Ж.Бушийн мөрөөдөл биелэхэд ганц хуруу дутаад байна
Сар гаруй хугацаанд үргэлжилж байгаа Тунисын хямрал, эмх замбараагүй байдлыг Жасмин хувьсгал гэж олон улсын тоймчид нэрлээд байгаа. Тунист үлээж эхэлсэн ардчиллын гэгдэх салхи цаашлаад Арабын ертөнцийг ганхуулах уу? 50-60-аад оны үед Арабын орнуудад нийгмийн хувьсгал, жагсаал цуглаан болж байсан хэдий ч бүгдэд нь дарангуйлал тогтож, хувьсгал намжсан. Харин Тунист ардчилал тогтож байна гэж хэлэхэд эрт ч Тунисын ард түмэнд итгэл найдвар байна. 10 жилийн өмнө Арабын ертөнцөд улс төрийн ардчилал байгаагүй гэж хэлж болно. Хэдийгээр одоо бүтэлтэй бүтэлгүй болж байгаа ч Арабын ертөнцөд ардчиллын цөн түрж эхлээд байна гэж ажиглагчид харж байна.
Ирак улсын хувьд улс төр, нийгэм бүрэн тогтворжоогүй. Гэхдээ Саддамын үеийн дарангуйллыг бодвол ардчилсан сонгуулиар сонгогдсон удирдлагуудтай, олон намын системтэй болсон.
Иран улсын зарим иргэд сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй жагсаж байсан ч ардчилсан сонгуулиар удирдагчаа сонгосон. 2009 онд Иранд болсон эсэргүүцлийн ногоон хувьсгал хэрэв хэдэн жилийн өмнө болсон бол хэдэн хүний цус урсах байсныг таашгүй.
Ливан улсын засгийн газар өнөө маргаашгүй унахад бэлэн хүнд байдалд ороод байгаа.
Сири улсын засгийн газар замбараагүй ч илүү нээлттэй улс төрийн системтэй болж байгаа. Гэхдээ Сири улсад Хезболах бүлэг гол тоглогч хэвээр.
Бахрэйн, Кувейт улсууд өөрчлөлт шинэчлэлтийг өрнүүлсээр байгаа.
Египет улс эдийн засгийн реформ хийж эхэлсэн. Гэхдээ улс төрийн систем нь хаалттай хэвээр. Тунисын хувьсгал Египетийн улс төрийн системийг зад татчих вий гэж битүүхэндээ эмээж байгаа.
Алжир, Сири, Иран улсуудад дараагийн 10 жил ямар өөрчлөлт гарахыг таахад хэцүү юм. Ойрхи Дорнодод ардчилал, эрх чөлөөг авчрах стратеги гэгчийг АНУ-ын ерөнхийлөгч Ж.Буш номлож байсан. Тэрбээр “Эрх чөлөөг авчрах стратегийг хэрэгжүүлэхэд биднээс маш их тэсвэр, тэвчээр хатуужил, үзэл санаа шаардана.
Европ, Ази ер нь дэлхийн аль ч өнцөгт эрх чөлөө энх тайван байдлыг авчирна. Эрх чөлөө бол бидний үеийн дуудлага, захиалга” гэж мэдэгдэж байсан.
Арабын ертөнцийн ардчилагдаж байгаа байдалд АНУ-ын ойрхи Дорнодод явуулж байгаа цэргийн ажиллагаа нөлөөлсөн үү? Үгүй юу ? гэдэг нь сонирхолтой асуулт.
Иранд шударга бус сонгуулийг эсэргүүцсэн ардчилсан хөдөлгөөн өрнөсөн. Ливанд улс төрийн аллага болсон.
Тунисчууд цөөн хэдэн дарангуйлагчдаа улс төрөөс зайлуулж байна.
Египетэд дунд давхрагынхан эрх мэдлээ арми эсвэл эрх баригчдад алдахгүйг хичээж байна.
Иргэншиж буй нийгмийн, эдийн засаг, дунд давхрагынхны бухимдал, улс төрийн бүтэлгүй оролдлого, дарангуйлагчдаас хамаарч, цөөн тохиолдолд гаднаас хамаарч голдуу Ардчилсан хөдөлгөөн өрнөдөг байна.
Арабын ертөнц бол төрөлхийн Ардчилал, эрх чөлөө оршин тогнодоггүй газар биш гэдгийг Ерөнхийлөгч Ж.Буш хэдэн жилийн өмнө харжээ. Одоо түүний мөрөөдөл биелэхэд ганц хуруу дутаад байна гэж олон улсын тоймчид үзэж байна.
Н.Эдди
СЭТГЭГДЭЛ БИЧИХ