Оюутнууд 70 мянган төгрөгөө хэзээ авах нь тодорхойгүй байна
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосны дагуу УИХ өнгөрсөн оны хавар их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудад сар тутамд тэтгэлэг олгох тухай хуулийн төслийг баталсан.
Хуулийн хэрэгжих хугацааг 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр зааж өгснөөр оюутнууд өнөөдрөөс эхлэн цалингаа авах эрхтэй болж байгаа юм. Сард олгох тэтгэлгийн хэмжээг УИХ-аас 70 мянган төгрөг байхаар зааж өгсөн. Мөн магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн оюутнууд тэтгэлэгт хамрагдахаар хуульчилсан юм.
Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар төрийн болон хувийн өмчийн 110 гаруй их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнд 140 мянга гаруй оюутан суралцдаг.
Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн оюутнуудад тэтгэлэг олгоно гэж заасан тул тэтгэлэгт нийт хэдэн оюутан хамрагдахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас нарийвчилсан журам батлах учиртай.
Гэвч хэзээнээс, ямар журмаар, хэдэн оюутанд олгох нь тодорхойгүй байгаа. Энэ талаар БСШУЯ-ны Боловсролын газрын дарга Б.Баасанжавтай утсаар холбогдлоо.
-Оюутанд сар бүр 70 мянган төгрөг олгох тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэлсэн. Яг оюутнуудад хэзээнээс мөнгө нь олгогдох вэ?
-Одоогоор би хуралтай байгаа учраас үдээс хойш мэдээлэл өгье.
Харин тус яамны хэвлэл мэдээллийн ажилтны өгч буй мэдээллээр “Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ. Хууль хэрэгжиж эхэлнэ гэдэг нь шууд мөнгийг олгоод эхэлнэ гэсэн үг биш. Яамны зүгээс тэтгэлэг олгох журмыг боловсруулаад Засгийн газрын хуралдаанаар оруулахаар оны өмнө өгсөн байгаа. Ойрын хугацаанд журмыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж батлах байх. Журам батлагдахаар хэдийнээс оюутнуудад олгож эхлэх нь тодорхой болно. Одоо хугацаа хэлэх боломжгүй байна” гэл ээ.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ