Орд газруудыг эргэлтэд оруулахад Япон улсын зүгээс оруулах хөрөнгө оруулалт арвин байгаасай гэж хүслээ
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Ази Номхон далайн парламентын 19 дүгээр чуулганд оролцож байгаа Японы Төлөөлөгчдийн танхимын гишүүн Акихиса Нагашима тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Монгол Улсын хамгийн том хандивлагчдын нэг болох Япон Улсын төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлсний сацуу “Бид парламентын ардчилалыг хөгжүүлэхээр 20 жил ажиллаж байна. Монгол оронд зах зээлийн харилцааг төлөвшүүлэх, ардчилалыг хөгжүүлэх үйл явцад хамгийн их туслалцаа үзүүлж байсан орон бол яах аргагүй Япон Улс. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд парламентын гишүүдийн оруулсан хувь нэмрийг дурдахгүй байхын аргагүй. Бид хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх том зорилт тавин ажиллаж байна” гэлээ. Мөн тэрбээр орд газруудыг эргэлтэд оруулах зэрэг томоохон ажлуудад Япон Улсын зүгээс оруулах хөрөнгө оруулалт арвин байгаасай хэмээн хүсч байгаагаа дуулгасан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ