Арбитрын шийдвэр “Дорнод Уран”-д “ногоон гэрэл” асаав уу

Дорнодын ураны тусгай зөвшөөрлийн асуудлаар “Хан ресурс”-тай хийсэн маргаанд Монгол Улс ялагджээ. Олон улсын Арбитрын шүүх энэхүү хэргийг Монгол Улсын Засгийн газар Канадын компанид 100 сая ам.доллар төлөх ёстой гэсэн шийдвэр гаргасан байна.
Өчигдөр юу болов
Арбитрын шүүх энэ хэрэгт “Хан Ресурс”-ыг хохирсон гэж үзэж, Монголын Засгийн газраас 100 сая ам.доллар гаргуулан олгох шийдвэр гаргасан юм. Арбитрын шүүхэд давж заалдана гэсэн ойлголт байхгүй учир энэ бол эцсийн шийдвэр. Тиймээс бид 100 сая ам.долларын өрөнд орсон гэсэн үг. Гэвч Канадын компанийн нэхэмжилсэн 326 сая ам.долларыг хэвээр нь баталсан бол манайд бүр ч илүү хохиролтой байх байсан нь ойлгомжтой. Давж заалдаж удаан явдаггүй, түргэн шийдэгддэг, талуудын аль, аль талынх нь сонирхлыг харгалзан үзэж шийдвэрлэдэг гэдгээрээ давуу талтай байдаг юм. Шүүхийн шйидвэр гарсны дараа “Хан ресурс” компанийн гүйцэтгэх захирал Грант Эдей “Бид шүүхийн шийдвэрт сэтгэл маш хангалуун байна” хэмээн баярлаж байгаагаа илэрхийлсэн.
Харин манай талаас М.Бадрал “Монголын Засгийн газар энэ асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ нэлээд хүнд байх болно” гэжээ. 100 сая ам.доллар гэдэг маш их мөнгө. Бараг 200 тэрбум төгрөг шүү дээ. Гэвч Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай Конвенцид 1959 онд нэгдэж орсон учраас шүүхийн шийдвэрийг Монгол Улс биелүүлж л таарах нь.
Ямар асуудлаас болоод бид 100 саяын төлбөрт уначихав
Хэргийн талаар мэдээлэлгүй байгаа уншигчдад эхлээд товчхон ойлголт өгөх нь зөв болов уу. “Хан ресурс” компани Дорнод аймгийн Гурванбулаг дахь Ураны орд газрын тусгай зөвшөөрлийг 2009 онд өөрийн болгосон бөгөөд мөн онд уг орд дээр үйл ажиллагаа явуулах Монгол, ОХУ-ыг оролцуулсан “Төв Азийн уран” компанийг байгуулсан юм. Хувь эзэмшлийн хувьд Канадын компани 58 хувь буюу дийлэнх хэсгийг эзэмшиж, Монгол, ОХУ тус бүр 21 хувийг эзэмшиж байлаа.
Энэ компани ингээд үйл ажиллагаагаа цааш үргэлжлүүлж болох байсан ч нэг асуудал гарч ирсэн нь Канадын тал ордыг ашиглах бус, өндөр үнээр зарахыг эрмэлзэж байсантай холбоотой байв. Манай талын хүмүүс “Энэ бол залилангийн гэмт хэрэг. Анх ямар ч чадавхигүй компани орж ирээд Монголын төрд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулна гээд түүнийгээ биелүүлээгүй. Ураны ордын ТЭЗҮ-ийг гаргаж, боловсруулна гэж амласнаа ч хэрэгжүүлээгүй” гэж яриад байгаа нь ийм учиртай.
Монголд ураны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан туршлагатай, орд дээр эзэмших хувь хэмжээгээ нэмэгдүүлэх өндөр сонирхолтой байсан АРМЗ тэдэнд хувьцаагаа зарахыг санал болгож, багагүй мөнгө амласныг “Хан ресурс” чамлаж, худалдахаас татгалзсан юм. Энэ үед БНХАУ-ын төрийн өмчит CNNC групп өрсөлдөөнд орж ирсэн бөгөөд АРМЗ-ийн амласнаас илүү мөнгө амласан юм билээ. Канадын компани Оросын талд энэ тухай хэлж, үнээ нэмэхийг санал болгосон бөгөөд энэ маягаар хоёр ч удаа үнээ өсгөсний эцэст БНХАУ-ын компанид зарахаар шийдсэн байдаг. Яг энэ үед Монголын Засгийн газар “Төр өөрийн хөрөнгөөр хайгуулын ажил хийж, нөөц тогтоосон ордын 51 хувийг эзэмших” хуулийн заалтыг баримтлан Канадын компанийн 22, Оросын компанийн долоон хувийг өөрт татан авах шийдвэр гаргаснаар асуудал дэгдсэн билээ.
Улмаар Монголын тал Канадын компаниас лицензээ бүрмөсөн татан авч, өнөөх АРМЗ-тэйгээ хамтран “Дорнод уран” компани /хувь эзэмшил нь хуулийн дагуу буюу Монголын Мон Атом 51, АРМЗ 49 хувь/ байгуулсан билээ.
Монголын тал яагаад ингэх болсон шалтгааныг хоёр үндэслэлээр тайлбарлаж болно. Нэгдүгээрт, “Хан ресурс” хамтарч ажиллах биш зарчихаад хаяж явах далд санааг ойлгосных. Өөрөөр хэлбэл, тэд хөгжиж байгаа орнуудад лиценз олж аваад багахан хэмжээний хөрөнгө оруулж тордсоныхоо дараа зарчихдаг доншуур этгээдүүд болох нь тодорхой болсон. Хоёрдугаарт, “Хан ресурс”-ын шуналаас болж стратегийн онцгой чухал ордод БНХАУ-ын ашиг сонирхол орж ирэх нөхцөл бүрдсэн юм. Монголын төр БНХАУ-ын компаниудтай хамтран ажиллахад ямар ч асуудалгүй, гэвч CNNC төрийн өмчит компани байсан юм. АНУ-ын “Соко ойл” тамсагийн нефтийн ордыг “Петрочайна”-д зарчихсан шиг юм болох шахсан.
Ер нь ч манай төр гуравдагчуудын ашиг сонирхлыг оруулж ирэх гэж ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдээ харьцангуй бага шалгууртайгаар өгдөг, тэд нар нь БНХАУ-ын компанид маш өндөр үнээр зарчихаад гараад явчихдаг байдал үүссэн байсан. Одоо ч байгаа. Тэр байдлын эсрэг Монголын төр нэг удаа шийдвэртэй алхам хийж болиулсан гэж ч болох юм.
Ингээд “Хан ресурс” шүүхдэж эхэлсэн. Эхлээд 326 сая ам.доллар нэхсэн. Арбитрын шүүхэд гомдол гаргахдаа 354 сая болгож нэмсэн. Гэхдээ үнэндээ тэд ордод 354 сая битгий хэл 100 сая ам.долларын хөрөнгө ч оруулаагүй гэж учир мэдэх хүмүүс ярьдаг юм билээ. Арбитрын шүүхийн шийдвэрийг сонсоод баярлаж байгааг үзвэл энэ үнэн байх. Жинхэнээсээ 300 сая ам.доллар оруулаад алдчихсан бол Арбитрын шүүхэд хандах ч үгүй, 100 сая доллар авах болсондоо бараг харамсана биз дээ.
Одоо яах вэ
Хэдийгээр Монголын Засгийн газар 100 сая ам.долларын өрөнд орсон ч “Хан ресурс” гэж “шаврын хаалт”-ыг замаасаа зайлуулж чадлаа. Одоо Мон-Атом АРМЗ-тай хамтарч байгуулсан “Дорнод уран” компани үйл ажиллагаагаа эхлэхэд асуудалгүй гэсэн үг. “Хан ресурс”-т өгөх нөхөн төлбөрийг олон янзаар шийдэж болно.
АРМЗ компанийн гүйцэтгэх захирал асан В.Живов “Хан ресурс” компанитай шүүхдэлцэж байх үед өгсөн нэгэн ярилцлагадаа “Гэрээ ямар ч асуудалгүй, холбогдох дүрэм журмын дагуу байгуулагдсан. Одоо Монголын тал чухам ямар газруудад олборлолт явуулахыг шийдэх ёстой. Монголд асар их нөөцтэй байж болох олон талбай бий. Монголын тал эхлээд өмнөх, хойдох асуудлуудаа шийдэх хэрэгтэй. Бид онцгой зөвшөөрөлд бүрэн хариуцлагатай хандана, мөн үүн шигээ ямар ч асуудал, маргаангүй талбайд ажиллана. Хэрвээ Монголын тал энэ шаардлагыг хүлээж авахгүй бол хамтарсан уурхайн ажил эхлэхгүй” хэмээн мэдэгдсэнийг манай сонин тухайн цагт нь уншигчдад хүргэж байлаа. Одоо тэгвэл манай талд хохиролтой ч гэсэн асуудал шийдэгдчихлээ. Ажил эхлүүлэх талаар ярьж эхлэхэд болно.
Хамтарсан компанийн 51 хувийг манайх, 49 хувийг оросууд эзэмшиж байгаа. Оросуудаас 100 сая ам.доллар гаргуулж шүүхийн шийдвэрийг биелүүлснийхээ дараа ногдол ашгаасаа өрөө төлж болно. Хамгийн боломжийн хувилбар бараг л энэ байх.
Оросуудын хэлсэнчлэн Монголд орд байх магадлалтай илэрцүүд олон бол “Дорнод уран”-ы ирээдүйд эргэлзэх зүйл үгүй. Магадгүй, нэг утгаараа Арбитрын шүүхийн шийдвэр “Дорнод уран” хэмээх хүчирхэг компани хөдлөх, хөгжих боломжийг нээж байгаа ч юм бил үү.
Эх сурвалж: www.mminfo.mnХ.Батсайхан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ