Монгол ятгын зөөлөн аялгууг гайхдаг
Монгол Улсын Морин хуурын чуулгын ятгачин Э.Оюунтуяатай ярилцлаа. Тэрбээр монгол үндэснийхээ уламжлалт урлагийг таван тивийн хүмүүн төрөлхтөнд таван хөгтэй ятгын аялгуугаар өртөөлөн хүргэж буй манай авъяаслаг уран бүтээлчдийн нэг билээ. Ятгачин бүсгүй хөгжмөө зөөлөн салхитай зүйрлэсэн. Тэгэхээр тэр салхиар наадагч бүсгүй болов уу.
.
-Хоёулаа таны ятга хөгжимд дурлах болсон цаг үеэс яриагаа эхлэх үү?
-Харин тиймээ. Намайг хөгжмийн урлагт хөтөлж оруулсан хүн бол миний ээж. Ээж маань дуу хөгжмийн багш, аав минь урлагт дуртай, хайртай хүн байсан болохоор охиноо урлагийн хүн болгохыг хүссэн шиг байгаа юм. Анх 1995 онд ХБК-д элсэлт өгч ороод н.Цолмон багшийн удирдлагад хичээллэж 2003 онд төгссөн. Түүнээсээ хойш СУИС-ийн ятгын гоцлоочийн ангид н.Баасанхүү багшийн удирдлага дор суралцаж төгссөн.
1
-Та өөрөө сонирхолтой байсан уу?
-Тэгэлгүй яахав. Үнэхээр сонирхолтой байсан. Би ХБК-д явахаасаа өмнө дунд сургуулийн дөрөвдүгээр ангид байхдаа ятгын дугуйланд хичээллэдэг байсан юм. Хүн дуртай зүйлээ хийж, түүнээсээ урам аваад цаашаа явахдаа эрч хүчтэй байдаг юм билээ.
1
-Ятгын утас татсан хурууны өндөгнүүд нь цэврүүтээд анх сурч байхад хэцүү байсан байх.
-Ёстой тэгсэн шүү. Бид анх сургалтын буюу арай зөөлөн 13 утастай солонгос ятгаар давтдаг байсан. Өөрийн чинь хэлснээр, жаахан хүүхэд болохоор анх утас татсан хурууны өндөг бүгд цэврүүтэж, сургууль хийх бүр улам хатуураад л. Гэхдээ дасгал хүндрэх тусам дасчихдаг юм аа /инээв/.
1
-Сургалтын 13 утастай ятга гэлээ. Би бас 13 утастай ятга л барьж үзэж байсан юм байна. Дуунд ч тэгж байдаг шүү дээ. Түүнээс олон утастай ятга байна уу?
-Сургалтанд 13 утастай ятга хэрэглэж байгаа. 12 утастай ч бий. Одоо мэргэжлийн байгууллагуудад 21 утастай ятга хэрэглэгдэж байгаа. Энэ хөгжим арай дуу чангатай байдаг юм. Сүүлийн үед 25 утастайг хэрэглэх нь ч байна.
1
-Морин хуурын чуулга хэмээх том айлын нэгэн гишүүн болоод удаж байна уу. Анх энэ айлын босгоор хэрхэн алхаж байв.
-Намайг СУИС-ийн гуравдугаар ангийн оюутан байхад Ууганаа эгч /Морин хуурын чуулгын морин хуурч, менежер/ Монгол Улсын Морин хуурын чуулгад ажиллах санал тавьж байсан. Тэгээд Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач, Ардын жүжигчин Ц.Батчулуун багштайгаа очиж уулзаад, 2007 онд энэ их айлын нэгэн гишүүн болж байлаа. Тэр үед чуулгын нэг ятгачин удаан хугацаагаар гадагшаа явах болсон юм билээ. Ер нь Морин хуурын чуулгын ятгачид дандаа нэг багшийн шавь нар байдаг. ХБК-ийн н.Цолмон багшийн.
1
-Морин хуурын чуулгад тоогдсоныг бодоход сайн оюутнуудын нэг байжээ.
-СУИС-д Ардын хөгжмийн багшийн, гоцлоочийн анги гэж тусдаа байдаг. Би гоцлоочийн ангид ганцаараа байсан. Тэр нь ч бас нөлөөлсөн байх. Гэхдээ нэлээн гайгүй оюутан байсан шүү /инээв/.
1
-Морин чуулгын хөгжимчний амьдралаар найм дахь жилдээ амьдарч байгаа аж. Монголчууд бидний бас гадныхны эгшиг аялгууг нь сонсох дуртай чуулгын хөгжимчний будаг, чимэггүй амьдрал ямар байдаг юм бэ?
-Бид чинь гэрийн бараа хардаггүй хүмүүс л дээ. Сургуульд байхдаа ч тийм л байсан. Тоглолтын хугацаа дөхсөн бол нэлээн сууна. Дараа нь хөгжимчид хувийн сургуулилтаа хийцгээнэ. Тайзны хуваарилалтаас болоод өглөө, орой гэсэн ээлжээр суудаг. Би өглөө 09.00 цагт ирсэн бол орой 21.00-22.00 цагт харина. Гэртээ очоод удаагүй байхад л унтах цаг болчихно. Ер нь урлагийнхан бүгд л тэгж ажиллаж байгаа байх. Чуулгын хөгжимчдийн цалин бол хэцүү талдаа. Бүхнээ зориулаад авч байгаа үнэлгээ гэхэд. Одоо цаг үе, зах зээл ямар байгаа билээ.
1
-Гаднах шавар нь ховхорч, шалны будаг нь халцарсан Соёлын төв өргөөний хоёр давхарт гарч ирэхэд хөгжмийн аялгуу эгшиглэж сэтгэл сэргээдэг. Тэр аялгуу эгшиглүүлэгчдийг тусгай байр, газартай болгочихоосой гэж боддог шүү.
-Харин тиймээ /инээв/. Энд тэнд явж байхад гадныхан ямар гоё байдаг гэж санана. Сургуулилтын өрөө, тайз гээд бүгд дээд зэрэглэлийн. Ер нь хаана ч манайх шиг ийм байдаггүй. Гэхдээ энэ улс оронтой л холбоотой байхдаа. Янз бүрийн юм болоод явах болохоор морин хуурын чуулга тэгнэ, ингэнэ гээд хамгийн эхэнд явдаг. Гэхдээ тэр хөгжимчид нь ямар орчинд ажиллаж, яаж амьдардаг гэдгийг мэдэх хүн байдаггүй байх. Соёлын нэртэй яам нь Боловсролын яамтай нэгдчихлээ.
1
-Үндэсний урлагаа сурталчилхаар гадны оронд ажиллаж байв уу?
-Байсан. Үндэсний урлагаа сурталчилах зорилготой гэрээний дагуу Итали улс руу 4-5 жилийн хугацаанд зуны цагаар явж байсан.
1
“Ардын дуу тоглох дуртай”
1
-Одоо хоёулаа таны уран бүтээлүүдийн тухай ярилцъя. Нэлээн хэдэн дууны найруулга хийсэн байна лээ.
-Ер нь ХБК, СУИС-д мэргэжлийн хичээлүүд ордог. Би сонсож буй зүйлээ нотлож бичих дуртай, өөрийн дуртай зарим зохиолын нот олдохгүй болохоор нотлож бичдэг байсан. Тэгээд Морин хуурын чуулгад орж ирснээс хойш Ц.Батчулуун багшийнхаа заавар, зөвлөгөөгөөр найруулга, хөрвүүлэг хийдэг байсан. Өөрөө ч тэрэндээ их дур сонирхолтой. Өөрийн найруулгаа дараа нь сонсоно гэхээр маш гоё байдаг байхгүй юу. Сүүлийн үед Баянмонгол, Адуучин гэх ардын дууг найруулсан. Ардын дуунууд найруулж үзээд байгаа. Гэхдээ би аль, алинд нь суралцаж байна. Манайхнаас зөндөө хүн найруулга хийдэг.
1
-Манай монгол ятга бусад орны ятгааас юугаараа онцлог юм бэ?
-Азийн орнуудад ятга хөгжим байдаг ч арга барил нь өөр. Тэдний дундаас монгол ятга арай өвөрмөц. Дуугаралт, хөг хөгөлгөө, тоглох арга барилаараа. Гадаад тоглож байхад хүн болгон монгол ятга ийм гоё зөөлөн дуутай юм бэ гэж гайхдаг. Солонгос ятга бол арай өөр арга барилтай, хятад ятгыг хумстай, хатуугаар тоглодог. Мөн вьетнам, тайванд гээд газар бүр өөр дуугаралттай байдаг.
1
-Тэр зөөлөн аялгуут хөгжмийг тоглож байхад ямар мэдрэмж төрдөг вэ?
-Ятга бол ямар ч хүнийг уяраах увидастай хөгжим. Тоглож буй аялгууг минь хүмүүс сонсоод, мэдрээд уярч байгааг харахад сайхан сэтгэгдэл төрдөг шүү. Ятга зөөлөн хэлтэй хөгжим. Гэхдээ характер гаргахын тулд хатууг ч бас дуугаргах боломжтой.
1
-Ятгачин хүн гараа арчилж, хайрлах их чухал байх.
-Тоглолт ихтэй, тоглолт дөхсөн үед өндөг, хумс хоёроо их хайрладаг. Энэ хоёр чинь л хамаг гол дуугаралтыг гаргаж байгаа юм шүү дээ. Яг тэр үед юм угаах зэрэг гараар хийх ажлаас жаахан хол байхыг хичээж, гартаа нэлээн арчилгаа хийнэ. Харин бусад үед цэмцэгнээд байлгүй бүгдийг өөрөө хийдэг. Бид чинь хумсаа хүртэл урт, богино биш яг тааруулж авах ёстой байдаг юм /инээв/.
1
-Ер нь ямар аялгуу тоглох дуртай вэ?
-Ардын дуу тоглох дуртай. Бусад хөгжим долоон хөгтэй байдаг бол ятга таван хөгтэй. Пентатоник хөг гэдэг. Тэр нь монголын ардын дууны хөг гэсэн үг.
1
-Та ятгаа юутай зүйрлэх вэ?
-Зөөлөн салхитай зүйрлэнэ.
1
-Ятгаа хаанаас авч хэрэглэдэг вэ. Ямар үнэтэй байх вэ?
-“Эгшиглэнт магнай” гээд үйлдвэр байдаг. н.Байгальжав урлаач ятга үйлдвэрлэж байгаа. Гэхдээ бид тоглолтын ятгаа гаднаас авдаг. Гэхдээ өөрсдийн арга барилдаа дасгаж дуугаргадаг болохоор монгол ятгын аялгуу гардаг юм. Ямар модоор хийснээсээ шалтгаалаад янз бүрийн үнэтэй.
1
-Та өөр хөгжим тоглодог уу?
-Үндсэн мэргэжил ятгачин. Гэхдээ төгөлдөр хуур жаахан оролдоно оо.
1
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ