Домогт “Хунт нуур” 120 настай
П.И.Чайковскийн “Хунт нуур” балет энэ жил 120 насыг зооглож байна. Тус балетыг анх Санкт Петербургийн Мариинскийн театрт 1895 оны нэгдүгээр сард тоглож байжээ. Түүнээс өмнө 1877 оны гуравдугаар сарын 4-нд Москвагийн Их театрт Вензел Рейзингерын дэглэлтээр тавьсан ч амжилтгүй болж удалгүй тайзнаас буусан гэдэг. Ингээд 1890 оны эхээр балетмейстер Мариус Петипа, Чайковский нар Мариинскийн театрт зориулан дахин бүтээсэн байна.
ff
Гэхдээ анхны хувилбар нь өнөөдөр тоглож байгаагаас ялгаатай байдаг аж. 19 дүгээр зууны сүүл үед эрчүүд нь тоглолт дээр нарийн хэцүү үсрэлтүүдийг хийдэггүй, эмэгтэй балетчинаа дэмжих маягтай оролцдог байж.
ff
Тэгвэл түүхээс нь харж байхад П.И.Чайковский “Хунт нуур”-ынхаа хунгуудыг урлагт төгс төгөлдөр эмэгтэй хүний бэлгэтэмдгийг бий болгох зорилгоор бүтээн туурвисан байх юм. Анх тайзнаа тавигдахдаа энэ бүжгэн жүжиг тун ч амжилт муутай, урагшгүй эхэлсэн гэдэг. Учир нь, П.И.Чайковскийн хөгжим удирдаачид, бүжигчид, үзэгчдэд ч маш хүнд, ихээхэн төвөгтэй байснаас тэр гэнэ. “Хунт нуур”-ыг анх хаант Орос улсад ажиллаж байсан Германы балетмейстр Юлий Райсингер дэглэн тавьсан ч тэр нь маш уйтгартай, сонирхолгүй болсон гэж судлаачид тэмдэглэн үлдээжээ.
ff
Ийнхүү Германы бүжиг дэглээчтэй хамтран Оросын эзэн хааны театрын уран бүтээлчид хоёр жил гаруй чармайн зүтгэсэн ч амжилт олоогүй гэдэг. Харин одоогийн бидний мэдэх “Хунт нуур”-ыг алдарт бүжиг дэглээчид болох Петипа, Иванов нар анхны эхийг нь өөрчлөн эмэгтэй хүний бүрэн дүүрэн илэрхийлэл болгон сэргээж тавьснаар дэлхийн балетын урлагийн шилдэг бүтээл болж чаджээ.
ff
Маш хэцүү хөдөлгөөн, нарийн нягт техник, сэтгэлийн их хөдөлгөөнийг илэрхийлдэг энэ балет П.И.Чайковскийн өөрийнх нь мөрөөдөж байсанчлан балетад амьдралаа зориулсан олон бүжигчин бүсгүйчүүдийн мөрөөдлийн жүжиг, мөрөөдлийн дүр нь болж үлдсэн нь тун ч сонин.
ff
Бүжигчин бүсгүйчүүдийн энэхүү мөрөөдлийн дүр, цагаан хунд Монголын балетчдаас хамгийн анх зууны манлай балетын бүжигчин Ю.Оюун бүжиглэж үзэгчдийн хүртээл болгож байсан юм. Тэр үед манайд ажиллахаар ирсэн Оросын мэргэжилтэн Ю.Оюуныг хараад “Жинхэнэ цагаан хунд зориулагдсан бүжигчин энэ байна даа” гэж дуу алдаж байсан гэдэг. Ю.Оюуны гарыг тэрээр “Хунгийн гар яг мөн” гэж мэргэжлийн хүний хувьд ихэд олзуурхаж байсан гэсэн. Ингээд Ю.Оюун гуай ч цагаан хунд олон жил бүжиглэж Монголын үзэгчид түүнийг П.И.Чайковскийн цагаан хунгүйгээр төсөөлөхөө байсан гэж болно. Монголын урлагт бурхнаас заяасан энэ эмэгтэй цагаан хунгийнхаа бүжгээр хойч үеийнхэндээ бүхэл бүтэн лаборатори үлдээсэн гэж үздэг.
ff
“Хунт нуур”-ыг манайх дэлхийд анх тавигдсанаас нь зуугаад жилийн дараа буюу 1970-аад оны дундуур тайзнаа тавьсан юм. Хүн төрөлхтний хөгжмийн гайхамшигтай туурвилчдын нэг П.И.Чайковскийн хувийн амьдралд ч сонин хачин зүйл их байдаг ажээ. Тэрээр уул уурхайн инженер Чайковскийн гурав дахь эхнэр Александрагаас төрсөн гэдэг. Ээж нь франц гаралтай орос эмэгтэй. Дүү Модест Ильич нь драмын зохиолч, либретист, орчуулагч, бас л Оросын оюун санааны амьдралд өөрийн гэсэн ул мөртэй нэгэн аж. П.И.Чайковский таван настайдаа төгөлдөр хуураар хичээллэснээр хөгжмийн ертөнцөд хөл тавьсан гэх боловч 1850 оны үед хуулийн сургуульд сурч хуульч болсон байдаг. Ээж нь түүнийг 14-хөн настай байхад нь булчин задрах тахал буюу холероор нас барсан байна. Энэ нь ирээдүйн хөгжмийн суутанд асар хүнд цохилт болсон гэж намтарт нь бий. Тэрээр ээжийгээ нас бараад сар ч болоогүй байхад түүндзориулж вальс бичиж, үүнээс хойш хөгжимд жинхэнэ ёсоор амьдралаа зориулахаар шийдсэн гэдэг.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ