Юмтай, номтой, сумтай бөө олон болжээ
Сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан, монгол бөө мөргөлийн “Дүнгэр” төвийн тэргүүн зайран, яруу найрагч Д.Бямбадоржтой ярилцлаа.
-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргье. Хэдхэн хоногийн дараа сар шинийн баяр болох гэж байна. Ирж буй хөхөгчин хонин жил монголчуудын хувьд ямар тохиолтой байх нь вэ. Та хэлээд өгөхгүй юү?
-Сайхан жил болно. Бумбын эрин эхэлж байгаа. Цаг агаар сайхан болж, цэцэг, ногоо дэлгэрч, оюуны эрин үе эхэлнэ. Хэдийгээр дэлхийн байгаль цаг уур өөрчлөгдөн байгалийн гамшиг тохиож байгаа ч Монгол орны хувьд яах ч үгүй.
Учир нь, монголчууд дөрвөн улиралдаа зохицон амьдардаг, өлчир. Харин барууны болон урд зүгийн оронд ус мөрөн нь ихсэх юм уу цаг агаар хүйтрэх байгалийн аюулыг үзэж магадгүй.
-Хонин жилдээ монголчууд сайн сайхан байхын тулд ямар засал хийлгэх шаардлагатай вэ?
-Шарын шашин шүтдэг хүмүүс Гандантэгчлин хийддээ очиж ном хуруулах байх. Харин бөө мөргөлтэй хүмүүс Дээд овоонд мөргөх хэрэгтэй. Монголчууд эрт дээр үеэс шинийн нэгний өглөө нар мандахаас өмнө Дээд овоонд гарч, нас буян ,хишиг даллага дуудан мөргөдөг байсан. Түүний дараа нарандаа залбирч, тухайн жилийнхээ бүх зүйлыг даатгадаг байсан түүхтэй. Энэ бол монголчуудын хамгийн дээд засал юм. Харин шарын шашинд “Ганжуур, Данжуур” хамгийн том ном нь байдаг.
-Цагаан сар дөхөхөөр лам, бөөгүй “Шинийн нэгэн хэдэнд болох вэ” гэж цэц булаалддаг. Тухайлбал, бөө нар “Монгол шар зурхай”, лам нар “Төгсбуянтын зурхай”-г илүүд үздэг. Энэ жилийн хувьд энэ маргаан харьцангуй гайгүй байна уу. Та аль зурхайг дагадаг вэ?
- Монголын цагаан сар бол хэдэн зуу, хэдэн мянган жилийн түүхтэй. Монголын ард түмний дэлхийд дархлагдсан оюуны бүтээл. Цагаан сар бол харыг цагаан болгож, хатууг зөөлөн болгож, найман настай балчраас наян настай өтгөс хүртэл цэнгэлийн манлайг эдэлдэг төр гэрийн дээд хүндэтгэлийн илэрхийлэл юм.
Цагаан сар цаг жамын баяр болохоос биш цагаан идээний баяр биш. Арвидал, хомсдолын хувиралтай сарны үйлчлэлийн эхлэл цэгийг сайтар тооцож, нийт ард түмний оюун сэтгэлгээний эрчим хүчийг нэгтгэж чадах байгаль дэлхий сэргэж, хамаг амьтан хөдөлгөөнд ордог хавар цагийн алтан огтлолыг танин барьж цагаан сарын шинийн нэгнээ болгосон байдаг.
Ингэж нарийвчлан бодвол бидний өвөг дээдэс хүн байгалийн хүйн холбоог нэвтэрхий ухаж, хүн төрөлхтнийг оюун ухаанаар гийгүүлж явжээ. Тэнгэр шүтээнт их Монголчууд нар, сар, од гараг оршихуйн хөдөлгөөнийг амьдрал ахуйдаа хэрэглэж бусад улс үндэстнээс дээгүүр зиндаанд сэтгэж байсныг цагаан сар гэдэг энэ үг л нотлож байна.
Олон мянган жил хаяа зэргэлдээ амьдарсан хятадууд л гэхэд 2000 мянган жилийн түүхтэй хамгийн том баяраа еэвэн сар гэж идэх уух юмаараа л нэрлэдэг биз дээ.
-Шарын шашин, бөө мөргөл хоёр хоорондоо тэрсэлддэг, талцдаг гэх ойлголт нийгэмд байдаг. Та үүнийг юу гэж тайлбарлах вэ?
-Хүмүүс нэг тал руугаа хэтэрхий их туйлшираад байгаа юм. Эзэн Чингэсийн үед монголчууд Мөнхтэнгэрийн шашин шүтлэгтэй байсан. Гэвч Эзэн Чингис хаан Лал, Христ, Будда зэрэг бүх шашиныг хүндэтгэж, дээдэлдэг байсан гэдэг. Түүхийг эргэж сөхвөл, монголд нэг хэсэг шарын шашин ноёлж, бүх зүйлийг Түвд нэртэй болгож байсан. Харин сүүлийн үед хүмүүс шинэ төрсөн хүүхдийхээ нэрийг Түвд биш, монгол нэр өгөх нь элдэг болсон байна.
Бөө мөргөл сав ертөнц, шим ертөнц, хүй ертөнцийг шүтдэг. Өөрөөр хэлбэл, мөнхтэнгэр, эх дэлхий, хүний ухааныг шүтдэг гэсэн үг. Харин шарын шашин номд мөргөе, багшид мөргөе, бурханд мөргөе гэдэг. Тэгэхээр энэ хоёр тэс өөр ялгаатай байгаа биз.
-“Галзууруулагч хэмээх модон хонь жил гарч байна хэмээн хэвлэлүүд бичээд байна. Тэгвэл бөө мөргөлд ирэх хонин жилийн өнгө төрх ямаршуу бууж байна вэ?
- Би энд нэг зүйл тодруулж хэлмээр байна. Бөө мөргөл шарын шашинтай адил урьдаас ном зохиол харж, шинждэггүй.
Өөрөөр хэлбэл, шарын шашны лам нар улиг болсон ном, судар харж тухайн жилийн өнгийг шинждэг. Харин бөө мөргөлд жилийн өнгийг Сар шинийн нэгэнд тэнгэрээ харж, шинждэг. Ер нь жилийн өнгийг урьдчилан хэлэх боломжгүй байдаг.
-Эмэгтэй хүнийг уул овоон дээр гарч болохгүй гэж цээрлэдэг. Үнэхээр болдоггүй юм уу?
Хуучин цагт ийм зүйл байгаагүй. Тухайлбал эр хонины мах, эм хонины махны амт ялгаагүй. Чи бид хоёрыг харьцуулахад өөр харагдавч ерөөсөө л мөн чанар нь адилхан. Хүн гэдэг агуулга. Өөр юм байхгүй. Монголчууд юуг шүтэж байсан бэ. Монголчууд эмэгтэй хүний алтан умайг шүтэж байсан. Үр төрүүлдэг мөн чанар. Монголчуудын бөө мөргөл, ардын ёс заншил бол яг үүгээр л явчихсан байхгүй юу.
Тухайлбал айлын эзэн хүн гэргийдээ “миний хань наад бурханаасаа надад охин төрүүлж өг” гэж хэлдэг. Тэгэхээр эмэгтэй хүний умайг бурхан гэж үздэг байсан. Овоон дээр гурван зүйл гаргаж болдоггүй юм.
Нэгдүгээрт даахиа авхуулаагүй онгон үстэй хүүхэд гаргаж болдоггүй юм. Сүм, тахилгад ч авч явж хэрэггүй. Яагаад гэхээр онгон үс мэдрэмтгий байдаг. Тэнд бүх хүн жаргал, зовлон бодож зогсдог учраас онгон үстэй хүүхэд түүнд өртөж дэв суудаг гэж үздэг.
Хоёрдугаарт биеийнх нь буртаг ирэх насны эмэгтэй хүнийг гаргаж болдоггүй юм. Яагаад гэхээр урьд шөнө чи үр олсон байж магадгүй. Өөрөө мэдээгүй 20 гаруй хоногийн үртэй байж магадгүй. Тэгвэл тэр чинь дэвтдэг юм. Ямарч юм төрж магадгүй. Өндөр оргил дээр гарахаар түүн дээр эрчис их байна. Нөгөөтэйгүүр олон хүмүүсийн хүсэл, бодолд шамдуурч дайрагддаг. Тийм учраас биеийнх нь бохир ирэх насны эм хүнийг хайрласандаа, үрийн заяаг нь өөд нь бодсондоо, хүндэлсэндээ гаргадаггүй юм.
Гуравдугаарт сохор доголон зэрэмдэг хүнийг гаргахыг цээрлэдэг. Яагаад гэхээр сайн үйлд нь сэв дэв, билэггүй юм болно гэж боддог. Бүр огтоос хавьтуулдаггүй зүйл бол харийн хүн. Харийн хүний сургийг нь ч хэлдэггүй, барааг нь ч харуулдаггүй. Хэрэв тийм хүн харагдахаар бол хэн нэг нь заль хийж анд авч явах юм уу, найр цэнгэл рүү авч явж золионд гаргадаг. Ингэж тахилга, шүтлэгээ хамгаалж үлддэг ёстой.
-Хэд хоногийн өмнө 30 гаруй бөө нэгдэж, “Ноён уулаа аврая” хэмээн Чингисийн талбай дээр бөөлсөн. Танай “Дүнгэр” төв энэ үйл ажиллагаанд оролцсон уу?
-Оролцоогүй. Ер нь бол бөөгийн дээр Төр гэж эртний сайхан үг бий. Мэдээж “Ноён” уулыг стратегийн орд болгох гээд байгаа нь буруу. Энэ асуудалд хувь хүний зүгээс бухамдалтай байгаа.
-Өнөөдөр бөө их төрж байна. Ер нь хэдэн жил болоод жинхэнэ бөө болдог юм бэ. Эсвэл угаа аваад л шууд бөө болчихдог хэрэг үү?
-Миний бодлоор цаг төрийн байдлаас болж бөө олширч байгаа нь үнэн. Бөөгийн утга учрыг сайн ойлгохгүйгээр зарим нь бөө болж байна. Тиймээс бөөгийн мөн чанарыг эхлээд сайн ойлгох нь чухал. Бөө хүн бол дандаа онгодтой харьцдаг. Бөөгийн шашин бол мөргөл. Хүннүгээс урьд бол мөргөл байсан. Чингис хааны үеэс эхлээд шашин болсон шүү дээ. Яагаад гэвэл мөнхтэнгэрийн хүчин дор мөргөмү, биширмү, шүтмү хэмээгээд гүрэн улсын шашин шүтлэг болсон юм. Иймээс бөөгийн зан үйл бол монгол ухаан байгаа юм. Бөө бол хүний мөн чанар гайхамшгийг шүтдэг. Хүн хүнээ хүндлэх ухаан бөөд бий. Ер нь өнөөдөр янз янзын бөө гарч ирж байна. Үүнийг ялгахад хэцүү. Тэгээд ч одоо үед цагийн байдал өөр болжээ. Юмтай, номтой, сумтай бөөнүүд ч их болсон байна.
-Таныг юмтай гэхээр нөгөө бөөнүүд чинь гомдох байх даа?
-Юунд нь гомдох вэ дээ. Цаанаа далд юмтай ярьдаг болохоор увидасыг нь магтаж юмтай гэж хэлж байна. Номтой, юмтай гэдэг нь бүгд монгол ухаан юм. Үүнийг гол нь зөвөөр ойлгох хэрэгтэй. Бөөгийн ухаан гэдэг нь хүний биеийн байдлыг сэтгэлтэй нь засахыг хэлээд байгаа юм, хялбархнаар ойлговол шүү дээ. Нэг ёсондоо шашин шүтлэг юм даа. Түүнчлэн шид шидлэг нь бүрдсэн бөө гэж байна. Эхний 1-3 жилдээ бөө хүн хуураар бөөлнө. Төмөр хуураар бөөлж ая дангаар тэнгэртэй харьцана гэсэн үг. Нүдээ аниад сэтгэлээ төвлөрүүлэн бясалгал хийж байгаа нь тэр. Одоо үед бясалгал гэж их ярих болжээ. Монголчууд бүр хүннүгийн үеэс бясалгал хийж байсан. Хулсан болон ясан хуураа дуугаргаад сэтгэл санаагаа засдаг байлаа. Мөн тэнгэртэй оюун санаагаар харьцах зам гэж бий. Ер нь бөөгийн ухааны талаар ингээд яриад байх юм бол цаг хугацаа их шаардагдаж сэтгүүлийн хуудас хүрэхгүй. Түүнчлэн бөөгийн хувцас өмсөж хуягласан бөөг хэл, хөлд орсон бөө гэнэ. Хэл, хөлд орсон бөө гэдэг нь уул, устай нь холбож хөдөлгөөнд орж байгаа нь тэр. Ер нь 12-13 жил бөөлсөн бөөг гайгүй бөө болжээ гэж хэлж болох юм. Түүнээс биш бөөгийн онгодыг сайн хүнээр нялуулаад, наалгаад, дэлгүүрээс олон саяар юм авч байгаа шиг худалдаад авчихдаг эд биш юм. Таван мэдрэхүй, дөрвөн сэрэхүйгээ босгох ухааныг чинь л харин багш хүн хэлж өгч болох юм. Гол нь бөө болох гээд байгаа хүн өөрөө өөрийгөө хөглөх ёстой байхгүй юу. Онгод гэдэг маань бүх хүнд бий. Тэгэхээр миний бодлоор жүнз дүүрсэн сархад нэг онгод, жүжгэн дотор байгаа дүр нэг онгод, зүүд нойрондох сүнс нэг онгод, зөн билгийн мэргэ нэг онгод гэж хэлмээр санагдаж байна. Иймээс бөө бол шинжлэх ухааны хувьд бусад шашинтай огт харшилдаггүйгээрээ гайхалтай.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ