Алматын үйл ажиллагааны хөтөлбөр Монголд хэрхэн хэрэгжиж буйг танилцууллаа
Ази, Номхон далайн бүс нутгийн далайд гарцгүй хөгжиж буй орнууд дахь Алматын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн талаархи шинжээчдийн бүлгийн уулзалт энэ сарын 25-ны өдөр Тайланд Улсын нийслэл Бангкок хотноо боллоо. Уулзалтыг НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс зохион байгуулж, далайд гарцгүй хөгжиж буй Бутан, Лаос, Балба, Монгол улсаас гадна Камбож, Бангладешийн төлөөлөгчид оролцов.
Уулзалтад оролцогчид Алматын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд АНД-н бүс нутгийн ДГХБО-уудын гаргасан амжилт ба тулгарч буй саад бэрхшээл, түүний дотор худалдаа ба дамжин өнгөрөх тээврийн асуудлыг авч үзэж, дээрх сэдвээр АНДЭЗНК-ын Нарийн бичгийн даргын газраас бэлтгэсэн баримт бичгүүдийг хэлэлцэж саналаа тусгалаа. Шинжээчдийн уулзалтын дүнгээр боловсруулсан баримт бичгийг ирэх 4 дүгээр сарын 12-14-ний өдөр Улаанбаатар хотноо болох тус бүс нутгийн ДГХБО-уудын өндөр түвшний уулзалтад танилцуулан хэлэлцүүлэх юм. АНД-н ДГХБО-ууд дахь Алматын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт болон тэдгээр орны хөгжлийн явцад тулгарч буй асуудлын талаархи Өндөр түвшний бодлогын уулзалтыг Монгол Улсын Засгийн газар АНДЭЗНК-той хамтран зохион байгуулах гэж байгаа билээ.
Шинжээчдийн уулзалтад манай улсаас ГХЯ-ны ОУБГ-ын зөвлөх С.Бадрал оролцож, үдээс өмнөх хуралдааныг даргалсан бөгөөд Алматын үйл ажиллагааны хөтөлбөрийн Монгол дахь хэрэгжилтийн талаар илтгэл тавив. Мөн Комиссоос боловсруулсан илтгэлүүдийн талаар санал бодлоо илэрхийлж, зарим нэг санаа тусгав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ