Татвар там болох вий
Анх 2012 онд АМХЭГ-ын дарга асан Д.Батхуягт СаусГоби Сэндс компанийн удирдлагуудыг “авлига өгсөн байх магадлалтай” гэж сэжиглэн Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн хэрэг яваандаа авлигын хэрэгт холбогдолгүй болох нь тогтоогдож, хэрэгсэхгүй болгожээ. Тэгмэгц "заавал буруутай байж таараа" гэх логикоор Мөрдөн байцаах газар хэргийг хүлээн авч үргэлжлүүлэн, мөрдөхдөө "мөнгө угаасан байж болзошгүй" гэх тайлбар дагалдуулсан байна. Ингээд хоёр жил орчим шалгасан ч бас л нотлогоо дутаж, хэрэгсэхгүй болгосон байдаг. Угаасан гэж сэжиглэсэн мөнгөний хэмжээ нь 6.1 их наяд төгрөг ! Энэ нь хэрэг үүсгэх жилийн Монгол улсын жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгө байв. Нэг компанийн дансаар тухайн улсын жилийн нийт төсвийн хэмжээний мөнгө ороод, угаагдаад гарсан байна гэдэг бол уран зөгнөлт зохиолчид ч гүйцэж, төсөөлөхөөргүй тийм хэмжээний сэтгэмж юм. Ямартай ч мөнгө угаасан гэх асуудлыг хариуцсан мөрдөн байцаагчаас 2013 оны зургадугаар сар, 2014 оны нэгдүгээр сард хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг 2 удаа гаргасны дагуу прокурор хянаад 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хэрэгсэхгүй болгосон ажээ.
Гэвч хэрэг дууссангүй татварын хэрэг болон үргэлжилж, асар их маргаан, үл ойлголцол, уучлал өршөөлийг дамжсаар өнөөдрийг хүрчээ. Энэ хэргийн цаана яг юу нуугдаж байна вэ?
Албаны хүмүүсийн байр суурь
Асуудлыг бодитойгоор шинжлэн судлахын өмнө энэ хэргийн талаар нэр бүхий хүмүүсийн хэлсэн байр суурийг нэхэн санацгаая.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Хууль шүүхийн байгууллага ийм байна, ийм дутагдалтай байна, цагдаж хорьж байна гээд янз бүрийн асуудал байгаа. ... “Өмнийн говийн элс” гээд тэр компанийн улсуудтай холбоотой асуудал гараад байгаа. Монголын өнгөрсөн 25 жилд гарсан хүндрэлтэй асуудлыг шийдэхэд хэцүү байсан асуудлаа бодоод, түүнээсээ сургамж аваад, хуулиа яаж сайжруулах вэ гээд л оруулах ёстой. Зөвхөн тэр “Өмнийн говийн элс” ч биш, УИХ саяхан судалгаа гаргуулж авсан байна лээ. Аж ахуйн нэгжүүд татварын асуудлаар хууль шүүхийн байгууллага дээр асуудалтай байна вэ гэтэл 780 гаруй байсан. Та нар хэдхэн гэж бодож байж магадгүй, гэтэл тэрний 60-70 хувь нь хоёрхон том шүүхийн тойргийн төвшинд асуудалтай байна гэж байгаа. Ийм байгаа нөхцөлд хууль дүрэм, одоогийн шийддэг аргаа л өөрчлөх хэрэгтэй.
... “Өмнийн говь элс” гээд дээр гурван хүн шийтгэгдлээ гэж байна, Тэнд байж боломгүй л юм харагдаад байгаа. Эхлээд 230 гаруй тэрбум төгрөг, тэгснээ 80-аад тэрбум, тэгж байгаад 30 хэдэн тэрбум боллоо л гэнэ. Жирийн хүн бодож байгаа шүү дээ. Татвар гэдэг маш тодорхой томъёотой. Танайх ийм хэмжээний бараа зарсан байна, ийм хэмжээний үйлчилгээ үзүүлсэн юм байна, ийм орлого олсон байна, ийм ашиг гарч байна, ийм хэмжээний татвар ногдох юм байна гээд томъёогоор тооцоод гаргаад л ирнэ. 10 хувийн НӨАТ, 10 хувийн аж ахуй нэгжийн татвар ногдох юм байна гээд тооцоод гаргаад ирдэг тусгай аргатай шүү дээ.
Тэгвэл тэгж хэдэн зуун саяаар дээш доош үсэрч явдаг татварын тооцоо гэж юу байна аа. Хэрэв татварын байцаагч хэдэн зуун сая дотор үсэргэж, хувь хүний үзэмжээр асуудлыг шийддэг хууль байгаа бол хуулиа бид маш хурдан өөрчлөх ёстой. Ингэж өөрсдийн аж ахуйн нэгжийг ч, гадаадын аж ахуйн нэгжийг ч зовоож болохгүй.
... Хүмүүс асуусан байсан. Өмнө нь прокурор хэдхэн цагийн өмнө торгох ял төлөвлөж орж ирсэн бол хэдэн цагийн дараа хорих ял болгон өөрчилж байсан тухай. Тэр хүнд нөлөө орсон бол тэр нөлөөллөө хэлээд,нөлөөлсөн хүнд нь хариуцлага хүлээлгэх ёстой. Эсвэл өөрөө өөрийн итгэл үнэмшлээрээ өөрчилсөн бол өөрөө хариуцлага хүлээх ёстой.
Саусгоби Ресурс компанийн Гүйцэтгэх захирал С.Энх-Амгалан: - Эхлээд 234 тэрбум төгрөгийн тухай ярьж эхэлсэн. Ер нь 2007-2011 оны хооронд манай компани 400 гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийж 100 гаруй тэрбум төгрөгийг татварт төлсөн байдаг. Татварт төлсөн 100 тэрбум дээр яриад байгаа 234 тэрбум төгрөгийг нэмж тооцвол 334 тэрбум төгрөг болно. Энэ нь татварт компанийн нийт орлогын 75%-ийг суутгана гэсэн үг. Ямар нэгэн тооцоололгүй, зохиомол тоо гэдэг нь эндээс тод харагдах болов уу.
Манай компанийн зайлсхийсэн гэх татварын хэмжээ хэд хэдэн удаагийн шинжээчдийн дүгнэлт хийхэд дүгнэлт бүр дээр буурсаар байсан. Нийтдээ 4 удаа шинжээчдийн баг томилогдож ажилласнаас хамгийн сүүлийн баг "35 тэрбум төгрөг" гэх тоог гаргаж ирсэн.
Жирийн хүний нүдээр
Татварын тооцоо огт мэддэггүй, энэ талын ямар ч ойлголтгүй хүний нүдэнд ихээхэн гажигтай тусч байгаа зүйл бол төлүүлэхээр шийдвэрлэж, тогтоосон татварын хэмжээ огцом өөрчлөгдөөд байгаа явдал юм. Анх234 тэрбум төгрөг төлөх ёстой гэж байснаа дараагийн дүгнэлт дээр энэ дүнгээс 85 хувиар буурч 84.9 тэрбум төгрөг болжээ. Эцэст нь 84,9 тэрбумаасаа ч буцаж 59 хувиар доошлуулан 35.3 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн болгож шийдсэн байна. 234 тэрбум - 84,9 тэрбум - 35,3 тэрбум. Энэ гурван дүнг хараад л шууд бууж байгаа эргэлзээ нь " Шинжээч нар яаж бодохоороо 200 тэрбумаар зөрүүтэй тооцоолол хийсэн байж болох вэ?" Орон алдсан гэж тайлбарлах хэцүү. Тэрбум тэрбумаар алдаж тоолоод байвал аж ахуй эрхлэхэд хэцүүхэн л болж таарна. Болсон явдлын учрыг олох гээд элдвийг уншиж судласны эцэст хэд хэдэн эргэлзээтэй зүйл дээр тогтож бичмээр санагдлаа.
Нэгд, шүүх яагаад хөндлөнгийн санхүүгийн аудитийн тайлан, тэр дундаа дэлхийд нэр хүндтэй PWC, KPMG гэх мэтийн дүгнэлтийг хэлэлцэхгүй орхиж байна вэ? Хөрөнгийн биржэд бүртгэлтэй, олон нийтэд нээлттэй компаниуд хөрөнгө санхүүгийн урсгалыг маш сайн хянаж, хууль зөрчсөн зүйл байгаа эсэхийг зориуд ,шалгуулж аудитын дүгнэлт хийлгэдэг. PWC, KPMG удаа дараа аудитын шалгалт хийхдээ татвараас зайлхийсэн тохиолдлыг илрүүлж байгаагүй юм байна. Гэтэл шүүх тэдний дүгнэлтэд итгэхгүй гээд өөрсдөө шинжээчдийн баг томилсон байх юм. Хуулиараа Мөрдөн байцаах газар, прокурор татварын шалгалт хийх, дүгнэлт гаргах эрх бүхий субъект биш аж. Логикоор хөөж үзэхэд тэдний томилсон шинжээч нь хөндлөнгийн болж чадахгүй юм. Хэргийн нэхэмжлэгч талын томилсон, төрийн албан хаагчид ямар ч тохиолдолд бие даасан, хөндлөнгийн шинжээчийн хэмжээний дүгнэлт гаргах боломжгүй. Тэд өөрсдийгөө томилсон субъектийн үзэмж, сонирхолд нийцсэн шийдвэрийг, хөндлөнгийн бус нөхцөл байдалд гаргах нь тодорхой.
Хоёрт, шүүх Татварын маргаан таслах зөвлөлд яагаад хандсангүй вэ? Маргаан таслах зөвлөл дээр асуудал шийдвэрлэгдэхгүй бол Захиргааны хэргийн шүүхэд хандах боломж ч нээлттэй. Татварын хэрэгт баримтлах гол эрх зүйн акт бол Татварын улсын байцаагчийн шалгалтын дүгнэлт байх ёстой. Тэр актыг үндэслэж татварын маргааныг өрнүүлдэг байхад СаусГоби сэндс компани дээр татварын шалгалт огт хийгдээгүй. Тэр ч битгий хэл татварын шалгалт оруулах хүсэлтийг нь хүлээж аваагүй байна. Татварын албаныхан тэдний хүсэлтэд “Мөрдөн байцаалт хийгдэж байгаа учраас татварын шалгалт хийхгүй” гэсэн хариу өгсөн нь хачирхалтай. Хуулиараа Мөрдөн байцаалт хийж байгаа үед татварын шалгалт хийж болохгүй гэсэн зохицуулалт байхгүй юм байна. Цагдаа, татварын алба хоёр бол хоорондоо шууд хамааралгүйгээр тус тусын ажлыг хийх бүрэн бололцоотой субъектууд билээ. СаусГоби Сэндс компани 2011 онд Үндэсний татварын ерөнхий газарт хандан татварын шалгалт хийлгэх хүсэлтээ ирүүлсэн гэдгийг ҮТЕГ-ын удирдлагууд нотлосон байна. 2012 онд Ттатварын иж бүрэн шалгалт хийх байгууллагын жагсаалтад ч СаусГоби Сэндс компани орсон байж. Гэтэл мөрдөн байцаалт хийж байгаа гэх шалтгаанаар татварын зөрчилтэй эсэхийг тогтоох боломжийг ҮТЕГ-т олгосонгүй.
Гуравт, америк долларын ханшийн хөдөлгөөнийг татварт тооцох аргачлал тодорхойгүй байдаг шиг болж таарч байна. Нээлттэй зах зээлд шилжээд 25 жил болж байгаа нийгэмд ажиллаж буй мэргэшсэн санхүүгийн шинжээч одоо болтол ханшийн зөрүүг тооцох чадваргүй байгаа юм уу гэж ойлгогдохоор байдал ажиглагдаад байх юм.
Ам.доллар, юань зэрэг гадаад валютаар авсан зээлээ хөрөнгө оруулалт болгон хөрвүүлээд, баланс дээрээ төгрөгөөр бичих нь монгол улсын хуулийн дагуух шаардлага юм. Жилийн эцсээр зээл, бусад өглөгөө ам.долларын ханшийн өсөлттэй хамааруулан өсгөж бичих нь зүй. Энэ бол захын хүний л ойлгох энгийн тооцоо баймаар. Гэтэл шинжээч нар ийм үйлдлийг "хуурамчаар өглөгөө өсгөх" хэмээн үзэж байгаа юм байна. Засгийн газар Чингис бондоор авсан долларын зээлээ эргүүлэн төлөхдөө анх авч байсан үеийн ханшаар тооцоо хийхгүй нь ойлгомжтой. Тухайн үед долларын ханш яаж өссөн байна тэр хэмжээгээр төгрөгийн хэмжээ өсч харагдах нь мэдээж шүү дээ.
Дөрөвт, гэнэтийн осол давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр сүйдсэн эд хөрөнгө болон бэлэн мөнгөн хандив,тусламжаар олгосон бараа, үйлчилгээний дүнд татвар хэрхэн тооцох талаар одоо болтол нэгдсэн журам, ойлголт байдаггүй бололтой юм. СаусГоби Сэндс компанийн 17 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх экскаватор шатжээ. Үүнээс гадна орон нутгийн сургууль, цэцэрлэг, малчдад тусламж, хандиваар өгсөн өвс, нүүрсний үнийн дүн 1.5 тэрбум төгрөг болж. Гэтэл тэдгээрийг бусдад бараа, бүтээгдэхүүн үнэ төлбөргүй шилжүүлж татвараас зугтаасан гэж үзээд буруутгах нэг үндэслэлээ болгосон байх юм. Уг нь АТГ шатсан экскаваторыг газар дээр үзээд лацдаад орхисон аж. Лацдчихсан болохоор хөдөлгөх, холдуулах боломжгүй, зарах, ашиглах бүр ч боломжгүй байдалтай. Гэтэл шатсан экскаваторын үнийн дүнд НӨАТ ногдуулж, төлөөгүй гэж буруутгасан ч байх шиг. Бас элэгдэлд орж балансаас хасагдсан дугуйнуудын татвар гэж зүйлийг гаргаж ирсэн ч байна. Жирийн би үүнээс юу ойлгох вэ гэхээр бид унаж яваа машиныхаа элэгдээд хаягдаж байгаа дугуйны татвар гэж төлөх ёстой юм болов уу гэж.
Татварыг там болгосон юм биш байгаа?
Энэ бүхний дараа өөрийн бодол, надад төрж байгаа айдсыг хуваалцахад татвар тооцох аргачлалд маш олон ойлгомжгүй, тодорхойгүй зүйлс байгаа юм байна. Эдгээр нь хэн нэгнийг үзэмжээрээ, хувийн хандлагаараа буруутгах, шийтгэх үндэслэл болдог байж мэдэхээр юм байна. Энэ ганц надад ч бус олон хүнд айдас, түгшүүр төрүүлж буйг дараах мэдэгдлүүдээс харж болно.
УИХ-ын гишүүн асан Г.Занданшатар: - Зөвхөн гадныхан ч гэлтгүй, монголдоо ажиллаж амьдрах гэж хэр хэрэндээ зүтгэж яваа хүмүүсийг авилга, татвар гэх нэрийн дор хэрэг үүсгээд, нотлогдоогүй шалгагдаж байхад нь улс орон даяар хэрэгтэн мэтээр цоллож зарлаж байдгийг бид сайн мэднэ. Харин орчин үеийн энэ хэлмэгдүүлэлтийн сүүдэрт хичнээн олон аавын хүү, ээжийн охин нэр хүнд, ажил хөдөлмөр, амьдралаараа тоглуулж байгааг бид мэдэхгүй. Баялаг бүтээгчдийг барьж, хорьж, шийтгэж байгаа явдал нь манай нийгмийн гол эмгэнэл болоод байна.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Мөнгөтэй, уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг компанитай хүмүүсийг зориуд онилдог. Тэгээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр захиалгатайгаар хувь хүний болон гэр бүл, бизнесийн нэр хүндийг нь юу ч үгүй болтол “булшилж” байгаад хорих ял оноодог үзэгдэл байна. Олон нийт ч хэвлэл мэдээллээр явуулсан тархи угаалтад итгэж “Өө, энэ нөхөр нөгөө л хэргээрээ ял сонсчихож” гэдэг. Ийм байдал бүр нийгмийн сөрөг үзэгдэл болтлоо гарлаа. Жишээ нь хэргийг чинь шийдэж өгье 100 сая төгрөг өг гэж нэг хүнээс нэхсэн байсан
УИХ-ын гишүүн Лу.Болд: Хөрөнгө оруулагчдыг ороод ир гэж оруулж ирчихээд паспортыг нь хураагаад авчихдаг, хааш нь ч гаргадаггүй, хорьдог цагддаг улс руу хэн орж ирэх вэ? Монгол улс шорон улс боллоо.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар: СаусГоби Сэндс компани олон нийтийн бирж дээр гарсан компани. Цалингаа аваад ажиллаж байгаа гүйцэтгэх захирал татвараас санаатайгаар зугтах логик байхгүй. Хэдэн мянган хүн хувьцааг нь эзэмшиж байгаа компанийг төлөөлж буй хүн татвараас зугтаагаад дундаас нь мөнгө зувчууллаа гэж бодоход тэр гүйцэтгэх захиралд нэг ч төгрөгийн ашиг өгөхгүй. Ашиггүй зүйлийн төлөө тэр хүн яах гэж ийм үйлдэл хийх юм. Энэ мэт асуудалд болгоомжтой хандах ёстой.
Халдашгүй эрх бүхий УИХ-ын гишүүдэд төрж буй айдас жирийн иргэнд бол бүр ч хүчтэй бууж ирэх нь тодорхой. Энэ айдсыг хүчирхэгжүүлж байгаа зүйл нь шүүхийн шийдвэр гаргах явц болж байна. СаусГоби Сэндс компанид холбогдох хэрэг дээр гэхэд Прокурор анх торгох ял оноох саналтай байсан атлаа ялын саналаа сүүлийн мөчид өөрчилж, хорих шийдвэр болгосон байна. Хуулиараа ялын санал өмгөөлөгчид эрт тодорхой болж, шүүх хурал дээр тэр саналыг нь үгүйсгэж, мэтгэлцэх зарчимтай ажээ. Шүүх хурал хуулийн дагуу явж чаддаг уу гэсэн эргэлзээ ч төрж байна.
Татвар нь нийгмийн сайн сайханд үйлчилж, бизнес эрхлэгчдээс нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх үндсэн арга нь болж төсвөө бүрдүүлж, түмэн олноо тэтгэхэд тус нэмэр болж байх учиртай санаачилсан зүйл байх. Гэтэл одоо татвартай холбоотой олон тодорхойгүй, ойлгомжгүй зүйлс байгаагаас монголын бизнес орчинд татвар төлөх нь там болон хувирах дөхжээ.
Г.МӨНГӨНЧИМЭГ
Эх сурвалж: Тойм сэтгүүл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ