Их жанжны талбайд тэнгэрийн одод мянга мянгаараа буун шинэ он айлчлан ирлээ
Нэгэн он улиран одож, 2012 он түүхийн хуудаснаа бичигдэхээр ирлээ. Жавар тачигнасан идэр есийн хүйтэн улирал хэдий ч он солигдох өдрүүдэд ердийн сайхан дулаан байлаа. Утаанбаатар утаанаасаа салж, хаа сайгүй л цэлмэг сайхан байж 2012 он айлчлан ирсэн нь хүн бүрийн сэтгэлд аз жаргал эрүүл энх, амжилт бүтээл урин дуудсан юм болов уу гэдэг бэлэгшээлийг дагуулсан юм. Сүүлийн гурван жилийн хугацаанд улсын нийслэл Улаанбаатар нам гүмхэн ойр дотныхонтойгоо хуучин оноо үдэж, шинэ оноо угтаж байсан. Харин энэ жил нийслэлчүүд төв талбай дээрээ цуглан, Улсынхаа ерөнхийлөгчийн мэндчилгээг сонсон сүрт салютын буудлагаар шинэ оноо угтлаа. Улаанбаатарын мөнгөн үдэш албан ёсоор 20.00 цагаас эхлэн урлаг соёлын алдартнуудын мэндчилгээгээр үргэлжлэн он солигдох торгон мөч хүртэл үргэжилсэн. Өвлийн хүйтэнг үл ажран их жанжныхаа талбайд найман настнаас эхлээд наян настнууд хүрэлцэн ирж Улаанбаатарын мөнгөн үдэшт нэгдсэн байлаа. Улаанбаатарын мөнгөн үдшийн оргил үе нь салют буудлага байв. Урьд өмнө Монголд буудаж байгаагүй хэмжээний буудлагыг толилуулжээ. Тэнгэрийн одод мянга мянгаараа сүрт дуутай хоршин газарт буун бужигнах мэт байсан нь сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй байлаа. Ийнхүү цэлмэг сайхан үдэш нэгэн шинэ он солигдон, шинэ түүх, шинэ амьдрал, шинэ хүсэл Монгол оронд айлчлан ирлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ