Хүн амаасаа хэдэн арав дахин их малтай манай улсын иргэд нэг кг махыг 4000 төгрөгөөр худалдаж авахад хүрээд байна. Махны үнэ хоёрхон долоо хоногийн дотор мянга орчим төгрөгөөр нэмэгджээ. Шалтгаан нь Хятадууд аймгуудаас орж ирэх махыг замаас нь тосч, мөн захын лангуунаас хэдэн мянган тонноор нь өндөр үнээр худалдан авч байгаатай холбоотой юм.
Монголын эдийн засаг хятадуудын гарт орчихлоо. Энэ бол энгийн нэг махны худалдаачны амнаас гарч байгаа үг. Ингэж хэлэх болсон шалтгаан нь монголын махыг хятадууд иргэдийн гар дээр очихоос өмнө замаас нь өндөр үнээр худалдан авч байгаа юм байна. Тэр ч байтугай лангуун дээр худалдаалагдаж байгаа махыг нь хүртэл мөнгөөр зодож хэдэн мянган тонноор нь авч байгаа юм. Энэ дүр төрхийг өдөр бүр Хүчит шонхор болон Нарантуул захаас харж болно гэж жижиглэнгийн наймаачид ярьж байна.
Өнөөдрийн байдлаар зүүн аймгуудаас орж ирэх махны нийлүүлэлтийг хязгаарлаад байгаа. Мэдээж өвөл тэр дундаа хавар махны эрэлт хэрэгцээ өндөр болох нь тодорхой. Тиймээс л энэ байдлыг анзаарсан хятадууд мөнгө хүүлэх аргаа олчихож. Монгол хүн махгүй амьдарч чадахгүй нь мэдээж. Тиймээс л зах зээлийг нь эзэлж өөрсдөөс нь худалдаж авсан махаа өндөр үнээр зарж сэтгэл ханамжийн баталгааг бөөн бөөн мөнгөний хамт олж авах гэж байгаа нь тэр гэж байгаа юм. Биднийг яг сурвалжлагаа бэлдээд явж байх үед хятадуудын махыг базааж өгдөг жижиг оврын ачааны машинтай хүнийг наймаачид зааж өгсөн. Тэрээр шулсан махыг их хэмжээгээр худалдан авч байлаа.
Ингэж их хэмжээгээр мах худалдан авч байгаа шалтгаанаа тэрээр тайлбарлахыг хүсээгүй. Энэ чинь хүний хувийн хэрэг гэх тайлбарыг өгсөн юм. Үүнээс цааш дэлгэрэнгүй мэдээлэл авч чадаагүй. Учир нь тэрээр худалдаагаа зогсоогоод улаан давхихаараа алга болсон юм. Ямартай ч хот руу орох товчоодын цаана хятадуудын бүлэг сүлжээ нийслэд орж ирэх махыг амдан өндөр үнээр худалдан авчихаад байна. Тиймээс л үнэ өсөөд байгаа гэх тайлбартай наймаачид сууж байна.
Ч.Дэлгэрцэцэг
Уншиж байна |