“Зээл авдаггүй улс орон, бизнесмэн гэж байхгүй”
УИХ-ын гишүүн Ч.Улаантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
a
-Та чуулган дээр өрийн таазаа тулгаад 58.3 хувь болгоод баталчихаар гадаадын хөнгөлттэй зээлүүдийг авах боломжгүй боллоо гэж байсан. Тухайлбал, ямар зээлүүдийг авах боломжгүй болж байгаа вэ?
-Дэлхийн банкны таван төслийн талаар УИХ-аар хэлэлцээд урт хугацаатай хөнгөлөлттэй зээл авах нь зүйтэй гээд шийдчихсэн. Азийн хөгжлийн банкны гурав, Австри улсаас авах таван зээл бий. Өөр бусад улсаас авч болох хөнгөлөлттэй зээлүүд ч бий. УИХ-аас авч, ашиглая гээд шийдчихсэн. Гэтэл яг үүнийг хэрэгжүүлэх гэхээр өрийн таазаар хязгаарлагдаж байна. Тэгэхээр эдгээр зээлүүдийг авч үйл ажиллагаандаа ашиглах эсэх нь эргэлзээтэй болж байгаа юм. Өнөөдөр Төсвийн байнгын хороон дээр намын бүлгүүдийн асуудлыг хэлэлцээд нэмэгдэл зээл авах хэрэгцээ нөхцөл дэмжигдчихлээ. Тэгэхээр ямар ч тохиолдолд 58.3 хувьд багтахгүй. Харин Загсийн газрын оруулж ирсэн 60 гэдэгт багтаж байна уу, үгүй юу гэдгийг нарийн тооцоу үзэх хэрэгтэй. Тэгэхээр 58.3 гэдэг бодит нөхцөлтэй нийцэхгүй байна гэж хэлсэн нь тэр шүү дээ. Нэгэнт л 40 байх ёстой өрийн хязгаарыг бид 58.3 хувь болгочихлоо. Нэгэнт л нэмж байгаа бол зайлшгүй авч болох шаардлагатайтэр эх үүсвэрүүдээ тооцоод хэмжээгээ оновчтой тогтоох нь зөв байсан гэсэн байр суурьтай байна.
a
-Дахиад өрийн таазын асуудлыг оруулж ирнэ гэж ойлгож болох уу?
-Аргагүй нөхцөл байдал үүсчихсэн. Өрийн хэмжээний тухай асуудал удахгүй орж ирэх байх.
a
-60 хувь болголоо гэхэд яг тэрэндээ багтах уу?
-Эргэлзээтэй. Ер нь Өрийн удирдлагын хуулин дотор бид нар нилээн зарчмын асуудлуудыг хөндсөн нэгд зээлийн хэмжээг оновчтой тогтооё, хоёрт зээлийн ангилалыг олон улсын аргачлалаар зөв тогтооё. Гуравт зээлиг үнэлж байгаа үнэлгээний аргачлалыг өөрчлөе гэсэн цогц асуудлыг оруулсан. Тэгэхээр энэ асуудлыг цогцоор нь авч үзэхээс өөр арга байхгүй. Зүгээр нэг хувь хэмжээтэй ноцолдоод байж болохгүй.
a
-Ер нь УИХ-ын гаргасан шийдвэрүүд хоорондоо зөрчилдөөд байдаг нь юутай холбоотой юм бэ. Асуудлуудаа сайн судалдаггүй юм болов уу эсвэл улс төрийн шоу юм уу?
-Энийг би яг яасан гэж онож хэлэхэв. Ер нь л их богино харж байна. Аливаа гаргаж байгаа шийдвэр, дараа нь гаргах үр дүнг бодитоор тооцож байж хууль гаргах ёстой. Тэгэхгүй бол салан баавгайн үлгэр болох юм байна л даа. Тийм учраас хуулиудын хоорондын уялдаа холбоог хангаж байх хэрэгтэй тэгж байж, хууль хэрэгжинэ.
a
-Өрийн таазыг 58.3 хувь болгох шийдвэрийг УИХ-аас гаргасаны дараа гадаадын зарим хэвлэлүүд 2017 онд Монгол улс дампуурлаа зарлах эхлэлээ тавилаа гэж мэдээлсэн. Энэ асуудлыг юу гэж харж байна?
-Таамаглал хийсэн хүмүүс мэдээж өөрийнхөө үйлдлийг хамгаалж батлах байх. Ер нь зээлээ төлөх чадавхийг бий болгох нь чухал асуудал юм. Зүгээр зээлээсээ айгаад авсан зээлээ ашиглаж чадахгүй бйах юм бол туйлын бүтээлч биш хандлага. Нэгэнт зээлээ авсан юм бол энэ зээлээ түргэн хугацаанд төлөх чадавхиа бий болгох хэрэгтэй. Энэ дээр л манайх алдаж байна. Тэрнээс биш зээл авдаггүй улс орон, бизнесмэн гэж байхгүй. Хамгийн гол нь авсан зээлээ сайн ашиглах л хэрэгтэй.
a
-Шатахууны онцгой албан татварыг нэмэхээр боллоо. Тэгэхээр шатахууны үнэ нэмэгдээд, дагаад өргөн хэрэглээний барааны үнэ ч нэмэгдэхгүй гэж үү?
-Энэ бол төсвийн тодотгол хийж байгаа үед гэнэт л яригдаж байгаа асуудал. Би сая байнгын хорооны ажлын хэсгээс хэн анх ийм санал гаргасан бэ гэдгийг тодрууллаа. Тэгэхэд ажлын хэсэг ч юм шиг, Засгийн газар ч өргөн барьсан юм шиг тодорхойгүй байдалтай байна. Бидэнд албан ёсны мэдээлэл ирээгүй байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэнэтхэн 230 тэрбум төгрөгийн орлого олчихлоо гэж яриад унасан. Энэ бол нэлээн ул суурьтай хандах асуудал. Ер нь шатахуун, дизелийн түлшний онцгой албан татварыг нэмнэ гэдэг орлого дайчилж байгаа талаасаа зөв байх. Энэ талаас нь байж болох хувилбар гэж би дэмжиж байна. Ер нь бол аливаа шийдвэр эерэг, сөрөг үр дагавартай. Үр дагаврыг нь хэр зэрэг тооцож энэ саналыг оруулсан юм бол сайн мэдэхгүй байна. Манайд эдийн засгийн үндсэн тэнцвэрийг, ялангуяа юмны үнэ ханшийг хадгалж байдаг суурь үнэ гэж байдаг. Суурь үнэ гэдэг нь ерөөсөө л шатахуун, цахилгааны үнэ. Эдгээрийн үнээр оролдоод эхэлхээр бүх зүйлийн үнэд нөлөөлдөг. Олон давхар давалгаа явдаг. Зүгээр нэг төсвийн зарлагаа хасч чадахгүй нэмж байгаа үйлдлээ зөвтгөхийн тулд орлого олох, үүний тулд онцгой албан татварыг нэмэх байдлаар асуудалд хандсан бол энэ их өндөр үнээр олдож байгаа санхүүжилт болох байх шүү.
a
-Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ буурч байна. Манайх татвараа нэмэлгүйгээр шатахууныхаа үнийг бууруулаад, өргөн хэрэглээний барааны үнээ ч дагаад буулгавал эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх үү?
-Ер нь нефть бүтээгдэхүүний онцгой албан татварыг уян хатан тогтоож, дэлхийн зах зээлийн үнэ ханштай уяалдуулаад, дотоодын зах зээлийнхээ тэнцвэртэй байдлыг хадгалах үүднээс Засгийн газарт тодорхой эрх хэмжээг өгсөн байдаг. Хуулиар тогтоосон эрх хэмжээнийхээ хүрээнд Засгийн газар зохицуулж явдаг. Дэлхийн зах зээл дээр үнэ буурвал дотоодын үнээ бууруулж, нэмэгдвэл дотоодын албан татварынхаа хэмжээг зохицуулдаг. Гэхдээ одоо ярьж байгаа асуудал энэ хуулиас гадуур зохицуулалт орж ирж байна. Бүхэлд нь татварыг нэмэгдүүлэх нь нийт эдийн засагт, хэрэглээний үнийн түвшин, ард түмний амжиргаанд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг ул суурьтай тооцох ёстой. Жижиг чулуугаар маш том чулуу хөдлөж байгаа шүү.
a
-Нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр буурсан ч цаашдаа ямар байх чиг хандлага ажиглагдаж байгаа бол. Манайх татвараа нэмчихээр шатахууны үнэ өсчих юм биш биз дээ?
-Татвар нэмэгдэхээр яадгийг би хэлмээргүй байна. Манайд явж ирсэн уламжлал, тогтсон жишиг ойлгомжтой. Татвар нэмсэн байтугай, нэмээгүй байхад л үнэ өсдөг. Ийм байдал битгий гараасай л гэж би хүсч байна.
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ