Эмэгтэйчүүд эсэргүүцлээ илэрхийлэн цээж нүцгэн жагслаа
Бид Украйнчууд! Бид Феменчүүд ! гэж орилж байгаа эмэгтэйчүүд бол эмэгтэй хүний эрхийн төлөө тэмцэгчид юм. Улс төрийн эсэргүүцэл, тэмцлийн хэлбэр дотроос Украйны хэсэг эмэгтэйчүүд бусдын анхаарлыг ихээр татаад байна. Бидний бурхан бол эмэгтэйчүүд! Бидний зорилго бол эсэргүүцэн тэмцэх! гэсэн уриатай эмэгтэйчүүд 2008 оноос хойш эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөө, хүний наймаа, бэлгийн дарамт, секс жуулчлалын эсрэг тэмцэж байгаа юм.
Эрх баригчдын анхаарлыг өөрсдөдөө хандуулахын тулд тэд дээгүүрээ нүцгэн жагсдаг гэж эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөний удирдагч Анна Гутсол ярьж байна. Тэрбээр “Украйны эрх баригчид ард түмнийхээ дуу хоолойг сонсдоггүй. Мөн зарим иргэд дуу хоолойгоо эрх баригчдад хүргэх гэж аргаа бардаг.
Тиймээс бид эсэргүүцлээ илэрхийлэх, тэдэнд дуу хоолойгоо хүргэх хамгийн үр дүнтэй арга гэж үүнийг сонгож авсан юм” гэжээ.
Тэдний зураг, дүрс BBC, Шпийгель, Сан, Ластампа зэрэг гадаад болон дотоодын хэвлэл мэдээллийн агентлагуудаар цацагджээ. Гэхдээ хөдөлгөөний удирдагч Анна Гутсол цээж нүцгэн жагсахаа больсон байна. Харин түүний Фемен хөдөлгөөний 20 гаруй эмэгтэй болон бусад 300 гаруй дэмжигч идэвхтнүүд цээж нүцгэн жагсдаг байна. Тэд энэ удаад Украйны парламентын ордны гадаа жагсаж эсэргүүцэл үзүүлжээ.
Эсэргүүцэгчид шинээр байгуулагдсан засгийн газарт эмэгтэй хүн ороогүйг шүүмжилж байгаа юм байна.
Тэд парламентын ордныг эрчүүдийн жорлон гэж хашгирч, эсэргүүцэл үзүүлсэн байна. Хөдөлгөөний удирдагч Анна Гутсол “Феменчүүд олны анхаарал татаж байгаад эрх баригчид дургүйцэж, илтээр биднийг баривчлах юмуу жагсаалыг хүчээр тараадаг. 2009 оноос хойш 10 гаруй эмэгтэй баривчлагдсан. Манай вебсайт мөн хакердуулж, хаагдсан” гэж хэлж байна.
Н. ЭДДИ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ