Малжуулахад илүү анхаарахыг сайдаас хүсэв
Хөдөлмөрийн сайд С.Чинзориг энэ удаа Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Өлзийт, Төгрөг, Гучин-Ус суманд ажиллаж, иргэдтэй уулзан, хөдөлмөрийн салбарт төр засгаас барьж буй бодлого шийдвэрийг танилцуулахын хамт тэдний санал бодлыг сонссон юм. Өврийн сайхан хангай нутагт хавар айлчлан ирж, нялх төлийн дуу цангинан, малчин түмэн амсхийх завгүй хөдөлмөрлөх их ажлын цаг эхэлжээ. “Зуншлага сайн байсны ачаар мал тарга тэвээрэг сайтай өвөлтэй золгосон. Өнгөрсөн өвөл зарим газраар цас л ховор байснаас цаг дулаан, зуд турхангүй өнтэй сайхан өнгөрлөө. Одоо төлөө л мэнд авчихвал” хэмээн Өвөрхангайн малчид ам сайтай байна.
Хөдөлмөрийн сайд суманд нь ажиллахаар ирж буйг сонссон малчид хөдөөнөөс хэрэг болгон ирж, нутгийн сайдтай гар зөрүүлэн мэнд мэдэн, төр засгийн бодлого шийдвэрийн талаар чихээ онгойлгоод авъя хэмээн зорьсноо ч өгүүлж байсан. Тэгээд ч тэдэнд С.Чинзориг сайдаас тухайлан асууж тодруулах зүйл чамгүй арвин байгаа нь сумдад хийсэн уулзалт бүрээс тодорхой харагдаж байлаа. Хөдөлмөрийн сайд уулзалтын эхэнд хамтарсан Засгийн газар байгуулагдсанаас хойш хийж хэрэгжүүлсэн ажлыг тайлагнаж, улс орны эдийн засгийн байдлын талаар мэдээлэл өгсөн. Мөн хөдөлмөрийн салбарт цаашид барьж ажиллах бодлогоо ч танилцууллаа.
1
Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг амжилттай хийж, төрийн жинхэнэ албан хаагчдад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийн журмыг шинэчлэн төр зүтгэсэн хүндээ шударга, эрх тэгш хандах зарчмаар асуудлыг шийддэг болсныг дуулгахын хамт хөдөлмөрийн салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулахад онцгойлон анхаарч Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай зэрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж буйгаа тодорхой ярьсан юм. Тэрбээр “Хөдөлмөрийн тухай хуулийг 1998 онд баталснаас хойш жижиг нэмэлт өөрчлөлтүүд оруулснаас томоохон шинэчлэл хийгээгүй. Гэтэл энэ хугацаанд манай улсын эдийн засаг, нийгмийн харилцаа, түүний дотор хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд зарчмын өөрчлөлтүүд гарч, шинэ хандлага, арга хэлбэр нэвтэрсэн. Энэ нөхцөлд эхлээд хууль эрхзүйн орчноо нөхцөл байдалтайгаа уялдуулан шинэчлэх ёстой гэж үзээд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан нь одоо хэлэлцүүлгийн шатанд явж байна. Ингэхдээ нийгмийн зөвшлийн талуудын саналыг тусгасан нэлээд амьдралтай хууль хийхийг хичээж байна. Манай улсын албан бус секторт ажил хөдөлмөр эрхэлдэг иргэдийн 50 гаруй хувийг малчид эзэлдэг. Албан бус сектор учраас хөдөлмөрийн харилцаанд ороогүй гэж үзээд эрх ашиг нь хуулиар зохицуулагддаггүй байсан. Тиймээс малчид маань ажил олгогч болсон буюу туслах малчин ажиллуулж байгаа бол Хөдөлмөрийн хуулийн хүрээнд цалин хөлсийг олгож, энэ хүрээнд гэрээ хийх, харин өөртөө ажлын байр бий болгосон бол Иргэний хуулиар зохицуулагдахаар болж байгаа.
1
Хуулийн төсөлд Үндсэн цалин, хөдөлмөрийн норм, цалин хөлсний зарчимтай холбоотой зохицуулалтыг илүү цэгцтэй болгож, ажилтанд олгох нэмэгдэл хөлс, олговрын доод хэмжээг хуульчлан тогтоож, түүнээс дээш хэмжээгээр олгох асуудлыг ажил олгогчийн эрх хэмжээнд нээлттэй үлдээж байгаа. Мөн туслах малчны цалингийн 30-аас илүүгүй хувийг мөнгөн бус хэлбэрээр төлж болох заалтыг тусгасан. Үүнийг малчин өрхийн үйлдвэрлэлд дарамт учруулахгүйгээр хөдөөд хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд тустайгаас гадна туслах малчид мөнгөн урамшууллаас гадна биет хөрөнгөтэй болох нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа юм” хэмээн ярьсан нь малчдын хувьд шинэ мэдээлэл байлаа.
1
Түүнээс гадна малчдын нийгмийн баталгааг хангахын тулд сайд болохоосоо өмнө санаачлан боловсруулж, УИХ-д өргөн барьсан хуулийнхаа тухай дэлгэрэнгүй танилцуулсан юм. Малчдын дөнгөж 8.5 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Тиймээс тэдний дийлэнх нь өндөр насны тэтгэвэр авах бололцоогүй байгаа учраас малчдын нийгмийн даатгалын төлөөгүй байгаа шимтгэлийг нэг удаа нөхөн төлөх эрхийг нээж өгөх хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн барьсан. Уг хуульд шимтгэл төлсөн нэг жилийг 1.6 жил болгон нэмэгдүүлэн тооцох, малчид орлого олж буй боломжтой үедээ нийгмийн даатгалын шимтгэлээ сар, улирал, жилээр төлж байх эрхтэй байх заалт оруулсныг ч дуулгалаа. Энэ хууль батлагдвал малчдын нийгмийн баталгаа сайжирна гэсэн үг гэдгийг ч онцолсон.
1
Хөдөлмөрийн яамны хувьд цөөн тооны малтай малчдыг малжуулах, тэдний хөдөлмөрийг хөнгөвчлөхөд шаардлагатай багаж тоног төхөөрөмж олгох хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд малчдын нөхөрлөл, хоршоо, бүлгийг дэмжиж, шаардлагатай техник хэрэгслээ лизингээр худалдаж авах, худаг гаргах, хашаа хороо засварлах зэрэгт санхүүгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсныг мэдээллээ. Сайдын мэдээллийг сонссон орон нутгийнхан түүнээс зөвхөн хариуцсан салбар гэлгүйгээр асуулт асууж, санал бодлоо хэлж байв. Тэд “Сонгуулийн хуулийг яаж өөрчлөх гээд байна вэ. Хуучнаараа жижиг тойргоор сонгуулиа явуулж болдоггүй юм уу. Гишүүд бол иргэдийг төртэй холбох гүүр биз дээ. Өнгөрсөн сонгуулиар Өвөрхангайгаас сонгогдсон гишүүдийн барааг харж чадахаа болилоо”, “Хямралд орлоо гэх юм. Байгалийн ийм их баялагтай улс үгүйрч хоосорно гэх байх уу”, “Бид ганц ч хадаас аваагүй. Гэтэл эрх мэдэлтнүүд тав жараар нь барилга байшин авчихсан байна гэх юм. Энийг анхаарч болдоггүй юм уу”, “Улс төрийн нам олон байх нь ард түмнийг хувааж талцуулсан дэмий зүйл юм. Тиймээс намын тоонд хязгаар тавьж болохгүй юу”, “Төрийн томчууд гадны улс оронд айлчиллаа л гэх юм. Тэгж олон явсных нь үр дүн гарч байгаа юм уу”, “Тамхины хууль гаргачихаад Архины тухай хуулийг яагаад одоо болтол гаргахгүй байна вэ. УИХ-д архины бизнестэй гишүүн олон байдаг гэсэн тэднээс шалтгаалаад байгаа юм биш биз” гэхчилэн улс төрийн өндөр идэвхтэй, чамгүй сайн мэдээлэлтэй гэдгээ ч харуулцгааж байв.
1
Мөн малчдыг орон сууцтай болгох бага хувийн хүүтэй зээл олгох боломжийн талаар асууж, малтай хүний амьжиргаа өөр байдаг тул малжуулах тал дээр илүү анхаарч өгөөрэй хэмээн захиж, малчдын залуу халаа тун ч бүрхэг байгааг ярьж хэлж байлаа.С.Чинзориг сайд тэдний асуулт бүрт дэлгэрэнгүй хариулт өгч, цаашдаа хамтраад сум орон нутгийнхаа хөгжлийн төлөө ажиллахад юу хэрэгтэйг ярилцсан. Нутгийн сайд ирж, түмэн олонтойгоо мэнд мэдэхийн хамт төр засгийн бодлого шийдвэрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд Өвөрхангайнхан талархаж байлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ