Тусламжаас түншлэлээр бэхжсэн “Өвсний үндэс”
Манай улс соц нийгмийг халж, ардчилалд хөл
тавихдаа эдийн засгийн гүнзгий хямралд нэрвэгдэж байлаа. Энэ үед буцалтгүй
тусламжийн халуун гараа сунгасан орны нэг нь яах аргагүй Япон улс. Соц үеийн
хүүхдүүд бид япончуудыг “самурай” гэж дайсанч үзлээр сэтгэж хүмүүжсэн. “Дайсны
цэргүүдээ сонсоцгоо” кинон дээр ч энэ тухай тодорхой гарч, манай өвөг дээдэс
Японы түрэмгийллээс эх орноо хамгаалж, ялсан агуу түүхийг уран сайхны аргаар сэтгэлд
хоногштол сайхан дүрсэлсэн байдаг. Энэ бол XX зууны, бидний
түүх. Харин манай улс соц нийгмээс ардчилалд шилжих завсарын үед эдийн
засгийн гүн хямралд орж, иргэд картын бараанд шилжсэн хүндхэн он жилүүдэд
буцалтгүй тусламжийн халуун гараа
сунгасан орнуудын нэг бол яахын аргагүй Япон улс. Японы эдийн засгийн
энэ тусламж шилжилтийн үе буюу эдийн засгийн хувьд
хамгийн хүнд хэцүү байсан жилүүдэд туйлын чухал үүргийг гүйцэтгэсэн хэмээн
өндрөөр үнэлэгддэг. Тэр
үеэс хойш зөвхөн хүнсний төдийгүй худалдаа, соёл, боловсролын гээд бүхий л
салбарт Япон улсын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн төсөл хөтөлбөр
үргэлжилсээр өнөөдрийг хүрлээ.
Түүх сөхвөл манайд үзүүлсэн байгаа Японы Хөгжлийн албан ёсны тусламж 1977 онд хэрэгжсэн Говь ноолуурын үйлдвэрийг байгуулах буцалтгүй тусламжаар эхэлсэн юм билээ. Япон Монголын эдийн засгийн хамтын ажиллагаа нь 1989 оныг хүртэл монгол мэргэжилтнүүдийг Японд сургалтад хамруулах, Японоос мэргэжилтэн илгээх, тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг техникийн хамтын ажиллагаа болон соёлын буцалтгүй тусламжаар хязгаарлагдаж байсан гэдэг. Харин манайхыг ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн1991 онд анхны зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, улмаар хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа жинхэнэ утгаараа өргөжин хөгжиж ирсэн гэж үздэг байна.
Япон улсын “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд баригдсан дунд сургуулиудын өргөтгөлүүд бидний нүднээ илхэн харагддаг. Саяхан Ерөнхий сайдын айлчлалаар “Өвсний үндэс” хөтөлбөр үргэлжлэн хэрэгжихээр болж, энэ хүрээнд Ховд, Хэнтий, Сэлэнгэ, Архангай, Дундговь, Увсаймагт сургуулийн их засварын 7 төсөл хэрэгжихээр болсон юм. Зөвхөн энэ удаагийн буцалтгүй тусламжийн 7 төслийн нийт дүн 623.199 ам.доллар буюу ойролцоогоор 1.2 тэрбум төгрөг болж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн нийт төслийн 60-аас илүү хувь буюу 289 төслийг боловсролын салбарт хэрэгжүүлсэн аж.
Өнөөг хүртэл Япон улсын ХАЁТ-ийн шугамаар Монгол улсын зарим нүүрсний уурхайг сэргээн засварлахад хэрэгцээт сэлбэг хэрэгслийг нийлүүлэх, ЗСБНХУ-ын задралаас хойш дулааны дөрөвдүгээр цахилгаан станцыг тогтмол сэргээн засварлах, Улаанбаатар хотын нийтийн тээврийг сайжруулах, ЕБС-ийн барилга өргөтгөл байгуулах, цэвэр бохир усны шугам сүлжээний байгууламжийг сэргээн засварлах, авто зам тавих болон холбогдох тоног төхөөрөмжийг, харилцаа холбооны байгууламж байгуулах, эмчилгээний тоног төхөөрөмж нийлүүлэх, гал унтраах машин, хог ачигч машин техник нийлүүлэх зэргээр дэд бүтцийн олон салбарт эдийн засгийн тусламжийг хэрэгжүүлжээ.Мөн Монгол улсын эдийн засгийн байдал хүндэрсэн хямралын үед нийт 25 тэрбум иен буюу ойролцоогоор 430 тэрбум төгрөгийн төслийн бус буцалтгүй тусламжийг хэрэгжүүлж, түлш шатахуун зэрэг Монгол улсын иргэдийн амьдралд хэрэгцээ шаардлагатай бараа бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлсэн байна. Түүнчлэн хүнсний буцалтгүй тусламж болон хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх тусламж нь манай ХАА-н салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж ирсэн. Энэ мэтчилэн Япон улсаас Монгол улсад үзүүлж ирсэн эдийн засгийн тусламжийн нийт дүн 235 гаруй тэрбум иен буюу ойролцоогоор 4 их наяд 170 тэрбум төгрөгт хүрээд байгаа аж.
Харин сүүлийн жилүүдэд уул уурхайн хөгжилд тулгуурласан манай улсын эдийн засаг эрчимтэй өссөн. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 2011 оны эцсийн байдлаар 3070 долларт хүрч байлаа. Гэвч эдийн засгийн энэ үсрэнгүй өсөлтийн үр шим ядуу давхаргад бүрэн дүүрэн хүрэхгүй байгаа тул баян ядуугийн ялгаа ихэсч, ажилгүйдлийн төвшин өндөр байгаа зэрэг нь тулгамдсан асуудал болж байна.
Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа өнөөдөр “Стратегийн түншлэл”-ээр өргөжин бэхжиж байна. Япон улсаас Монгол улсад үзүүлэх эдийн засгийн тусламжийн хэлбэр ч шинэ шатанд дэвшихэд бэлэн болоод байна гэдгийг тэд хэдэн жилийн өмнө дурдаж байсан. Сар шинийн өмнөх Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улс, Япон Улсын хооронд байгуулсан “Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр”-ийг үзэглэсэнээр дээрх эдийн засгийн хэлбэр шинэ шатанд дэвшин хэрэгжлээ. Хоёр улсын хооронд байгуулсан энэ хэлэлцээрийг УИХ намрын чуулган соёрхон баталсан билээ. Хэлэлцээрбатлагдсанаар манай улс бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэн орох, МонголУлсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, МонголУлсын гадаад бодлогын үзэл баримтлалд нийцсэн гуравдагч хөршийн бодлогыг эдийн засгийн агуулгаар баталгаажуулахад том алхам болсон төдийгүй гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг эрчимжүүлэх, валютын орлогыг нэмэгдүүлэх ихээхэн ач холбогдолтой юм.
Харин өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд Япон улсад албан ёсны айлчлал хийхээр эх орноосоо мордлоо. УИХ-ын дарга З.Энхболд айлчлалынхаа хүрээнд Японы хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуйн сайд К.Нишикава болон “Иточү фүүдс” компанийн, Эдийн засгийн байгууллагуудын холбооны удирдлагууд, Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны Ерөнхийлөгч Х.Ватанабэ, ЖАЙКА-гийн Ерөнхийлөгч А.Танака зэрэг улс төр, эдийн засаг томоохон хүрээнийхэн, банкир, бизнесмэнүүд бараалхахаар төлөвлөгдсөн байна лээ. Спикерийн энэ айлчлал ч хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжин хөгжүүлэх биз ээ. Ялангуяа эдийн засгийн хүндрэлтэй энэ жилүүдэд хөрөнгө оруулагчдыг татах, валютын орлогыг нэмэгдүүлэхэд түлхэц болно гэж ажиглагчид үзэж байна лээ.
Япон хүн хэлсэндээ хүрдэг, япон чанар дэлхийд тэргүүлдгийг олон улс хүлээн зөвшөөрдөг. Буцалтгүй тусламжаас эдийн засгийн түншлэлээр бэхжсэн Япон чанар, “Өвсний үндэс” улам зузаарсаар байна.
Н.Энхбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ