Мөнгөний бодлогыг хэн хариуцах вэ?

img

Хариуцлагыг ярьж буй нөхцөлд хэний өмнө вэ гэсэн асуудал гарах ба энэ нь эргээд төв банкны хараат бус байдлыг сулруулахгүй юу гэсэн эргэлзээг дагуулна. Эндээс бодлогоо хараат бусаар хэрэгжүүлэх, нөгөө талаас сонгогчдын өмнө хариуцлага хүлээх гэсэн зайлшгүй зөрчил үүснэ. Цаашлаад хэрвээ төв банкны удирдлагыг сонгодоггүй юм бол тэднийг томилдог байж таараа. Харин хэн томилох ёстой вэ? Хэмээн Кристофер Ж.Воллер    Холбооны Нөөцийн Банк сайн төв банк болох нь:Хараат бус байдал + Хариуцлага нийтлэлдээ өгүүлжээ. Цаашлаад, ...АНУ-д орон нутгийн болон холбооны засаг захиргааны харилцаа үргэлж найрсаг байсангүй. Мужууд холбооны засгийн газарт хэт их эрх мэдлийг төвлөрүүлэхээс ямагт зайлсхийж байв. Тэгсэн хэрнээ Холбооны засгийн газар улс орны сайн сайхан байдлыг хариуцах субъект нь байв. Энэхүү зөрчлийг шийдвэрлэхийн тулд аль аль талын эрх ашгийг төлөөлөхүйц зөвшилцлийн тогтолцоо бүрэлдэн тогтов. Ийнхүү мөнгөний бодлогыг хэн хариуцах вэ? хэний өмнө ямар хариуцлага хүлээх вэ? гэдэг нь зөвшилцлийн асуудал болж хувирав. ХНБ нэг талаас мөнгөний бодлогыг хэрэгжүүлнэ, нөгөө талаас орон нутгийн болон холбооны засаг захиргааны хооронд; хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалуудын хооронд үүсч болох зөрчил, маргааныг шийдвэрлэх механизмтай болов. Энэхүү зөвшилцлийн тогтолцоо гэж юу вэ? Нэгдүгээрт, ганц төв банк биш харин төв банкуудын систем бий болов. Энэхүү систем нь нийслэл Вашингтон дахь Захирлуудын зөвлөл болон 12 мужийн нөөцийн банкаас бүрдэнэ. Ингэснээр төв банкийг холбооны засгийн газрын хяналтаас гаргах боломжтой болов. Заавал орон нутаг дахь банкуудыг хамардаг цаад учир нь улс төрөөс хэдийчинээ хол байна төдийчинээ шийдвэр гаргалт нь эдийн засгийн утга агуулгатай байна гэдэгт оршино. Үүгээр зогсохгүй, мөнгө хэвлэж зарлагыг санхүүжүүл гэсэн дарамт багасах эерэг талтай. Харин энэ системийн сул тал нь орон нутгийн банкууд бүс нутагтаа хэт их анхаарах явдал юм. Иймээс улс орны түвшинд бодлогыг зангидах 7 гишүүн бүхий Захирлуудын зөвлөлийг бий болгосон билээ. Ийнхүү бодлогыг 12 мужийн банкны ерөнхийлөгч нар (орон нутгийн эрх ашгийгтөлөөлнө), Захирлуудын зөвлөлийн 7 гишүүн (улс орны эрх ашгийг бүхэлд нь төлөөлнө)тодорхойлдог байна. Хоёрдугаарт, дээрхи 19 бодлого боловсруулагчдыг хэн сонгох вэ? Хэрвээ төв банкны ерөнхийлөгч нар АНУ-ын Ерөнхийлөгч эсвэл Конгрессоос улс төрийн томилгоо авдаг байх юм бол ХНБ бодлогоо бие даан хэрэгжүүлэх боломжгүй болно. Иймд мужийн банкны ерөнхийлөгчийг улс төрөөс бус харин орон нутгийн иргэдийн зүгээс сонгуулийн бус журмаар томилдог байна. Ингэснээр улс төрийн дарамтаас ангид байх бололцоо бүрдэнэ. Сонгуулийн бус журмаар банкны ерөнхийлөгчийг сонгох нэг арга нь эхлээд орон нутгийн банкин дээр захирлуудын зөвлөлийг байгуулах явдал юм. Улмаар, зөвлөл нь банкны ерөнхийлөгчийг тодруулна. Бүс нутгийн эдийн засгийг аль болох бүрэн төлөөлүүлэхийн тулд Зөвлөлийн гишүүдийг эдийн засгийн салбар салбарын төлөөлөгчдөөс бүрдүүлнэ. Ингэснээр банкны ерөнхийлөгчийг улс төрийн буюу бизнесийн лоббигоор бус харин мэргэшил, ур чадварыг харгалзан сонгох боломжтой болох юм. Нөгөө талаас, нэгэнт бодлого боловсруулагч 19 хүний 12 нь улс төрийн томилгоо өвөртлөхгүй тул хариуцлагын асуудал сулрах вий гэсэн болгоомжлол байв. Иймээс Захирлуудын зөвлөлийн 7 гишүүнийг улс төрөөс буюу АНУ-ын Ерөнхийлөгч нэр дэвшүүлснээр Сенат баталгаажуулан томилж байхаар шийджээ. Ийнхүү шийдвэр гаргагч 19 хүнийг сонгох үйл явц ньХНБ-ны хараат бус байдал, хариуцлагыг хангах шаардлагаас үүдэлтэй нь харагдана. Гуравдугаарт, улс төрчид төрийн агентлагуудын төсвийг танана хэмээн сүрдүүлж хүсэл сонирхлоо гүйцэлдүүлэх нь нийтлэг. ХНБ төсвөө хараат бусаар захиран зарцуулдаггүй байсансан бол мужийн банкны ерөнхийлөгч Вашингтоноос хол байгаад ч нэмэргүй, улс төрийн томилгоогүй гэж хэлээд ч нэмэргүй. Учир нь Конгресс төсвийг нь танах замаар өөрийн хүссэн мөнгөний бодлогоо ХНБ-аар хэрэгжүүлэх байв. ХНБ-ны хэтэвчийг нь атгах эрх мэдэл түүний хараат бус байдалд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй мөнгөний нийлүүлэлтийг тогтвортой бага түвшинд байлгах зорилтыг нь хөсөрдүүлэхэд хүргэх байлаа. Чухамхүү үүнээс сэргийлэхийн тулд Конгресс ХНБ-ийг 1913 онд үүсгэн байгуулахдаа төсвийг нь бие даасан байхаар зохицуулжээ. Ийнхүү ХНБ бие даан орлого олох, олсон орлогоо зарцуулах эрхээр хангагджээ. Харин илүүдэл орлогоо Засгийн газарт эргүүлэн тушаах, тайлан тэнцлээ ил тод байлгах үүргийг хуулиар хүлээсэн байдаг. Улс төрийн нөлөөллийг үгүй хийх үүднээс ХНБ-ны тайлан тэнцэл, орлого зарлагын тайланг хөндлөнгийн аудитын байгууллагаар шалгуулдаг байна. Дөрөвдүгээрт, мөнгөний нийлүүлэлтийг хяналтандаа байлгах ХНБ-ны амлалтыг хөөс болгохгүйн тулд Захирлуудын зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацааг 14 жилээр тогтоож, 2 жил тутам нэг гишүүний бүрэн эрх дуусгавар болж байхаар зохицуулалтыг хийжээ. Ингэснээр нэг ерөнхийлөгч Зөвлөлийн бүх гишүүдийг томилох боломжгүй болох юм. Бүрэн эрхийн хугацаа нь хангалттай урт тул Зөвлөлийн гишүүд эргэн томилогдох тухай санаа зовох хэрэггүй болсон ба ингэснээр улс төрөөс хол байх бас нэг боломж бүрдэв. 14 жилийн бүрэн эрхийн хугацаа нь Зөвлөлийн гишүүдийг улам хариуцлагатай болгосон юм. Учир нь өнөөдөр гаргасан шийдвэрийн эцсийн үр дүн гарах цагт тэд энэ албаа хашсан хэвээр байх болно. Ийнхүү бүрэн эрхийн хугацааг уртаар тогтоосон нь амлалтаа биелүүлэхийн төлөө зүтгэх том хөшүүрэг болсон юм. Эцэст нь, аль нэг бүс нутаг буюу эдийн засгийн салбарын эрх ашигт үйлчлэх явдлыг гаргуулахгүйн тулд Холбооны Нөөцийн Банк  үйл ажиллагаагаа Конгрессийн өмнө тайлагнаж байхаар болов. Хараат бус байдалд нь сэв суулгахгүйн тулд Конгресс ХНБ-наас аль болох цөөн тайлбар авахыг эрмэлзэж байв. Иймээс ХНБ Конгрессийн өмнө үйл ажиллагаагаа тодорхой давтамжтайгаар тайлагнахаар болсон бол Конгрессийн зүгээс ХНБ-ны өдөр тутмын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохооргүй болсон билээ. ХНБ-ны тайлагнах энэхүү хэлбэр нь хараат бус байдлыг бэхжүүлэхийн зэрэгцээ ил тод, хариуцлагатай байдлыг давхар бий болгосон юм.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Машины өвлийн хучлага хийж байна./ Хулгайгаас сэргийлнэ. 9517-4824
2012-01-02