Ж.Эрдэнэбат: Өрийг төлөх төлөвлөгөө байхгүй
УИХ-ын чуулганы
нэгдсэн хуралдаанаар Өрийн удирдлагын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг
шийдэж байна. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төслийг
хэлэлцэхийг дэмжсжэн юм. Хэлэлцэж байгаа
асуудалтай холбогдуулан гишүүдийн
асуултад Сангийн сайд Ж.Эрдэнэбат хариулж байна.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Засгийн газрын өрөнд аймаг, нийслэлийн өр орж байна уу? Мөн төрийн өмчит байгууллагын өр хамаарч байгаа юу? Баталгааг Засгийн газарт хэн лоббитой нь авч, сүүлд нь улс хохирлыг хүлээдэг. Шийдвэр гаргасан Засгийн газар ч хариуцлага хүлээх болоход өөрчлөгдсөн байдаг. Эрсдлээс хамгаалагдсан асуудлыг тогтоож чадсан уу? Ирэх жилийн зудыг өмнөх жилийнх нь үүлэнд хардаг” гэсэн үг байдаг. Монгол Улсын өр ирэх жилүүдэд ямар байхыг өмнөх жилд нь Өрийн удирдлагын хуулиар зохицуулж өгсөн байх ёстой.
-Аймаг, нийслэлийн өрийн хэмжээ Засгийн газрын өрөнд хамаарч, төрийн өмчит байгууллагын хувьд хамаарахгүй. Учир нь төрийн өмчит байгууллага хязгаарлагдмал аж ахуйн нэгжид хамаардаг. Дүрмийн сангийнхаа хүрээнд үүрэг хариуцлагаа хүлээнэ. Дүрмийн сангийнх нь хэмжээнээс хэтрүүлж зээл олгохгүй. Өрийн удирдлагын хуулинд Засгийн газрын баталгааны дээд хязгаарыг тогтоож өгч байгаа. Баталгаа гаргагчийн зүгээс улирал, жил тутам хяналт тавьж байхаар тусгасан.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулсан өөрчлөлтөд “уул уурхайн салбарын хуулийн этгээд” гэж заасан байна. Энэ ямар агуулгатай вэ? Өрийн босго 60 болж байна. Зээл ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй, Засгийн газрын баталгаа нь ДНБ-ий 20 хувь нийтдээ 60 хувьд хүрчээ. ДНБ-ий 20 хувьтай тэнцэх баталгаа гаргана гэдэг бол хувийн компанийн найдваргүй өрийг төр рүү татсан хэрэг юм биш үү? Юуг өрийн дарамт гэх юм бэ?
-Уул уурхайн салбарт Засгийн газраас баталгаа гаргаад өгсөн тохиолдолд дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад ижил нөхцөл үйлчилнэ. Хөгжлийн банкинд 100 хувийн, бусад газарт 85 хувийн баталгаа гаргана. Эрдслийн санг нийт баталгаа гаргасан хөрөнгийн хэмжээний 2 хувиар сан байгуулна. Өрийн стратеги дунд хугацааны төлөвлөгөөг гаргана. Макро эдийн засгийн хэмжээнд тухайн жил хичнээн хэмжээний валют гадагшилах вэ, тухайн жил өрийн хэмжээ хэр байхаар байна вэ гэдгийг тооцоолно. Гадаадын санхүүгийн байгууллагадад манай бизнес эрхлэгч нар хандахад итгэл төрүүлэх зорилгоор баталгаа гаргахаар тусгасан. Одоогийн байдлаар Засгийн газар 12 хувийн баталгаа гаргадаг. Гэхдээ хуулиар 8 хувийн баталгаа гаргах бололцоотой. Өнөөдрийн байдлаар гурван жилийн дараа өрийг төлөх төлөвлөгөө байхгүй. Өрийг өрөөр санхүүжүүлэх байдалтай байна. Улсын өр гэдгийг зайлшгүй тодорхойлж, бодлогын шинэ чанартай төлөвлөгөө хийх ёстой. Улсын, Засгийн газрын, хувийн хэвшлийн өрийг ч оруулж тооцоолол хийж, макро эдийн засгийн түвшинд тохируулга хийх ёстой. Засгийн газрын баталгааг эрсдэл гэж үзэж болохгүй. Яагаад гэвэл зээл өгсөн банк нь хяналтаа тавина, бизнес эрхлэгч нь ажил хэрэг болгохын төлөө явна, дээр нь баталгаа гаргасан Засгийн газар хяналтаа тавина.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Улсын өмчит компаниудын менежмент дандаа улс төрийн томилгоо байгаа. Өр тавьсан тохиолдолд ямар хяналтаар хийх вэ? Цаашдаа Монгол Улсад экспорт, импортын банк байх шаардлагатай.
-Өөрийн хөрөнгийн хэмжээнээс илүү гарсан зээл гэж байхгүй. ТӨХ, холбогдох байгууллагаас зөвшөөрөл авч байж зээл авдаг. Төрийн байгууллагын хувьд хяналтад байдаг. Энэ хуулиар зөвхөн Засгийн газрын хуулийг зохицуулдаг. Монгол банкны төлбөрийн тэнцлийн алдагдлыг зохицуулахаар Засгийн газар өөр дээрээ өр үүсгээд явна. Монгол банкны өрийн асуудал энэ хуулиар зохицуулагдахгүй.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ