнөсөн улс төрийн үйл
явдлыг манай сайт ШУУД онцлон хүргэж байна.
Сөрөг хүчингүй парламент
2012 оны УИХ-ын
сонгуулиар сонгогчид олонхигүй парламентыг бүрдүүлсэн. Тодруулбал, АН 35, МАН
26, ИЗНН 2, МАХН-МАҮН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг 10, бие даагч 3 гишүүнээс
бүрдсэн парламент үйл ажиллагаагаа явуулж байна. Парламентад 37 суудалтай улс төрийн хүчин
олонхи болдог хуулийн заалттай. Олонхигүй парламентад олон суудал авсан улс төрийн
хүчин бусаддаа Засгийн газарт хамтарч ажиллах санал тавьдаг. Энэ дагуу АН бүрэн
эрхийнхээ эхний хагаст МАН-аас бусадтай нь Засгийн газарт хамтарч ажиллалаа.
Харин олон суудал авсан АН-аас дутахааргүй суудал бүхий МАН сөрөг хүчний
үүргийг чамбай гүйцэтгэж ажилласнаар Засгийн газрыг огцрууллаа. Харин АН шинээр
байгуулагдах Засгийн газартаа хамтрах санал тавихдаа гэмээ ухаарсан уу,
гацалтыг зогсоох гэсэн үү МАН-д бусад хүчнүүдээс илүүтэй давуу эрх эдлүүлж,
зургаан сайд, таван яам өгсөн бол анхнаасаа хамтарч ажиллаж байсан ИЗНН-д яам
хариуцуулалгүй гадуурхав. Хэдийгээр бие даагч гурван гишүүн өнөөдөр парламентад
сөрөг хүчний үүрэг гүйцэтгэнэ гэж байгаа ч шийдвэр гаргах төвшинд “73-ын
бүдүүн” бүлгийн дэргэд дэндүү тамирдах билээ.
Ийнхүү ирэх онд сөрөг хүчингүй парламент үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. “Мөнхийн эрх ашиг гэж байхаас мөнхийн дайсан байдагггүй”-г Монголын улс төрийн хоёр том хүчин үлгэрлэн харуулж байна. Улстөрчид эвтэй байх энэ үедээ эдийн засгаа тэнхрүүлээсэй билээ, өөр юу хүсэх билээ, иргэд бид.
Хөршүүдтэйгээ “Улаанбаатарын уулзалт”-д
Өнгөрсөн есдүгээр сарын 11-12-ны
өдрүүдэд Бүгд найрамдах Тажикистан улсын нийслэл Душанбе хотноо Шанхайн хамтын
ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 14 дэх
удаагийн хуралдаанд болсон. Энэ хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
оролцсон юм. Хуралдааны үеэр Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талын дээд
түвшний “Улаанбаатарын уулзалт”-ыг зохион байгуулах асуудлаар ОХУ-ын
Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нартай уулзалт хийсэн. Хоёр
хөршийн удирдлагууд манай улсад айлчилж, дараагаар нь ШХАБ-ын гишүүн орнуудын
Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдааны үеэр Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван
талын дээд түвшний “Улаанбаатарын уулзалт”-ыг зохион байгуулах асуудлаар
уулзсан нь манайд төдийгүй олон улсын анхаарлын төвд болсон түүхэн уулзалт
байлаа. Мөн АСЕМ-ийн гишүүн орнууд 2016 онд Улаанбаатарт уулзалдана. Энэ арга
хэмжээний бэлтгэл ажлыг хангах хүрээнд УИХ энэ оны төсөвт тодорхой хэмжээний
мөнгө төсөвлөсөн. Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, уг уулзалтыг бэлтгэл
ажлыг хангах Үндэсний хороог дэргэдээ байгуулаад байгаа билээ.
Хоёр хөршийн тэргүүнүүдийн түүхэн айлчлал
Энэ жил манай орон зочин ихтэй байлаа. Зочид гэхээр зуны
улиралд ирдэг жуулчдын тоог хэлж байгаа юм бус. Дотночилж хэлбэл, хөршийн
удирдлагууд албан хэлээр бол БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд манай улсад
айлчилсан түүхэн үйл явдал тохиолоо. БНХАУ-ын дарга Си Зиньпин манай улсад
төрийн айлчлал хийж, хоёр хоног саатав. Айлчлалын хүрээнд талууд 20 гаруй
баримт бичиг гарын үсэг зурж, хоёр улсын харилцааны хөгжлийг урагшлуулахад
чухал ач холбогдолтой болсныг талууд дүгнэсэн. Энэ айлчлал нь хоёр орны
харилцааны түвшинг Иж бүрэн стратегийн түвшинд дэвшүүлснийг онцолж байлаа.
АН-ыг спикер удирдана
АН-ын шинэ даргаар УИХ-ын дарга З.Энхболд ҮЗХ-ны
гишүүдийнхээ 100 хувийн дэмжлэгтэйгээр сонгогдсон юм. Улс төрийн намын тухай
хуульд ялсан намын дарга нь Засгийн газрын тэргүүн байдаг. Гэхдээ энэ удаад
нийгэм, цаг үеийн байдлаас шалтгаалан улс төр ч өөр өнцөг дээр явагдаж байна.
АН-ын шинэ дарга спикерийн албаа үргэлжлүүлэх бөгөөд экс дарга Н.Алтанхуягийн
намдаа авчирч байсан сонгуулийн ялалтын буухиаг үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн.
Ямартай ч тэрбээр ороо бусгаа болсон засгийг эмхэтгэж, Ерөнхий сайдыг
томилуулж, танхимыг нь бүрдүүлсэн анхны алхмаа амжилттай хийсэн. АН их
хурлаараа даргаа бататгадаг уламжлалтай. Гэхдээ энэ удаад намын их хурлыг
хуралдуулах шаардлагагүй гэж ҮЗХ үзжээ. Тиймээс намын даргын өмнө Засгийн
газрыг зөв чиглүүлж, ирэх сонгуулийн жилүүдэд бэлтгэх хариуцлагатай үүрэг ногдоод
байгаа. Дараа жилийн наадам даанч хол байдаг ч бүрэн эрхийн хугацааны талаас
илүүд орсон парламент, Засгийн газрын хувьд 1.6 жилийн дараах сонгууль хаяанд
ирсэн л гэсэн үг.
АН-ын шинэ дарга З.Энхболдыг Зүүний хүчний холбоо, Шонхор фракцын тэргүүн байсныг нь ажиглагчид андахгүй. АН-ын 2012 оноос хойшхи ялалт түүнтэй салшгүй холбоотой. Улаанбаатар хотын мёнтороос эхлээд Монголдоо “Монел” телевизийг анх угсран нэвтрүүлж байсан түүнд өнөөдөр инженерийн төдийгүй улстөрчийн хосолмол ухаан байгаа. Тиймээс ч 2012 оны сонгуулийн автомат санал тооллого АН-д ялалт авчирсан гэж үздэг хүмүүс бий. Өнөөдөр УИХ бүрэн цахимжиж, гишүүдийн үг хэлэх үгүйг, хуралдааныг нээлттэй явуулах эсэхийг шийддэг хурууныхаа өндгөөр ганцхан кноп даран шийддэг энэ эрхмийг АН-ынхан төдийгүй бусад улс төрийн хүчнүүд ч хашир, хорчин гэдэг оргүй үг биш.
Энэ удаагийн парламент Засгийн газрын тэргүүн нь ялсан намын дарга байдаг хэвшлийг эвдсэн гэхэд болно. АН-ын дарга нь УИХ-ын дарга З.Энхболд бол МАН-ын дарга М.Энхболд ч Шадар сайдын албан тушаалд өөр хүнийг дэвшүүлж УИХ-ын дэд даргаар ажиллаж байна.
АН гудайж, МАН гэдийж Засагт хамтрав
“Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй” гэж юутай үнэн. Хоёр жил гаруйнхны өмнө өрсөлдөгч улс төрийн хүчний тавьтаргүй гишүүдэд чичлүүлж, туршлагатай нэгэнд нь тавлуулан, байнгын хороодод гишүүдээ хуваарилуулж, төсөв хэлэлцэхэд саналаа тусгуулж чадахгүй, Төрийн ордныг тойрон гороолсон хэдий ч жагсаж чаддаггүй хэмээн шоглуулж байсан МАН өнөөдөр Засгийн газарт хамтарч, тэргүүн гэдгэр явна. Тус намыг газрын хөрснөөс арчина хэмээн олон суудал авсандаа хөөрч явсан АН-ынхан өнгөрсөн хугацаанд эдийн засгийг хямруулан унагаж, МАН-д хадаг барин хамтрахыг хүслээ. Тиймээс ч өнөөдөр МАН эрх баригчидтай эн тэнцэх сайдын албыг авч, улс орноо эдийн засгийн хямралаас гарахаар хамтарлаа, намаа биш түмнээ бодлоо хэмээн матрын нулимс унагаж, нүүрэндээ тодруулсан мишээлээ нууж чадахгүй явж байна.
Ч.Сайханбилэгийн
цагийн цохилт
Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бол АН-ын
залуусын төлөөлөл. Түүнийг нам нь, улстөрчид нь гэхээсээ цаг үеийн шалгуураар
Ерөнхий сайдаар томилогдсон гэвэл
оновчтой. Учир нь Ч.Сайханбилэг АН-д ч, Засгийн газарт ч шинэ хүн биш.
Ардчилсан хувьсгал өрнөж байхад АН-д Ч.Сайханбилэг залуусын төлөөлөл байсан, 20
гаруй жил өнгөрсөн ч өнөө хэвээрээ. Үүнийг ажиглагчид АН-ын партизанууд
залуусаа дээш гаргахгүй, өөрсдөө албан тушаалд амин тавьцгааж байна гэж
шүүмжилдэг. Харин одоо энэ шүүмжлэл ард
хоцорсон биз.
Нөгөөтэйгүүр Ч.Сайханбилэгийн Засгийн газар Шинэчлэлийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Шинэчлэлийн Засгийн газрын үед Ч.Сайханбилэг ЗГХЭГ-ын даргын албыг хашиж байсан, ажлаа мэднэ. Гэсэн хэдий ч эдийн засгийн төдийгүй улс төрийн хямрал нүүрлэсэн үед тэрбээр Засгийн газрыг тэргүүлсэн. Тиймээс түүний тэргүүлсэн Засгийн газар улс орныг хөгжүүлж, эдийн засгийг сэргээнэ, эрүүлжүүлнэ гэхээсээ хямарсан эдийн засгийг дордуулахгүй, иргэдийг сөхрүүлэхгүйгээр 1.6 жилийн хугацаанд ажлаа гүйцэтгэх үүрэг хүлээсэн.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ч ажлаа дэмжлэгтэй, шуурхай, шийдлийн үргэлжлүүлэх үүднээс парламент дахь улс төрийн хүчнүүдтэй хамтарч Засгийн газрын танхимаа бүрдүүлсэн нь тун оновчтой эхлэл тавьсан гэж ажиглагчид үзэж байна лээ. Аливаа асуудлыг шийдвэрлүүлэхэд эхлээд парламентаар хэлэлцүүлж, гишүүдийн дэмлэг авахгүйгээр цааш явахгүй. Тиймээс ч Засгийн газар парламентаасаа гацахгүй, дэмжлэгтэй байх нь хэрэгтэй. Үүнийг шинэ Ерөнхий сайд яс махандаа хүртэл мэдэрсэн биз ээ. Тиймээс ч өмнөх Засгийн газрын тэргүүнийг дэмжихгүйгээ амаар биш үйлдлээр илэрхийлсэн сөрөг хүчин МАН-тай хамтарч ажиллаж байна.
Ч.Сайханбилэгийг танхим АН, МАН, ИЗНН, МАХН-МҮАН-ын хамтарсан “Шударга ёс” эвслийн хамтарсан Засгаас бүрдсэн, 19 сайд 15 яамтай. Үүнийг Н.Алтанхуягийн танхимаас тэлсэн байна цомхотго гэсэн шүүмжлэл гардаг ч “Засгийн газрын танхимыг бүрдүүлэхэд хямрал хамаарахгүй” гэдгийг Ерөнхий сайд хатуухан хэлнэ лээ. Учир нь тэрбээр сайн багтай байж хурдтай, үр бүтээлтэй ажиллана гэж үзэж, ахлах зөвлөхөөрөө АН-ын экс генсек Б.Дэлгэрмаа, Эдийн засгийн бодлогын зөвлөхөөрөө банкир, ЭЗХ-ийн дэд сайд О.Чулуунбат нарыг дэргэдээ ажиллуулж байгаа. Ч.Сайханбилэг нарын цаг ирж, цохилж байна. Түүнийг Ерөнхий сайдаар томилогдох үед түүнийг ирээдүйд “Лидер эсвэл будаа хоёрын аль нь болохоо харуулах боломж ирлээ” гэдгийг гишүүд хэлж байсан.
Шинэ Засгийн газрын тэргүүн хямралын хүнд үеийг давахын тулд бүсээ чангалж, төсвөө хумхийг уриалж байсан. Хямралтай үеийн улс орны удирдагчид бүгд л ийн хэлдэг, жижүүрийн үг ч гэж болно. Харин ирэх онд Ч.Сайханбилэг сайдын хувьд хямралыг давахын тулд төсвийн албан хаагчдыг цомхотгохоосоо илүүтэй хавтгайрсан халамжийг хумьж, өрх бүрийг цалинтай, ажилтай байлгах бодлого баримталж байна лээ. Шийдлийн Засгийн газрын зорилт “Нэгд, эдийн засаг. Хоёрт, эдийн засаг. Гуравт, эдийн засаг” гэдгийг Ерөнхий сайд онцолсон. Энэ үгийг зөвхөн Ч.Сайханбилэг бус түүний танхимд багтсан 19 сайд, яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга ч өглөө бүр санан сэрж, өдөр нь хэрэгжүүлж, үдэш бүр төлөвлөн лоозон мэт уншиж байх хэрэгтэй биз.
Н.Энхбаяраар “амьсгалсан” өдрүүд
Солонгос улсад эмчлүүлж байгаа Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр намрын сэрүүн өдрүүдэд эх орондоо тухлаад буцсан. Ирэхээсээ өмнөхөн “Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Солонгосын иргэн болох нь” гэсэн шуугианыг тарьж, түүний хөлөглөсөн онгоц Чингис хаан олон улсын нисэх буудалд газардахаас 30 минутын өмнө намын нөхөддөө эх орондоо ирж байгаагаа дуулган, сандаргаж, үлээвэр найрал хөгжмийн аянд морилж, төрийн тусгай хамгаалалтад, дуут дохио хангинуулан гэртээ ирсэн гээд иргэн Н.Энхбаярыг тойрсон шигтгээ цөөнгүй. Тэрбээр хэвлэл мэдээллийнхэнд “Надад ямар ч улс төрийн сонирхол байхгүй. Би эх орныхоо агаарыг амьсгалж, усыг ууж, цаашлаад хөдөө гарч, ааруул идэх гэж ирлээ. Монгол Улсын төрийн тэргүүн байсан, эдүгээ нас намбыг нь ч тооцоход харьд цагаачилж, гадаадын иргэн болно гэдэг байж боломжгүй, худал мэдээлэл” хэмээн түүний ярихыг телевизээр харж, хэвлэл мэдээллээр уншиж, сонссон иргэд “Эх орноо саналгүй яах вэ, зөв шүү дээ” хэмээн өмөөрч, хайлж байсан ч ам, ажил хоёр нь алд дэлэм зөрсөн юм.
Тэрбээр эрх баригч хүчин болох АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуягтай хоёр намын хамтын ажиллагааны урт хугацааны гэрээ байгуулж, гарын үсэг, тамгаар баталгаажуулж амжив. Сонгуульд хамтран орох, Засгийн газар байгуулахдаа хамтрах тухай МАХН, АН хоёрын хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсан сургаар ардчиллын алтан хараацай болох хотын мэр Э.Бат-Үүлээс эхлээд жирийн гишүүд хүртэл “Хэзээнээс өрсөлдөж ирсэн, зүүнийг баримтлагч намтай манай барууныхан урт хугацааны гэрээ байгуулсан нь ардчиллыг ухраалаа” хэмээн эсэргүүцэн боссоноор баталгаажсан гэрээ төсөл болон хувирав. АН, МАХН-ын намын хоорондын гэрээний төслийг “гишүүдээрээ хэлэлцүүлэн баталгаажуулна” хоёр намын удирдлагууд хэмээн олны өмнө мэдэгдсэн боловч эдийн засаг хямарч, сөрөг хүчний төдийгүй намынхаа гишүүдийн шүүмжлэлд удаа дараа өртөж байсан Н.Алтанхуягийн хувьд “өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй” гэгч болсон. Намын гишүүдийн, тэр дундаа нам дахь Алтангадас фракцийнхаа хүчээр албан тушаалдаа тогтож байсан Н.Алтанхуягийг дээрх үйл явдлын дараа Засгийн газар нь огцорч, намын даргын албаа шилжүүлэх хувь тавилан хүлээж байлаа. Ардчилсан намыг хурууныхаа үзүүрээр бужигнуулсан МАХН-ын дарга Н.Энхбаяр нийгэмд ч улстөрчийн эерэг дүрээ бүтээгээд амжив. Түүний оролцсон “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг энэ үеэр телевизээр цацагдсан. Энэ нэвтрүүлэг түүнийг амьдралын түүхийг гэхээсээ улстөрчийн сэргэлт, уналтыг харуулсан төдийгүй, Ерөнхийлөгчийн суудлаас бууснаас нь хойшхи жилүүдийн бор оймсны түүх, байцаалтыг дарамт, өлсгөлөн зарласан өдрүүд гээд гашуун үйл явдлыг түлхүү үзүүлсэн нь монгол хүний өрөвч, өр зөөлөн сэтгэлийг сэдрээв.
Ийнхүү тэрбээр эх орондоо хагас сар гаруй хугацаанд тухлахдаа эрх баригчдыг бужигнуулж, нийгэмд эергээр үнэлүүлсэн. Харин хөдөө гарч, ааруул идэх нь битгий хэл Улаанбаатараас ч захалсангүй, Төрийн ордонд завгүй ажилласаар буцлаа.
МАХН-ын дарга эргэж ирнэ, гэхдээ хэзээ гэдгийг хэн ч таашгүй, зөвхөн өөрөө л мэднэ.
Хамгийн, хамгийн тодотгол дагуулсан Н.Алтанхуяг
АН-ын экс дарга,
экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хувьд энэ он тун харш байлаа. Гэхдээ харшлыг
жилээс, нийгмээс, наашлаад сөрөг хүчин МАН-аас басхүү журмын нөхдөөсөө ч
хайгаад, чичлээд хэрэггүй болов уу. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг АН-даа ч, Засгийн
газарт ч хамгийн, хамгийн гэсэн
тодотголтойгоор ажлаа хүлээлгэн өгсөн хүн. Н.Алтанхуягийн үеэд АН анх удаа 2012 оны парламентад
хамгийн олон суудал авсан, орон нутгийн сонгуульд таваас бусад аймагт анх удаа
ялалт байгуулж, Ерөнхийлөгчийн дараалсан сонгуулиар анх удаа АН-аас төрийн
тэргүүн төрж, улиран сонгогдоод байгаа.
Түүний тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газар өмнөх засгуудаас “хамгийн баян”-аар тодорсон. Өмнөх Засгийн газруудын үед төсвийн тэнцэл тэрбумаар хэмжигдэж, зарим нь хасах дүнтэй гардаг байсан. Тэгвэл Н.Алтанхуягийн Засгийн газар төсөв болон төсвөөс гадуур нийтдээ 13 их наяд төгрөгийг захиран зарцуулжээ. Н.Алтанхуяг АН-ын Ерөнхий сайд нараас хамгийн удаан хугацаанд буюу 2.2 жил ажилласан нь. Тус намынхан Засгийн газрын тэргүүнээ огцруулдаг гэм биш зан нь энэ удаад ч давтагдсан. 1996-2000 онд АН-ыг эрх барьж байх үед дөрвөн Ерөнхий сайд солигдож байсан түүхтэй.
Түүнийг мөн хамгийн олон зээл авч, эх орноо барьцаанд тавьж, хойч үеэ өрөнд унагалаа гэж шүүмжилдэг. Ардчиллын 20 гаруй жилийн хугацаанд төрсөн 11 Ерөнхий сайд нийт 2.2 тэрбум долларын зээл авсан бол Н.Алтанхуягийн танхим дангаараа 2.8 тэрбум долларыг зээлээр авсан гэх тооцоог сөрөг хүчин гарган шүүмжилдэг. Н.Алтанхуягийн Засгийн газар 20 жилд хийгээгүй ажлыг хоёр жилд хийж, зам тавьж, эрчим хүч татсан гэдэг ч сөрөг хүчин үүнийг мөн л эсэргүүцэж, “тууз хайчлах үүрэг гүйцэтгэсэн” хэмээн ширэв татдаг. Түүнийг тойрсон хамгийн хамгийн тодотгол үүгээр зогсохгүй. Хамгийн олон удаа сайдын алба хашиж байсан, хамгийн задгай амтай, төрийн албыг төрлийнх болгож хамгийн их чих халууцуулсан гээд сайн, саар тодотгол дагалддаг.
Цаашлаад намын дарга, Засгийн газрын тэргүүний давхар дээлээ тайлснаасаа хойш байнгын хороо, чуулганы хуралдаанд оролцох байтугай Төрийн ордонд үзэгдээгүйгээрээ хамгийн хамгийнаар ч тодрох магадлалтай.
Н.Энхбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ