Шилэн дансны цахим хуудас бэлэн болжээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
x
Яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталлаа
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан яам бүрийн үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталлаа. 14 яам тус бүрийн тэргүүлэх чиглэл, эрхэм зорилго, үйл ажиллагааны стратеги, гол зорилтыг тодорхойлж, дотоод нэгжүүдийн үндсэн үүрэг, чиг үүрэг, эрхлэх ажил, үйл ажиллагаа, яам хоорондын болон нутгийн захиргааны байгууллагуудтай харилцах уялдааг хөтөлбөрт тусгажээ. Энэ баримт бичгийг баталснаар яамдын удирдлагын үйл ажиллагаа жигдэрч, ажилтан бүрийн үүрэг тодорхой болж, хариуцлага тооцох механизм бүрдэж байна.
f
Боомтын захиргаадыг татан буулгалаа
Чиг үүргийн давхардал, хүнд суртлыг арилгах зарчим баримтлан төрийн байгууллагын бүтэц, орон тоог боловсронгуй болгох, зарим агентлаг, ажлын алба, нэгж, улсын үйлдвэрийн газар, төвийг татан буулгах, нэгтгэх санал боловсруулж, төсвийн тодотголын хамт 2015 оны нэгдүгээр улиралд багтаан УИХ-д өргөн мэдүүлэхийг УИХ-ын энэ оны 70 дугаар тогтоолоор Засгийн газарт даалгасан юм. Энэ дагуу хилийн хяналтын байгууллагуудын үндсэн болон туслах чиг үүрэгтэй давхацсан, иргэдээс авах хураамжийг өсгөсөн, төрийн албан хаагчдын орон тоог нэмсэн Боомтын нэгдсэн захиргаа, түүний харьяа боомтын захиргаадыг татан буулгаж, гаалийн харьяа байгууллагуудад шилжүүлэхээр Засгийн газар шийдвэрлэлээ. Ингэснээр боомтын хэвийн үйл ажиллагааг хангах чиг үүрэг бүхий үйлчилгээний 128 ажилтны орон тоо, цалингийн сан, байр ашиглалтын урсгал зардал Гаалийн ерөнхий газрын харьяа байгууллагуудад шилжиж байна.
c
Төсвийн хуулиудад өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн мэдүүлнэ
Дэлхийн эдийн засагт гарч буй өөрчлөлтийн улмаас манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ буурч байгаагийн зэрэгцээ Оюутолгой ордын үйлдвэрлэл багассан тул энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ төлөвлөсөн хэмжээнд хүрэхээргүй байна. Энэ өөрчлөлт ирэх онд ч үргэлжилнэ. Учир нь Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулах үед тооцсон эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ, хэмжээ, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд буурахаар байна. Дээрх нөхцөл байдалд үндэслэн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан үзүүлэлтүүдийг өөрчлөхөөр Засгийн газар шийдвэрлэж, үүнтэй уялдуулж холбогдох хуулиудад оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийслэл хотын албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Бууны албан татварын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөрөнгийн албан татварын тухай хуулийн төслүүд энд багтаж байна. Ийм өөрчлөлт хийснээр макро эдийн засгийн суурь үзүүлэлт, түүний дотор Монгол Улсын төсвийн ихэнх хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбараас төвлөрүүлэх орлогыг зөв тооцож, улсын төсвийг үр нөлөөтэй зөв төлөвлөх, хуваарилах асуудал бодитой болно гэж Засгийн газар үзлээ.
d
Шилэн дансны цахим хуудас ашиглалтад бэлэн болжээ
Шилэн дансны тухай хууль 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Засгийн газрын гишүүдэд танилцуулга хийлээ. Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг ашиглалтад оруулахад бэлэн болгоод байна. Нэгдсэн цахим хуудас нь www.shilendans.gov.mn хаягтайгаар Үндэсний дата төвд байршина. Нэгдсэн цахим хуудсанд дараах боломжуудыг бүрдүүлсэн байна.
• - Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурал, Засгийн газар, агентлагууд, орон нутгийн бүх шатны төсөвт байгууллагууд, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн өмчит компаниуд зэрэг нийт 6088 байгууллагыг холбосон.
• - Дээрх байгууллагууд мэдээллээ төсөв гүйцэтгэл, хөрөнгө оруулалт, тендер худалдан авалт, үнэт цаас, байгууллага гэсэн 5 бүлэг, 19 маягтаар оруулна.
• - Одоо ашиглаж буй Төрийн сангийн мэдээллийн системд хандах эрхийг Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд шууд ашиглахаар зохицуулсан тул төрийн байгууллагууд богино хугацаанд хэрэглэж дадна.
• - Монгол Улсын нийт хөрөнгө оруулалт, урсгал зардлыг харуулах боломжтой.
d
Ашиглалтад орж байгаа нэгдсэн цахим хуудсыг төрийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар өргөн хүрээтэй мэдээлэл агуулсан цахим засаглалын томоохон веб порталын эхний хувилбар гэж үзэж байна. Цаашид нууцад хамаарахаас бусад гүйлгээний мэдээллийг хүний оролцоогүйгээр real-time горимд гаргах, шилэн дансны өгөгдөлд дүн шинжилгээ хийх, төрийн байгууллагаас бизнесийн салбарт хийж байгаа хяналт шалгалт, дарамтыг шилэн дансны зарчмаар бүртгэх модуль хөгжүүлэх чиглэлээр сайжруулахаар зорьж байгааг С.Баярцогт сайд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгавар өглөө. Шилэн дансны хуульд зааснаар шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг Сангийн яам эрхлэн хөтөлнө.
d
Нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоог олон улсын жишигт хүргэх эрх зүйн зохицуулалт хийнэ
Аудитын тухай болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг баталж, хуулийн төслийг эцэслэн боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгалаа.
Нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоонд Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт нэвтрүүлэхэд шинэчлэлийн гол зорилго чиглэсэн байна. Тухайлбал, аж ахуйн нэгж, байгууллагын ангиллыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, санхүүгийн тайланг нь жилд 1-2 удаа цахим хэлбэрээр авдаг болох, энэ цахим санд тулгуурлан бусад төрлийн үйл ажиллагааг шат дамжлагагүй явуулахаар шинэчлэн зохицуулна. Түүнчлэн, мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, нягтлан бодох бүртгэл, аудитын олон улсын стандартуудыг орчуулах, тайлбарлах, хэрэглэх зөвлөмж боловсруулах зэрэг төрийн зарим чиг үүргийг Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтэд нэмж шилжүүлнэ. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль 1993 онд анх батлагджээ.
d
Товч мэдээ:
- Монгол, Австрийн Засгийн газар хооронд байгуулсан “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд хэрэгжих “Онцгой байдлын албаны гал унтраах техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төслийн Экспортын зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрхийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргалд олголоо. Энэ төслийн хүрээнд Австри улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр манай онцгой байдлын албанд гал унтраах иж бүрэн хэрэгсэл нийлүүлэгдэх юм. Манай улсын хэмжээнд аврах, гал унтраах зориулалтын 198 автомашин ажиллаж байгаагийн 55 хувь нь 1967-1990 онд үйлдвэрлэгдсэн, эдэлгээний норм хугацаа дууссан техник байна.
d
- Хуучин нэрээр Уул уурхайн яамнаас боловсруулсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын шинэчилсэн найруулгын төслийг батлах эрх олгох асуудлыг хэлэлцээд, Засгийн газрын гишүүдийн саналыг тусган Ашигт малтмалын тухай хуулийн 10.1.2-т заасны дагуу баталж мөрдүүлэх эрхийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад олгохоор тогтлоо.
d
- 2013 онд өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, Монгол Улсын нийт өрх, хүн амыг амьжиргааны түвшнээр эрэмбэлсэн цахим мэдээллийн сан бүрдүүлсэн юм. Энэ сангийн мэдээлэлд тулгуурлан “Өрхийн мэдээллийн нэгдсэн санг удирдах, ашиглах журам” баталлаа. Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг зорилтот бүлгийн хүн амд нийгмийн хамгаалал, халамж, бусад суурь үйлчилгээг хүргэх чиглэлээр хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаанд салбар дунд ашиглана.
d
- "Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам"-ыг шинэчлэн баталж, 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөхөөр тогтлоо.
d
- Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны улсын хэлэлцээр байгуулахад Засгийн газрын талын баримтлах зарчим, чиглэлийг хэлэлцэн дэмжлээ. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрийг 1999 оноос хойш 6 удаа байгуулж, биелэлтийг дүгнээд байна. 2015-2016 оны улсын хэлэлцээрт хөдөлмөр, нийгмийн хамгааллын талаарх хууль эрх зүйн орчин, цалин хөлсний тогтолцоог боловсронгуй болгох, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байр хадгалах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх чиглэлээрх 4 бүлэг асуудлыг тусгах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ