Австралийн “Мак Махон”, “Лейтон Азиа” компаниудаас болж Тавантолгойн тендер хойшлогдсон гэж олон улсын хэвлэлүүд бичиж байна
Дэлхийд цөөхөн үлдсэн нөөц ихтэй ордын нэг нь Монголын Тавантолгой гэдгийг олон улсын хэвлэлүүдээр бичиж байна. Тухайлбал, NEWS-21 агентлаг Тавантолгойн ордтой холбоотой дараах мэдээллийг нийтэлсэн байна.
Монголын төрийн өмчит “Эрдэнэс MGL” компанийн ерөнхий захирал Б.Энэбишийн мэдэгдсэнээр батлагдсан нөөц нь зургаан тэрбум, үүнээс 1,4 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй Тавантолгой хэмээх том ордын нэг хэсэгт гэрээт олборлогчоор ажиллах компанийг сонгон шалгаруулах ажил Улаанбаатарт үргэлжилж байна. Сонгон шалгарцуулалтанд оролцох саналыг 1 дүгээр сарын 27-ныг хүртэл хүлээн авна. Шалгарсан олборлогч /оператор/ Монголын төрийн өмчит “Эрдэнэс MGL”-ийн охин компани “Эрдэнэс Тавантолгой”-н 100 хувийн эзэмшлийн Цанх хэмээх талбайн зүүн хэсэгт гэрээгээр ажиллах юм. Гэрээт олборлогч нь нүүрс худалдахгүй, ноогдол ашиг хүртэхгүй, гэрээний дагуу ажил гүйцэтгэлийн хөлсөө авч олборлолт зохион байгуулна. Ноён Б.Энэбиш “Олборлогч компаниас өндөр стандарттай, өөрийн хүнд машин механизм, техник технологи, хөрөнгө зардлаа даах чадвартай байхыг шаардана” гэж сурвалжлагчид ярьсан байна. Тендер 2010 оны 11 дүгээр сард зарлагдаад хойшлогдсон бөгөөд гол шалтгаан нь Австралийн “Мак Махон”, “Лейтон Азиа” компаниудаас болсон гэж Монголын хэвлэлүүд мэдээлж байна. “Лейтон” нь “Мак Махон”-ны 24 хувийг эзэмшдэг, олон улсын бирж дээр нэг код, адил нэртэй үнэт цаас арилждаг нэг толгойтой атлаа Монголын Тавантолгойд хоёр тусдаа санал гаргаж оролцсон нь ил тод биш үйлдэл болсон гэж Засгийн газрын түвшинд үзэж, тендерийг хойшлуулсан юм. Австралийн компаниуд тендерт ахин оролцохоос татгалзахгүй байгаа ч “Лейтон Азиа” нь Тавантолгойн “Ухаахудаг” талбайд хөрөнгө оруулан, Хонконгийн биржэд 20 хувийн хувьцаагаа 681 сая долларын үнэ хүргэсэн Моngolian energy corporation-ы төсөлд оролцож байгаа учир Цанхын зүүн хэсэгт олборлогчоор ажиллахад сонирхлын зөрчил дагуулна гэж Монголын “Өдрийн шуудан” сонинд мэдээлжээ.Цанхын баруун хэсэг дэх талбайд бол стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулна. Хөрөнгө оруулалтын буюу тогтвортой байдлын гэрээ байгуулна, ноогдол ашгаа хүртэхээрээ гэрээт олборлогчоос ялгаатай.
Монгол улс коксжих нүүрсний олборлолт, экспорт, ялангуяа Хятад, Азийн зах зээлд хүчтэй өрсөлдөгч болон гарч ирж байна. Монгол 2010 онд 15 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оныхоосоо хэмжээ нь нэмэгдээгүй ч үнийн өсөлтөөр орлого нь ахисан юм. Экспортын бүтээгдэхүүний хувьд нүүрс зэсийг гүйцэж түрүүлсэн, экспортын 32 хувийг эзэлсэн гэж тус улсын парламентын дэргэдэх Статистикийн үндэсний хорооны дарга ноён С.Мэндсайхан хэлсэн байна.
“Өдрийн шуудан” сонин, мэдээллийн портал сайт Shuud.mn “Австрали бол коксжих нүүрсний экспорт, тэр тусмаа Хятад, Япон, Солонгосын зах зээл дэх Монголын гол өрсөлдөгч. Австрали 2008 онд 125 сая тонн коксжих нүүрс экспортолсон нь дэлхийн зах зээлийн 52 хувийг эзэлж байна. 2009 онд энэ улс 287 сая тонн нүүрс эскпортолсоны 150 сая тонн нь коксжих нүүрс юм. Хятадад коксжих нүүрс худалдах талаар Монгол нь Австралийг гүйцэж түрүүлж байна. 2010 онд Монголоос Хятадад 8,4 сая тонн коксжих нүүрс экспортолсон бол Австрали 11,4 сая тонныг худалджээ. Гэтэл Австралийн компаниуд Монголын нүүрсний салбарт голлох үүрэгтэй байгаа нь сонирхлын зөрчил, ийм тохиолдолд манай улсын өрсөлдөөний чадвар суларна” гэж мэдээлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ